Диего нэртэй заан яст мэлхий (Chelonoidis nigra hooden¬sis) 60 жилийн дараа төрөлх Галапагос аралдаа эргэн иржээ. 1960 онд Америкийн Калифорни мужийн Санта-Круз арал руу үржүүлгийн зориулалтаар заан яст мэлхийн 15 эрэгчин шилжүүлсний нэг нь 40 настай Диего байжээ. Тус аралд ердөө хоёр эрэгчин, 12 эмэгчин л үлдсэн байсан үед ийнхүү “түргэн тусламжаар” хээлтүүлэгч аваачсан түүхтэй юм байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд тус арлын эл төрөл зүйлийн тоо 2000 хол давсны 800 нь алдарт Диегогийнх гэдгийг түүний намтарт бичжээ. Өөрөөр хэлбэл, Санта-Крузийн заан яст мэлхийн 40 хувь түүний үр төл гэсэн үг. Энэ сарын 15-нд Галапагосын бүлэг арлын нэг Эспаньолад алдарт “эцгийг” хүргэсэн бөгөөд тэтгэвэрт нь гаргаж байгаагаа тус газрынхан мэдээлэв. Эспаньолад нэгэн цаг үед энэ төрөл зүйл мөхөх аюулд өртсөнийг судлаачид үржүүлэн тоо толгойг өсгөсний үр дүнд Диего мэндэлсэн юм байна.
Эквадорын Байгаль орчны сайд Пауло Проаньо “Диего бол агуу үйлс бүтээсэн баатар юм. Эспаньола хүүгээ тэсэн ядан хүлээсэн” гэж угтах ёслолын үеэр хэлжээ. 80 кг жинтэй, 1.5 метр урт Диегог өдгөө тусгаарласан бөгөөд орчиндоо дастал нь хэсэг хугацаанд байлгах аж.
Заан яст мэлхий бол хуурай газрын хамгийн том төрөл зүйл бөгөөд дунджаар 1.8 метр урт, 400 гаруй кг жинтэй. Онгон байгальд 100, хүний асаргаатай газарт 170 хүртэл насалдаг юм байна.