Грек Улс өчигдрөөс хилээ нээжээ. Амарч, аялж, зугаалахыг хүссэн хэн бүхэн зорьж очиж болно. Олон улсын нислэгүүдийг эхний ээлжинд нийслэл Афин болон тус улсын хоёр дахь том хот Салоникигээр дамжуулж хүлээж авах аж. Жуулчдад ямар нэгэн хязгаарлалт үгүй. Мөн тэднээс коронавирусгүй гэсэн магадлагаа шаардахгүй. Харин онгоцны буудалд заавал оношлуулна.
Тус улсын Засгийн газар олон улсын нислэгийг жижиг хотууд болон арлуудад урьдчилсан байдлаар ирэх сарын 1-нээс нээхээр бэлтгэж байгаа юм байна. Хэрвээ тус улсад очсон гадаадын иргэнээс коронавирус илэрвэл эмчилгээний төлбөрийг ч хариуцах гэнэ.
Грек Улс шинэ коронавирусийн халдвар бага хэмжээгээр тархсан орнуудын тоонд багтаж байна. Тэнд 3112 хүнийг халдвартай хэмээн оношилсон бөгөөд нас барсан хүний тоо 183 юм. Тухайн орны эдийн засагт аялал жуулчлалын салбар жин дардаг. Нийт 350 мянган ажлын байртай.
Бэлтгэсэн: Р.Оюунаа