Испани Улсын Барселон хотын “Лицей” дуурийн театраас “Ургамал, цэцэгт концерт тоглож өгөх” нь нэрийн доор сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулжээ. Төслийн зорилго нь уран бүтээлчдийн хувьд үзэгч ямар чухал болохыг олныг нуршилгүй илэрхийлэх, мөн хүн төрөлхтний өнөөгийн байдлыг илтгэх зорилготой аж. Санаачлагчид үзэгчдийн танхимын суудал бүр дээр таримал ургамал, цэцэг байршуулсан байна. Хөгжимчид сонгодог бүтээлүүд тоглож дуусах бүрийд танхимд хэн ч алга ташихгүй, гагцхүү нам гүм ноёлж, өнөөх таримал ургамлууд юу ч “сонссон” шинжгүй урьдын янзаараа байж байх нь гунигтай байжээ. Тоглолтын дараа ургамал, цэцгүүдийг шинэ коронавирустэй өдөр, шөнөгүй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад бэлэглэсэн аж.
Бэлтгэсэн: Р.Жаргал