Алма-Атагийн ойролцоо нэгэн лаборатори нээж байгаа нь
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын шилдэг лабораториудын нэгт АНУ-аас ирж ажиллаж байсан цэргийн биологичдыг халж буйгаа зургадугаар сарын эхээр мэдэгдэв. Пентагоны энэ мэргэжилтнүүд Дундад Азид тахал, боом, халуун хижиг болон янз бүрийн титэмт вирус зэрэг аюулт халдварыг 10 гаруй жил судалсан нь хөрш улсуудыг нь түгшээдэг байжээ. Тиймээс Москва, Бээжингийн зүгээс үзүүлсэн шахалтын улмаас Казахстаны Төрийн тэргүүн дээрх шийдвэрийг гаргасан байна. Америкийн шинэ лабораториуд энэ бүс нутагт нээгдсэнтэй халдварт өвчний дэгдэлт давхцаж байгаа нь сэтгэл түгшээх шалтгаан болж буй. Тус бүс нутагт хийж буй судалгаагаа Пентагон зогсооход Казахстаны Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлт хангалттай алхам биш юм. Америкийн нууц лабораториуд Дундад Азид хэрхэн бий болсон, яагаад түүнд чухам одоо анхаарал хандуулж байгаа талаар өгүүлье.
Америкийн Батлан хамгаалах департаментын Аюулыг зайлуулах агентлаг Казахстанд биологийн лабораторийн сүлжээ бий болгоход 400, Узбекистанд 165 сая ам.доллар зарцуулсан байна. Ийм зардал гаргасан нь цэвэр шинжлэх ухааны ашиг сонирхлоос нь үүдэлтэй биш юм. Удаан хугацаанд Зөвлөлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хуримтлуулсан вирусийн архив, цуглуулгыг авч гарахыг америкчууд 2000-аад оноос эрмэлзэх болсон байна. Харин хожим Аюулыг зайлуулах агентлаг бие даан биологийн судалгаа хийх болжээ. Энэ ажлыг хэдийгээр цэргийнхэн хийдэг ч цэрэг дайны гэхээр нууц түүнд тун бага. Цэрэг дайны төсөл дээр ажиллаж буй эрдэмтэд ч өөрийн судалгааны ажлын талаар сурталчилж байх үүрэг хүлээдгээс Казахстан дахь америк эрдэмтдийн үйл ажиллагааны тухайд түүнээс нь тодорхой ойлголт авч болдог.
Нээлттэй эх сурвалжид мэдээлснээр бол сүүлийн найман жилд Казахстанд АНУ-ын армийн захиалгаар 28 төсөл хэрэгжүүлжээ. Төв Азид хийж буй ажлын гол чиглэл нь тус бүс нутагт элбэг тохиолддог хүний амь насанд аюултай өвчин, амьтнаар дамжин түүний тархах арга замуудыг судлах явдал аж. Судалгааны объектууд дотор тарваган тахал, боом, бруцеллёз болон титэмт вирус орох бөгөөд эдгээрийг тээгч амьтан, хорхойг судалдаг болохоор хээр хөдөө их ажилладаг байна. Цуглуулсан микробтоо анхан шатны судалгаа хийгээд НАТО-гийн гишүүн орнуудын судалгааны төвүүд рүү зөөнө.
Гадаадын мэргэжилтнүүд аюулт халдварт вируст хайхрамжгүй хандаад байна уу гэх анхны сэжиг 2007 онд төрсөн байна. Тэр үед Ташкентын вирус судлалын хүрээлэнд Америкийн лаборатори нээгдэж, тэнд Узбекистан, Казахстаны бруцеллёзыг судлах болжээ. Гэтэл дараа жилээс нь л тус бүс нутагт энэ өвчин эрс нэмэгдэж, боом ч гарах болов.
2013 онд Андижан, Ферганд Америкийн лаборатори байгуулсны дараа Узбекистанд бруцеллёз өвчний дараагийн дэгдэлт бий боллоо. Мөн онд Казахстанд конго-крымийн чичрэг өвчнийг “КZ-29” төслийн хүрээнд АНУ-ын Тэнгисийн цэргийн флот, Британийн Порт-Дауны мэргэжилтнүүд хамтран судалж эхэлжээ. Үүнээс хойш нэг жил ч өнгөрөөгүй байхад Казахстаны өмнөд нутагт хачгаар халдварладаг чичрэг өвчин дүрсхийн дэгджээ. Бас “Олон нийтийн эрүүл мэндийн Ричард Лугарын нэрэмжит судалгааны төв” нэрээр олон түмэн мэдэх болсон Америкийн бас нэг лаборатори байдаг Гүржийн нутагт мөн чичрэг өвчин тархсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам 2017 оноос энэ лабораторийн талаар мэдээлэл олж авах гэж оролдож байв. АНУ тэнд хүмүүс дээр нууцаар туршилт хийж байж болзошгүй гэж Гүржийн Аюулаас хамгаалахын сайд асан Игорь Гиоргазе 2018 онд мэдэгдэж байлаа.
Бас нэг баримт өгүүлье. “KZ-33” төслийн хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах департамент 2017 онд Казахстанд сарьсан багваахайн титэмт вирусийг тархаах судалгаа хийжээ. Тэгээд халдвар авсан амьтныг эхний агуйгаас олсон байна. Амьтнаар тээвэрлэгдэж халдварладаг боом, чичрэг, бруцеллёз зэрэг өвчин Казахстанд элбэг тохиолддог юм байна. Дундад Азид лабораториудынхаа явуулж буй үйл ажиллагааны талаар АНУ ерөөс тайлбар хийж байсангүй. Тэгтэл биологийн зэвсэг хийх ажлыг 1972 оны Конвенцыг зөрчин АНУ санхүүжүүлж байсныг 2018 онд Өрнөдийн хэсэг эрдэмтэн шинжлэх ухааны нэр хүндтэй “Science” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ баталсан нь сэтгэл түгшихгүй байх аргагүй баримт юм. Америкийн биолабораториудыг цэрэг дайны аюул учруулж болзошгүй гэж Төв Азийн орнууд үзэх, тэдэнд итгэхгүй байх үндэслэл ч болсон байна.
Өөрсдийнх нь байгуулсан лабораториудад Пентагон хяналт тавихыг Казахстаны Гадаад хэргийн яам саяхнаас эсэргүүцэх болов. Тэгээд ч лабораториуд Казахстаны мэргэжлийн хүрээлэн хийгээд яамдынх нь өмч байдаг юм. Казахстанд байгаа Аюулыг зайлуулах агентлагийн зургаан лабораторийн удирдлагыг Пентагонтой байгуулсан гэрээ ёсоор АНУ-ын Батлан хамгаалах департаментын томоохон гүйцэтгэгчийн тоонд ордог “CH2MHILL” (Колорадо) болон “Jacobs engineering group” (Техас) компани эхнээс нь хэрэгжүүлсээр иржээ. Узбекистанд ийм үүргийг Америкийн цэргийнхэнтэй байгуулсан гэрээний дагуу “Betchel” (Виржини) компани гүйцэтгэж байгаад хожим нь Нур-Султан хот дахь АНУ-ын ЭСЯ-ны дэргэд нээгдсэн “Төв Азийн оффис” (Өвчлөлд хяналт тавих төв)-д шилжүүлжээ. Түүнийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн албаны дэд хурандаа, биологийн тагнуулын байгууллагад олон жил ажилласан Даниель Сингер гэгч толгойлдог аж. Энэ хашир офицер Токаев хаахаар зарласан лабораторийг төдийгүй Онцгой аюултай халдварын төвийг хүртэл гартаа оруулсан байна. Түүний ажилтнууд одоо энэ төвийн өдөр тутмын ажлыг хянаад зогсохгүй эмнэлгийн байгууллагуудыг шалгаж, Казахстаны эрх баригчдад зориулж заавар бичихэд оролцож байна. Тэгэхдээ дэд хурандаа Сингерийн хүмүүс ийн идэвх чармайлт гаргаж байдгийг онцгойлон нуудаггүй аж. Титэмт вирус голомтлон тархаж эхэлмэгц эрдэмтэд нь Америкийн “Төв Азийн оффис”-ын хүмүүст нягт хамтран ажилласан тухай Онц аюултай халдварын төвийн захирал Токтасын Ерубаев Казахстаны сэтгүүлчдэд ярьжээ. Түүний удирддаг “Төв” Афганистан, Ирак, Сирид явуулдаг цэрэг дайны ажиллагааг удирддаг АНУ-ын Төв командлалын нэг гол гүйцэтгэгч нь юм.
Онцгой аюултай халдварын төвтэй нэг зиндаанд Ташкентын вирус судлалын хүрээлэн ажилладаг бөгөөд Америкийн Аюулыг зайлуулах агентлаг энд шуугиан дэгдээсэн судалгаа хийж байсан билээ. Казахстаны төв Пентагонтой хамтарч ажилладаг төдийгүй Бундесвер (Герман)-ийн Микробиологийн хүрээлэнтэй мөн хамтарч ажиллах тухай нууц хэлэлцээрт энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зуржээ.
Казахстаны төрийн байгууллагууд АНУ болон НАТО-гийн цэргийн зорилгод нууж хаалгүй үйлчилж байгаа нь Хятад, Орос, тэдний холбоотнуудын дургүйг эртнээс хүргэж байгаа юм. Америкийн биолабораториуд хажуу хавирганд нь хяналтгүйгээр ажиллаж байгаад сэтгэл түгшиж буйгаа Москва бүр 2018 онд илэрхийлж, тэдний хийж буй судалгааны талаар бүрэн мэдээлэл авах шаардлага тавьжээ.
Эцэст нь ОХУ-ын Гадаад хэргийн яам хүлээж ядаад 2020 оны дөрөвдүгээр сард чангахан мэдэгдэл хийж, Орос улсын хилийн дэргэд АНУ-ын цэргийн объектоос биологийн аюул занал учруулахыг Москва хайхрахгүй байж чадахгүй гэдгээ хэллээ. Энэхүү мэдэгдэл юуны урьд Гүржид байгаа Лугарын төвд хамааралтай ч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын нутаг дэвсгэрт байгаа бусад объектыг ч мөн дурдсан байна. Оросын энэ байр суурийг Казахстаны хоёр дахь гол түнш Хятад улс дэмжжээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан орнуудын газар нутаг дээр АНУ биологийн олон лаборатори байгуулсан, харин тэдгээр нь өөрийн эрхэлдэг ажил, зориулалт, аюулгүй байдлыг хангах тогтолцооны талаар ганц ч үг ганхийхгүй байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Лабораториудад Америкийн биологчид ажилладаг, гадаадаас санхүүждэгийг Нур-Султан үгүйсгэхийг оролдож, энэ байр суурийг АНУ-ын ЭСЯ мэдээлэлдээ бас дурдсан байна. Гэлээ ч Москва үүнд тайтгарсангүй.
Био аюулгүй байдлын асуудал хэлэлцсэн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын зөвлөлгөөний дараа Казахстаны Ерөнхийлөгч Токаев уг асуудлаар нэлээд шийдэмгий байр суурьтай байжээ. Тэрбээр НАТО-гийн биологичдыг бүс нутагтаа нэвтрүүлсэн нь алдаа байсныг, Гадаад хэргийн яам нь болхи ажилласныг хүлээн зөвшөөрөөгүй ч Москватай хамтарч ажиллах, био аюулгүй байдлын тухай шинэ хуультай болохоор амласан байна. Гэхдээ Казахстан буулт хийж, Алма-Атад байгаа лабораториос америк мэргэжилтнүүдийг гаргалаа ч тус бүс нутагт НАТО-гийн хэрэгжүүлж буй төслийн ажил зогсоно гэдэг юу л бол.
Онц аюултай халдварын төв болон бусад байгууллага санхүүгийн хувьд АНУ-аас хамааралтайн зэрэгцээ Казахстаны шинжлэх ухаан Америкийнхтай гүнзгий холбоотой аж. Казахстаны авьяас чадалтай ажилтнууд нь АНУ-д ажиллах боломжтой байдаг. Тухайлбал, америкчууд титэмт вирус судалж байсан Био аюулгүй байдлыг судлах хүрээлэнгийн Кайрат Табынов Америкийн “CH2M” болон “Jacobs engineering”-т хэдэн жил ажиллаж байв. Ерөнхий генетикийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Лиязатт Мусралина Америкийн Батлан хамгаалах департаментын захиалгыг гүйцэтгэдэг АЕСОМ компанид ажилласнаас гадна Казахстаны хэсэг эрдэмтний хамт АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын Сильвер-Спринг дэх баазад мэргэжил дээшлүүлсэн байна. Одоо байгалийн голомтот вирусийн халдвар судлах хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчээр ажилладаг Талгат Нурмаханов, өөр нэг эрдэм шинжилгээний хүрээлэнд мөн лабораторийн эрхлэгч хийдэг Гульнар Омашева нар Мусралинатай хамт Америкт түр хугацаагаар ажиллаж байжээ.
Онц аюултай халдварын төвийн захирал Токтасын Ерубаев Америкийн цэргийнхэнтэй ойр дотно харилцаатай байдаг аж. Тэрбээр дэд хурандаа Сингерээс гадна хурандаа Саба, АНУ-ын тусгай зориулалттай хүчний эмнэлгийн албаны дарга Ж.Каллахан, Тбилиси дэх Лугарын төвийн дарга Ж.Мотт нартай хэлхээ холбоотой байдаг гэнэ. Харилцааны ийм хүрээлэл Америкийн цэргийн алба хаагчид тохиромжтой болохоос биш Казахстаны биологич, улсын нууцыг мэддэг төрийн албан хаагчид халгаатай.
Дундад Азид хийж буй биологийн судалгаагаа халхлахад АНУ Онц аюултай халдварын төвийн зэрэгцээ Нур-Султан хот дахь Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв хэмээх байгууллагыг ашигладаг байна. Бодит байдал дээр энэ байгууллагын төсвийн 95 хувийг нь НАТО-гийн орнууд, тэр дундаа үүний тэн хагасыг нь АНУ санхүүжүүлдэг. Тус төвийг Вашингтонд байдаг Зэвсэглэлд хяналт тавих агентлагийг удирдагч асан Рональд Леман тэргүүлж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Дэвид Клив урьд нь гурав дахь ертөнцийн орнууд хийгээд Украинд ажиллаж байжээ.
Оросын холбоотнууд болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудад судалгааны ажил хийхэд Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв аятайхан зуучлагч болдог байв. Тухайлбал, Британийн Батлан хамгаалах яам Тажикистанд бруцеллёз өвчин тархах арга замыг судлахад 617 мянган фунт стерлинг зарцуулсан байна. Харин төрийн байгууллагууд, жишээ нь, тус БНУ-ын Мал эмнэлгийн академи нь гадаадын армийн мөнгийг тэр бүр алга тосоод авдаггүй байжээ. Тийм болохоор тэр мөнгө олон улсын байгууллагын тусламж хэлбэрээр Казахстанаар дамжин Олон улсын шинжлэх ухаан, технологийн төвийн төслийн хүрээнд тус академид ирдэг аж. Британийн армийн нэр энд гарахгүй ч сонирхлыг нь татсан үр дүнг нь хүртэж, ажилтан Клив нь үүргээ биелүүлсэн хүний хангалуун сэтгэлээр тайван нойрсож байдаг байна.
Америкчуудыг Алма-Ата хотоос гаргах Ерөнхийлөгч Токаевын шийдвэр зөв алхам. Гэхдээ Гвардейскэд байгаа био аюулгүй байдлын асуудал судлах хүрээлэнг оролцуулаад дээр өгүүлсэн титэмт вирусийн судалгаа хийдэг, тус улсын бусад нутагт байгаа таван ийм объектын хувь заяа хэрхсэн нь ойлгомжгүй байгаа юм. Түүнээс гадна Бундесвертэй байгуулж, хоёрдугаар сард гарын үсэг зурсан хэлэлцээр урьд нь хийж байсан ажлаа Германы тугийн дор хийх боломжийг НАТО-д олгоно.
Ерөнхийлөгч Токаевын зарласан биологийн аюулгүй байдлын тухай шинэ хууль онолын хувьд НАТО-гийн гишүүн орнуудын биологчид Казахстаны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд рүү нэвтрэхэд хязгаар тавих учиртай. Гэвч бүхий л байдлаас үзэхэд АНУ-ын Батлан хамгаалах департаменттай холбоотой эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байгаа Казахстаны мэргэжилтнүүд л уг хуулийн төслийг боловсруулах учраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий болж, аюулгүй байдлын дэг журамд нүх цоохой гарах магадлалтай. Эцэст нь, Америк, Британийн цэргийн биологичид ажилладаг нөгөө Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв үйл ажиллагаагаа үргэлжлүүлж л байх болно.
Төв Ази, Казахстан, Узбекистан, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын био аюулгүй байдлыг бодитой болгохын тулд НАТО-гийн цэргийн хөтөлбөрийн хариуд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Хамтарсан тууштай бодлого явуулах тухайд бодох цаг нэгэнт болсон байна. Өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын цэрэг-биологийн объектуудад ээл ивээлтэй хандах нь бусдын цөмийн зэвсгийг газар нутаг дээрээ байрлуулсантай дүйнэ гэдгийг ухаарвал зохилтой. Ийм хандлага хөршүүдтэйгээ харилцахад ч, аливаа цэрэг дайны зөрчлийн нөхцөлд өөрийн тань аюулгүй байдалд ч мэдэгдэхүйц уршигт үр дагавартай байх болно.
Бэлтгэсэн: Р.Жаргалант