Хятадын эрх баригчид ойрын хугацаанд батлахаар төлөвлөж буй, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуульд ноцтой зөрчил гаргасан этгээдэд бүх насаар нь хорих ял шийтгэж магадгүй тухай “Standard” сонинд бичжээ. Тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Улс төрийн товчооны бүрэлдэхүүн дэх Хонконгийн гишүүн Тань Яоцзун “Шийтгэлийн дээд хэмжээг 10 жил хорих ял байхаар тусгаж магадгүй” хэмээн долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан юм. “Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь ноцтой гэмт хэрэг. Шийтгэлийг 10 жил хорих ялаар хязгаарлах ёсгүй” гэж парламентын гишүүн Юэ Гоцянь хэлснийг “Standard” эш татжээ. Тэрбээр уг хуулийн төслийг хэлэлцэх хуралдаанд оролцож буй Хонконгийн 10 ажиглагчийн нэг аж. Төсөл хэлэлцэгчид олон улсын жишгийн дагуу шийтгэлийг бүх насаар нь хорих ял болгон чангатгахаар зөвшилцөж, Хонконгод олныг хамарсан эмх замбараагүй байдалд оролцогчдыг 10 хүртэл жил хорих заалт оруулахаар төлөвлөж буй гэнэ.
Хууль, эрх зүйн уг баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрөгч ням гарагт эхлүүлсэн. Британийн колони байсан тус бүс нутаг Хятадын харьяанд шилжсэний 23 жилийн ойн өмнө буюу өнөөдөр уг хуулийг батлах бололтой. Хууль, эрх зүйн эл баримт бичиг нь Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдэлд халдах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах зэрэг үйлдлээс сэргийлэхэд чиглэжээ. Ингэснээр өнгөрсөн оны зургаагаас арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд засаг захиргааны тусгай бүс нутгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулсан, эмх замбараагүй олон хэрэг явдлын шалтгаан болсон хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг Хятадын эрх баригчид таслан зогсоох боломжтой болох аж.
Хонконгийн нутаг дэвсгэрт төв Засгийн газарт захирагдах хүчний тусгай байгууллага бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Эл хүчнийг БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын орлогч сайд нарын нэг удирдахыг “Standard” сонины эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тус бүс нутгийн эх газрын хэсэгт өнгөрөгч ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан 53 хүн, тэдний дотор 41 эрэгтэй, 12 эмэгтэйг баривчилсныг хууль сахиулах байгууллагынх нь хэвлэлийн албанаас уламжлав. Залуучууд голдуу жагсагчид Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн Монконг дүүрэгт цуглаж, улмаар хэв журам сахиулагчдын удаа дараагийн сануулгыг үл хайхарчээ. Тиймээс жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий ашигласан гэнэ. Жагсаал ерөнхийдөө тайван болж, эмх замбараагүй байдал дэгдээгүй аж.
Хонконгод хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хууль батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан. Хэдийгээр хуулийн төслийг Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эгүүлэн татсан ч сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал арваннэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжилж, зам хаах, галдан шатаах, эвдэн сүйтгэх зэрэг эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Ийм үймээн самуунаас цаашид сэргийлэхийн тулд Хятадын эрх баригчид засаг захиргааныхаа онцгой энэ бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг тавдугаар сарын сүүлчээр санаачилсан билээ.