Энэтхэгийн баруун хэсгийн Махараштра мужийн нутагт орших Лонар нуур ганц шөнийн дотор өнгөө хувирган ягаарсан үзэгдэл болжээ. 50 мянган жилийн тэртээд унасан солирын улмаас үүссэн уг нуурын ус сүүлийн үед урьдынхаасаа илүү шорвог болсноос гадна зарим төрлийн замаг шинээр ургасан нь өнгөө хувиргасантай тодорхой хэмжээнд холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Гэвч ганцхан шөнийн дотор ингэх боломжтой, эсэхэд эргэлзэж байгаа гэнэ. Лонарын өнгө хувирсан тохиолдол өмнө нь бүртгэгдсэн ч энэ удаагийнх шиг богино хугацаанд бус, аажим үйл явцтай байжээ. Судлаач Гажанан Харат “Нуурын усны түвшин энэ жил эрс буурсан ч давсны хэмжээ нь нэмэгдсэн. Энэ нь олон янзын замгийн ургалтыг идэвхжүүлсэн. Ялангуяа улаан замгийн эзлэх хувь их байгаа нь нуурын усны өнгөтэй холбоотой” гэжээ. Ер бусын энэ үзэгдлийн талаар Энэтхэгийн Ойн аж ахуйн газраас тайлбар хийгээгүй бөгөөд нуурын уснаас дээж аван шинжилж байгаа гэнэ.
Лонарын өнгө тодорхой шалтгаанаар хувирсан бол “төрөхдөө” л ягаан байсан үзэсгэлэнт нуур дэлхий дээр одоогийн байдлаар найм бүртгэгджээ. Байгаль эхийн тэдгээр бүтээлтэй танилцуулъя. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр бол тухайн нууран дахь замгийн бүтэц, ялгаруулдаг каротиноид буюу будагч бодисоос шалтгаалан усных нь өнгө олон янз байдаг аж.
Хиллер бол Австралийн баруун хэсэгт орших Дундын арал дээр байдаг нуур бөгөөд 600 гаруй метр урт. Гүн ягаан өнгөтэй эл усан сан ургамлан бүрхүүл бүхий элсэн манхан зурвасаар далайгаас тусгаарлагддагаараа онцгой, өвөрмөц аж. 1802 онд англи далайчин Метью Флиндерс энэ үзэсгэлэнт газрыг олж, олон нийтэд мэдээлсэн гэнэ. Ягаан нуурын эрэг цагаан давсан “эмжээртэйгээс” гадна ойгоор хүрээлэгдсэн нь үнэхээр гайхалтай, “хээнцэр” гэдгийг судлаачид онцолжээ. Энэ газрыг үзэхээр жил бүр хэдэн мянган жуулчин зорьдог байна. Хиллерээс нэг хэсэг давс олборлодог байжээ. Өдгөө эл нуурыг олон улсын судлаачид “амтархан мөлждөг” чухал бааз гэнэ.
Африк тивийн Сенегал улсын нэгэн бахархал болсон Ретба нуур давсны уурхай гэдгээрээ алдартайгаас гадна өнгө нь олныг гайхшируулдаг байна. Ретбагийн усанд хүн, амьтан живдэггүй онцлогтой гэнэ. Ямар ч тохиолдолд усны мандал дээр нь хөвдөг гэсэн үг. Нуурын 40 гаруй хувь нь давс учраас ямар ч загас, замаг үгүй. Судалгаагаар нэг литр усанд 380 гр давс агуулагддагийг тогтоосон юм байна. Энэ бол Сөнөсөн тэнгисийнхээс давсан үзүүлэлт аж. Ретбагийн шавар нь арьсны өвчинд гойд үр дүнтэй гэдгээрээ эртнээс алдаршжээ. Хүмүүс шаврыг нь газрын тос гэдэг байна.
Испанийн Торревьеха мужид Ла Мата хэмээх хос нуур бий бөгөөд Европын хамгийн том, давст нуур аж. Өнгө нь цаг агаар, улирлаас хамааран улбар, гүн хөх туяатай ягаан болж хувирах нь үлгэрийнх мэт гэж судлаачид тэмдэглэжээ. Нууранд нэгэн төрлийн хясаа элбэг бөгөөд өнгө нь мөн л ягаан. Хорвоогийн хамгийн гоё шувуудын нэг фланмингогийн амьдрах таатай орчин болсон Ла Матагийн бүс нутагт “Дэлхийн Улаан ном”-д бүртгэлтэй олон төрөл, зүйлийн жигүүртэн бий аж.
Бэлтгэсэн: Э.Хана