Арсланг араатны хаан гэж өргөмжлөх болсон нь “Дисней” студийн хүүхэлдэйн кинотой холбоотой гэдэг. Гэхдээ бодит байдалд арслангуудын дунд үнэхээр хаан байдаг бөгөөд энэ нь эрэгчин бүрт тохиох хувь заяа биш гэнэ. Судлаачдын тэмдэглэснээр, арслангуудын 10 орчим хувьд нь тийнхүү бахархалтай амьдрах хувьтай аж. Үлдсэн 90 хувь нь өөрийн гэсэн эзэмшил газар нутаггүй, тэнүүчлэн амьдрахаас гадна үржлийн үед ч эрслэнд тоогдохгүй. Өөрөөр хэлбэл, ёстой л “гээгдсэн” амьтан юм. Ийм хувьтай арслангуудад амьд үлдэх боломж маш бага. Учир нь том биет “муурнуудын” хувьд эмэгчин буюу эрслэнгүүд л ан хийдэг. Ийнхүү тэнүүчлэх эрэгчингүүдийн дунд ижил хүйстний “явдал” бий болох нь түгээмэл гэдгийг судлаачид ажиглалтаараа баталсан гэнэ. Гэхдээ эл тавилантайгаа эвлэрлэхгүй, хаан “суудлын” төлөө шаргуу тэмцдэг цөөнх гэж бий. Тэдгээр амьтан хуримын улирлаар эрслэнгүүдийг эргүүлэх ороллого хийж байгаад ихэнхдээ сүргийн манлайд тасдуулдаг гэнэ.
Харин хаан заяат буюу 10 хувийн цөөнх эрэгчний хувьд бэлэн хоол “буудчихаад”, өдрийн 15-20 цагийг унтаж өнгөрүүлнэ. Африкийн арслангуудын “хаант улс” доторх нийгмийн бүтэц тун сонирхолтой. Альфа эрэгчин буюу хаан нь сүрэг хураах эрхээ бүрэн эдэлж, ганцаараа бүх эрслэнгээ эзэмшинэ. Нас, бие гүйцээгүй эмэгчин бамбарууд хүртэл түүний ирээдүйн “эхнэр”. Гэхдээ мэдээж, өлсгөлөн, өвчин, цаг уурын хүнд нөхцөлийг давж, амьд үлдвэл шүү дээ. Бамбаруудын 20 гаруй хувь нь л амьдарч чаддаг гэсэн судалгаа бий. Энэ мэтээр үрэгдсээр 2-3 жилийн дараа нас, бие гүйцэх бөгөөд ийнхүү шалгаран үлдэгсдийнх нь хувьд эрэгчин бол хаан болох магадлал тун бага гэхээр үнэндээ сүр, хүчний бэлгэдэл мэт харагдах арслан хэмээх амьтны амьдрал хөөрхий юм. Эмэгчингийн хувьд ямартай ч сүрэгтээ үлдэнэ. Аавынхаа хоолыг бэлдэх гол ачааг үүрдэг тэдгээр амьтны хувьд бас л өрөвдөлтэй.
Харин эрийн цээнд хүрсэн хүүгээ аав нь сүргээсээ хөөж, бие даалгах тохиолдол элбэг. Хаан яагаад өв залгамжлагчдаа тийм харгис ханддаг юм бол. Энэ талаар судлаачид “Сүргийн манлай аав эрх мэдлээ хуваалцахыг, мөн хожим “төрийн эргэлт” гаргуулахгүйн тулд насанд хүрсэн эрэгчин үрээ хөөж явуулдаг. Хэрэв тэр сэрэмжтэй байдлаа алдах л юм бол “хан хөвгүүд” нэгдэж түүнийг түлхэн унагах төдийгүй ална” гэж тайлбарлажээ.
Өөр нэг сонирхолтой зүйл нь, аавдаа хөөгдсөн залуу эрэгчингүүд зүгээр л яваад өгөхгүй. Ихэвчлэн 2-3-уул нийлж, сүргийн эрх мэдлийг авах оролдлого нэг удаа заавал хийдэг гэнэ. Эл тэмцэл ихэнхдээ аавын ялалтаар төгсдөг юм байна. Зарим нь үхэж, үлдсэн нь өнөөх золгүй 90 хувийн нэг болно. Зарим тохиолдолд хунтайж нарын ялалтаар төгсдөг эл тэмцэлд тэд мөн л хааны суудлын төлөө нэхийгээ уралцана. Ингээд хамгийн хүчтэй нь азтай 10 хувийн амьдралыг атгана. Амьтдын хаан арслангийн амьдралын түүх энэ л замаар хөвөрдөг аж.
Сонирхуулахад, эрслэн эрэгчнээ хөөх, алах тохиолдол байгальд болон амьтны хүрээлэнд бараг байдаггүй. Харин 2018 онд Америкийн Индианаполийн амьтны хүрээлэнд ийм нэгэн явдал болжээ. Судлаачдын онцолсноор, энэ нь одоогоор бүртгэгдсэн ганц тохиолдол юм. ВВС-гийн сурвалжлах багийнхан, шинжээчдийн хамт эл үйл явдлыг “мөшгөсөн” байна.
Тус хүрээлэнгийнхэн Найк нэртэй эрэгчин арслангийн үхлийн талаар цахим хуудсаараа мэдээлжээ. Гэхдээ үхлийн шалтгааныг нуусан нь судлаач, хэвлэлийнхний анхаарлыг гойд татсан гэнэ.
10 наслахдаа Найк эрслэн Зуритэйгээ найман жилийг хамт үдэж, гурван бамбартай болжээ. Амьтны хүрээлэнгийнхний ярьснаар, гэр бүлийн хоёр эвтэй байсан. Гэтэл нэг өдөр Зури эрэгчнийхээ гүрээнээс тас зуучихсан байхыг харсан сургагч, хамгаалагч нар азаар салгаж чаджээ. Найк зугтсан ч удалгүй эрслэнгийнхээ хажууд очиж, тун ноомой байжээ. Шинжээчдийн өгүүлснээр, эрэгчин ямар нэгэн байдлаар гаргасан алдаагаа ойлгож, уучлалт хүссэн ч Зури өршөөхийг хүсээгүй учир дахин багалзуураас нь зуусан гэнэ. Тэднийг салгах удаах оролдлого бүтэлгүйтжээ.
ВВС-гийн сурвалжлагчийн асуултад Миннесотагийн их сургуулийн профессор Крейг Пэкер болон зэрлэг муур хамгаалах “Panthera” холбооны захирал Пол Фунстон нар “Эрэгчингүүд л эрслэнгийн төлөө тулалдаж, нэгнийгээ хөнөөдөг, нутаг дэвсгэрээсээ хөөдөг. Өөрийн эзэмшлийг хамгаалж бусдын бамбаруудыг ч хөнөөдөг. Бас өөрөөс нь татгалзсан эрслэнг ч өршөөхгүй алдаг. Харин эрслэнгүүд бамбаруудаа хамгаалан эрэгчингүүдийг нутгаасаа хөөх нь элбэг. Гэхдээ амийг нь тасалсан тохиолдлыг бид мэдэхгүй. Найк, Зури хоёрын хувьд амьтны хүрээлэнд стрессдсэн нь ийм байдалд хүргэсэн байх. Судлаачдын өгүүлснээр, Зури онгон байгаль дахь эмэгчингүүдээс арай өөр буюу илүү давамгайлсан эрхтэй байсан. Найк түүнээс жингээр бага, дуулгавартай арслан байсан ч бамбартаа муухай аашилсан нь Зуригийн тэвчээрийг барсан байх магадлалтай” гэсэн байна. Үүнээс үүдэн хүний эрхшээлд байгаа зэрлэг амьтдын байгалийн зөн нь өөрчлөгдөж, бидэнтэй адил аашилдгийг үгүйсгэхгүй гэдгийг тэд дурджээ.
Ташрамд өгүүлэхэд, арслан (рanthera leo) бол муурын овгийнх. Овор, жингийн хувьд эл овгийн хамгийн том амьтан бартай эн тэнцүүд тооцогдоно. Эрэгчин нь 250 хүртэл кг жин татдаг байна. 1970 онд Британийн амьтны хүрээлэнгийн Симба нэртэй эрэгчин арслан 375 кг жинтэй байсныг тэмдэглэжээ.
Байгальд 10-14, амьтны хүрээлэнд харьцангуй урт буюу 20 гаруй насалдаг, “Дэлхийн Улаан ном”-ны эмзэг зүйлд багтсан арслангийн тоо толгой сүүлийн 20 жилийн хугацаанд Африкт 50 хүртэл хувь буурчээ. Үүний шалтгааныг хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан байна. Олон жилийн өмнөх судалгаагаар арслангийн 12 зүйл бүртгэгдсэнээс хамгийн том нь Берберийнх байв. Мөхсөн амьтдын жагсаалтад орсон эл амьтны эрлийз цөөхөн зүйл нь дэлхийн зарим амьтны хүрээлэнд бий аж. Өдгөө арслангийн найман зүйл байгаагийн ихэнх нь Африкт амьдардаг. Үүнээс гадна бартай эрлийзжүүлэн гарган авсан лигр, үчимбэр (леопард)-тэй нийлүүлсэн леопон, ягуар буюу цоохор ирвэстэй “хольсон” ягулев гэсэн амьтад бий.
Эрслэн дунджаар 110 өдөр тээсний эцэст 1-4 бамбар гаргана. 1.2-2 кг жинтэй төрсөн бамбаруудын нүд долоо хоногийн дараа нээгддэг бөгөөд 21 хоноод алхаж эхэлдэг аж. Эх нь үр төлийнхөө аюулгүй байдлыг хамгаалж, байршлаа сардаа хэд хэдэн удаа сольж, зөөдөг байна. Төрөх нь дөхөхөд сүргээсээ холдсон эрслэн бамбаруудыг 6-8 долоо хоног болсны дараа буюу харьцангуй бие даасан үед нь эргэн очно.
Арслангуудын хамгийн гол дайсан нь шимэгчид. Шимэгчид “гар” хүрэхгүй газарт нь наалдаж, биед нь нэвтэрч, туйлдуулан үхэлд хүргэх нь элбэг гэнэ.
Бэлтгэсэн: Э.Хана