АНУ-д үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай бүтээгдэхүүн, зарим технологийг Вашингтон Хонконгод нийлүүлэхгүй байхаар шийдсэнийг Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нь твиттер хуудсаараа уламжиллаа. “Бээжин Хонконгод “Нэг улс, нэг систем” зарчмаар хандвал бид ч мөн адил алхам хийх ёстой” гэж тэрбээр бичжээ. Төрийн департаментын хэвлэлийн албаны мэдэгдлээс үзвэл үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс АНУ ийм алхам хийхэд хүрсэн бөгөөд Хонконгод нийлүүлсэн бүтээгдэхүүн Хятадын ардын чөлөөлөх армийн мэдлийнх болно хэмээн болгоомжилсон аж.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЖЭЭ
Үүний өмнө БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсныг “South China morning post” сонин мэдээлсэн юм. Эл баримт бичиг өнөөдрөөс буюу Хонконг Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг Хятадын парламентын байнгын хорооны 162 гишүүн бүгд санал нэгтэй баталжээ. Үүнд салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлээс сэргийлэх, ийм үйлдэлд хариуцлага тооцоход чиглэсэн байна. Ноцтой зөрчил гаргасан этгээдэд насаар нь хорих ял оноох заалт оруулсныг эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Хуулийн төслийг баталснаар өнгөрсөн оны зургаагаас арваннэгдүгээр сар хүртэл эмх замбараагүй байдал үүсгэж, Хонконгийн эдийн засагт хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломж Хятадын эрх баригчдад нээгджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зам хаасан, хүчирхийлэл үйлдсэн, галдан шатааж, эвдэн сүйтгэсэн хэрэг үйлдсэн хэмээн 9000 гаруй хүнийг цагдаагийнхан баривчилсан юм. Хонконгийн оршин суугчид төдийгүй Өрнөдийн орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуульд Хятадын төв Засгийн газрын харьяа тусгай хүчний бүтцийг тус бүс нутагт байгуулахаар тусгажээ. Үүнийг Хятадын Нийгмийг аюулаас хамгаалахын орлогч сайд нарын нэг удирдана. Хятадын эл санаачилгыг Хонконгийн өөртөө засах эрхийг зөрчсөн хэрэг хэмээн Цагаан ордон үзэж, хориг арга хэмжээ авахаа амлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжингийн үйлдлийн хариуд Хонконгийн эдэлж байсан бүх хөнгөлөлтийг цуцлах үйл явцыг эхлүүлсэн байна.
СИ ЗИНЬПИНИЙ АЙЛЧЛАЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний Японд хийх айлчлалын тухай тохиролцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай Батлан хамгаалахын сайд Таро Коно нь Токиод хийсэн хэвлэлийн хурлын үеэр анхааруулжээ. Үүнээс өмнө Японы Засгийн газар хоёр орны харилцааны шинэ эринийг нээнэ хэмээн Хятадын удирдагчийн айлчлалд идэвхийлэн бэлтгэж байсан билээ. Си Зиньпин өнгөрсөн дөрөвдүгээр сард Японд айлчлахаар төлөвлөсөн боловч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Үүний дараа Токио эл үйл явдалд бэлтгэх сонирхол нь эрс буурч, Хонконгийн байдлын талаарх Бээжингийн хандлагад Японы Засгийн газар сэтгэл дундуур байгаа зэрэг шалтгааны улмаас айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг “Kyodo” агентлаг уламжилжээ.