Америкийн визийн хэд хэдэн төрлийг олгохоо зогсоох тухай тус улсын засаг захиргаа ойрын үед мэдээлэх нь хэмээн Оросын “ТАСС” агентлагийн Нью-Йорк дахь сурвалжлагч дамжуулжээ. Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн бямба гарагт Оклахома муж улсын Талса хотод “Fox news” телевизэд цухас мэдээлэл өгөхдөө гадаадын иргэдэд олгодог ажлын визийг хязгаарлана хэмээн мэдэгдсэн байлаа. Дараахан нь ажлын визийг бүрмөсөн зогсоолоо гэдгээ хэлэхдээ “Америкт олон хүн ажилгүй байна. Тэд бүгд ажил хайж байна. Дээрх тоо байнга өсөх болно” гэв. Энэ мэдээлэлтэй холбогдуулан “The New York Times” нийтлэхдээ “Америкийн компаниуд гадаадын иргэдийг, ялангуяа программ хангамжийн болон бусад мэргэжилтнийг ажиллуулах боломжгүй болох нь. Тухайн иргэн АНУ-д их, дээд сургууль төгссөн байсан ч ялгаагүй. Энэ нь тогтмол ажлын байр гэлтгүй улирлын чанартай ажил хийх хүмүүст ч хамаатай. АНУ болон бусад улс хоорондын соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хязгаарлах, зогсоох магадлалтай. Хязгаарлалт 2021 онд ч үргэлжлэх юм” хэмээжээ.
Бэлтгэсэн: Р.Жаргал