Хүйтэн дайн ид байхад АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ)-т тагнуулын ажиллагаанд хэрэглэх зэвсэг боловсруулдаг тусгай хэлтэс ажилладаг байв. Тэгээд Америкт дайсагнадаг гэж үздэг гадаад орнуудын улстөрчдийн амь насанд халдахад түүнийгээ ашиглана. Харамсалтай нь, бүтэлтэй юм тун ховор байж. Яагаад тэр вэ?
Конгод байдаг ТТГ-ын баазын захирал Ларри Девлин 1960 оны есдүгээр сард “Парисаас очиж буй Жо-г угтаж ав” гэсэн тушаал төвөөсөө хүлээн авчээ. Чухам хэн гэгч нь ирж буйг онгоцны буудалд очсон хойноо л мэдэв. Нэрийг нь олонтоо сонссон хазгар эр онгоцноос бууж иржээ.
Хорт бодисын асуудлаарх ТТГ-ын гол мэргэжилтний нэг Сидни Готлиб гэгч ирсэн нь энэ. Тусгаар тогтносон Конго улсын анхны Ерөнхий сайдын амь насанд халдахад ашиглах хор болон халдварт өвчин үүсгэгч нян бүхий цүнхийг тэр авчирсан байв.
Девлиний ажилтнууд Конгийн улстөрчийн идэх юм хийгээд шүдний оог нь хордуулах үүрэг хүлээж, Готлиб өөрөө энэ үйл ажиллагааг биечлэн хянах аж.
ТТГ-т есөн жил ажиллахдаа тэрбээр онцгой ухаалаг эрдэмтэн гэгдэх болсон байна. Готлиб үхлийн аюултай хор боловсруулахдаа гойд эрч хүчтэй ажиллаж, тэдгээрийг хэрэглэх шинэ, шинэ аргыг бий болгосоор ирж. 1953 онд MKLULTKA төслийг удирдаж, тархи угаах хэрэгсэл бэлтгэсэн байна. Нөхөд нь түүнийг “хар илбэчин”, “бохир зальт” гэж нэрлэх болж. Готлибын анхны даалгавруудын нэг нь тагнуулчид сүйрэх үедээ хэрэглэх зориулалттай цианидтай үрэл байв. Гэхдээ энэ хор удаан, зүдгүүртэй үйлчлэх тул тагнуулчид түүнийгээ хэрэглэснээс дайсандаа бууж өгөхийг илүүд үздэг байлаа. Тиймээс тэрбээр 10 секундэд ямар ч өвчин шаналалгүйгээр үхүүлдэг хор бий болгов. 1960 онд Свердловскийн тэнгэрт оросууд онгоцыг нь сөнөөсөн Америкийн нисгэгч Фрэнсис Пауэрсэд яг энэ хор байсан ч тэр түүнийг хэрэглээгүй аж.
...Эцэст нь энэ халдлагыг гүйцэтгэсэн хүнийг олохгүй, харин түүний эзэн нь АНУ гэдгийг бүгд мэдэх болно. Тэгээд Патрис Лумумбаг төдийлөн хайрладаггүй хүмүүс ч тааралдсан цагаан арьстан бүрийг устгана” гэж Девлин хэлсэн нь бий. Патрис Лумумбаг (Конгийн Ерөнхий сайд) цааш харуулах гэж өөрийн биеэр Леопольдвильд “айлчлаад” ч амжилт олоогүй. Үүнээс хэдхэн сарын дараа засгийн эрхэнд өөр хүмүүс гарч, Лумумбаг бууджээ. Готлибын бэлтгэсэн хор ямар ч хэрэг болсонгүй...
ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ ХОРОО
Степан Бандераг хороосон нь Готлибын нэр хүндэд асар их нөлөөлжээ. Мюнхен рүү илгээсэн Зөвлөлтийн тагнуул Богдан Сташиньский цианит калитай тусгай механизмыг хуйлсан сонинд нуугаад Украины үндсэрхэг үзэлтэнд илгээсэн байж. Бандера тэр дороо зүрхний дутагдлаар нас барах нь тэр. Зөвлөлтийн тагнуулчийн хийн гар буу Америкийн тусгай албаныханд онцгой бодол төрүүлснээс ТТГ-т Эрүүл мэндэд нөлөөлөх хороо хэмээх нэртэй тагнуулын зэвсэг боловсруулах шинэ хэлтэс байгуулжээ. Тус хэлтсийн хамгийн сонирхолтой төслийн нэг нь 75 хүртэл метрийн зайнаас хортой сумаар дуу гаргалгүй буудаж болох гар буу байв. Зургаан миллиметр урт, хүний үсний дайны өргөнтэй тэр “сум” хүний нүдэнд бараг өртөхгүй, дотор нь байгаа хор хүний биед ул мөрөө үлдээхгүй. Түүнд өртсөн хүн ертөнцийн жамаар өөд болсон мэт л байна.
ФИДЕЛИЙН САХАЛ
1960 оны эхээр Кубад очсон Америкийн хоёр тагнуулч эндхийн төрийн өндөр албаны хүнтэй холбоо тогтоосноо илтгэсэн байна. Тэр хүнийг нууц баримт бичигт AM/LASH гэж нэрлэнэ. Тэр хүн удирдагч Фидель Кастрогоо устгахыг хүсдэг бөгөөд үүндээ туслахыг АНУ-аас гуйсан аж. ТТГ ч Фиделиэс яаж салах талаар бодох болсон байв. Хувьсгалчийг хилийн чанад руу явахыг нь хүлээж, гуталд нь хор хийхийг нөгөө Готлиб санал болгов. Фидель амьд үлдэх ч бүх үс нь, түүний дотор зард гарсан сахал нь унах аж. Ингэсний эцэст Кастрог хэн ч хүндэтгэн хүлээж авахаа болино. Өөр нэг хувилбар бодож олсон нь Фиделийг нэлээд чухал үг хэлэхийн өмнө хортой тамхи соруулах байлаа. ТТГ-ын удирдлага удтал бодсоны эцэст хоёрын хооронд юм хийх хэрэггүй, Кастро үхэх ёстой гэж шийдсэн байна. Үхлийн тунтай бэлгийг Фидельд хүргэж өгөх даалгаврыг Кубаас Америкт цагаачилсан нэгэн хүлээсэн ч цаашдаа юу болсныг ТТГ одоо хэр нь мэдээгүй, нөгөө цагаач тамхитайгаа хамт ор сураггүй алга болжээ.
Готлибын төлөвлөгөө ийм байдлаар төгссөн нь цөөнгүй. Британийн нефтийн компанийг үндэснийхээ аж ахуй болгож, ЗХУ-тай сүжирсэн Иракийн Ерөнхий сайд Абдель Керим Касемыг хордуулах гэж тэрбээр 1961 онд оролдсон байна. Хор шингээсэн нусны алчуурыг Иракт аваачиж, Ерөнхий сайдын өргөө рүү шуудангаар илгээв. Тэгээд яасныг бүү мэд. Тэр алчуур үүнээс хойш хэнд ч харагдсангүй.
“НАМАЙГ ХЭН Ч АЛЖ ЧАДАХГҮЙ”
Готлибын нэг бүтээл болох хортой, маш нарийхан зүү дотор нь нуусан үзгийг өгөөд AM/LASH-ийг Куба руу ТТГ илгээжээ. Энэ байгууллага нэг л ер бусын юм бодож олсон байх ёстой гэж Кубын хуйвалдагч тооцоолоод нөгөө үзгийг төдийлөн хайхарсангүй. Хортой үзэгнээс гадна түүнд бас ердийн зэвсэг ч байж. Гэлээ ч аминд халдах оролдлого болсонгүй. Готлиб ч цөхөрсөнгүй. Фидель усанд сэлэх дуртайг нь ашиглахаар шийдэж сүрьеэ өвчин үүсгэгч шингээсэн усны хувцас түүнд бэлэглэхээр зэхэв. Уг бэлгийг улс төрийн яриа хэлэлцээ хийдгээрээ нэрд гарсан Жеймс Донован дамжуулж өгөх болсон байна. Тэрбээр Свинейн буланд бүтэлгүйтсэн тусгай ажиллагааны үеэр олзлогдсон хүмүүсийг суллуулах талаар ярилцахаар Куба руу явах гэж байж. Готлиб бүгдийг бэлэн болгосон ч Донован усны хувцсыг авалгүй яваад өгчээ. Тэгэхлээр нь ТТГ Фиделийн нууц амраг Марита Лоренцод хортой үрэл өгч, эмэгтэй түүнийг нүүрний тосныхоо хайрцагт нуусан байна. Хожим нь Лоренцын дурссанаар бол Фидель түүнийг сэжиглэж, “ТТГ-т ажилладаг болоо юу” гэж асуухад нь “Би өөрийнхөө төлөө ажиллаж байна” гэж хариулж. Фидель гар буу гаргаж ирээд түүнд атгуулахад хүхээг нь шалгаад буцаагаад өгч. Фидель тэгэхэд нь “Хэн ч намайг алж чадахгүй” гэж хэлсэн гэдэг.
Кубын удирдагчийг хороох оролдлогоо ТТГ ер орхисонгүй. Кастрогийн аминд халдах гэж 634 удаа (зарим эх сурвалжид 638 удаа гэсэн нь бий) оролдоод нэг нь ч амжилт олоогүй гэж тухайн үедээ Кубын сөрөг тагнуулын байгууллагыг удирдаж байсан Фабиан Эскаланте ярьсан байдаг.
БОЛГАР ШҮХЭР
“Би-Би-Си”-гийн Лондоны товчоонд ажилладаг Болгарын тэрс үзэлтэн Георгий Марков 1978 оны есдүгээр сарын 7-нд автобус хүлээгээд Ватерлогийн гүүрэн дээр зогсож байтал гэнэт гуя руу нь зүү шиг юм шаахыг мэдрэн эргэж харвал шүхэр барьсан хүн зогсож байв. Марков дөрвөн өдрийн дараа амьсгал хураажээ. Бүхий л байдлаас үзэхэд “тариаг” шүхрийн бариулд бэхэлсэн хийн шахуургаар ажилладаг “буу” ашиглан түүнд хийсэн бололтой. Ийм аргыг Болгарын өөр нэг тэрс үзэлтнийг устгах гэж Парисын метронд хэрэглээд бүтэлгүйтсэн аж. Болгарын тусгай албадын ашигласан шүхэр Эрүүл мэндэд нөлөөлөх хорооны боловсруулсантай төстэй болохыг ТТГ анзаарсан байна. Готлиб ийм аргыг бүр 1960-аад оны эхээр хэрэглэж байсан нь хэний ч анхаарлыг татсангүй. Ер нь Готлибын бүхий л хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байлаа. Дээр өгүүлсэн тохиолдол Конго дахь ТТГ-ын баазын захирал Ларри Девлин тушаалд хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байлаа. Тэрбээр бүгдийг ёсоор нь хийнэ гэж Готлибт итгүүлээд түүнийг даруй буцаачихаад хорыг шүүгээндээ хийгээд түгжиж орхисон байна. “Энэ үйлдлийг ёс суртахууны хувьд хүлээн авах боломжгүй гэж би үзсэн. Түүнээс гадна уг халдлага надад маш эрсдэлтэй санагдсан. Эцэст нь энэ халдлагыг гүйцэтгэсэн хүнийг олохгүй, харин түүний эзэн нь АНУ гэдгийг бүгд мэдэх болно. Тэгээд Патрис Лумумбаг төдийлөн хайрладаггүй хүмүүс ч тааралдсан цагаан арьстан бүрийг устгана” гэж Девлин хэлсэн нь бий. Патрис Лумумбаг (Конгийн Ерөнхий сайд) цааш харуулах гэж өөрийн биеэр Леопольдвильд “айлчлаад” ч амжилт олоогүй. Үүнээс хэдхэн сарын дараа засгийн эрхэнд өөр хүмүүс гарч, Лумумбаг бууджээ. Готлибын бэлтгэсэн хор ямар ч хэрэг болсонгүй.
Бэлтгэсэн: Р.Жаргалант