2019-2020 оны улирлыг хэрхэн эхлүүлэх талаарх төлөвлөгөөг NBA өнгөрсөн долоо хоногт зарласан. Орландо дахь “Дисней уорлд” цогцолборт лигийн 22 баг долдугаар сарын сүүлчээр цуглаж, мөн сарын 30-нд албан ёсны тоглолтууд эхлэх болсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Тоглогчдын холбооны дэд ерөнхийлөгч, “Бруклин” багийн лидер К.Ирвинг багуудын төлөвлөгөөний талаар ярилцахаар 100 орчим тоглогч холбогдсон, видео хурал зохион байгуулж, тоглогчдыг шинэ улирлын нээлтэд оролцохгүй байх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Цаг хагас хэртэй үргэлжилсэн хуралд М.Брогдон, Р.Уэстбрук, Си.Жэй.Макколлум, Ж.Эмбиид, Ж.Холидэй, Р.Гэй, С.Динвидди, Х.Барнс, Аль-Фарук Амину, Т.Харрис, К.Лаури, Х.Игуодала, М.Конли, З.Коллинс, М.Тернер нар оролцсон нь тодорхой болжээ. Энэ үеэр тоглогчид дараах байр суурийг илэрхийлсэн аж.
Дөрвөн хананы дунд удаан хугацаанд амарсан учир маш олон тоглогч гэмтэнэ гэж санаа зовж буйгаа Д.Митчелл илэрхийлсэн.
“Дисней уорлдод” ивээн тэтгэгчдийг хэрхэн оролцуулах, тоглогчид зар сурталчилгаанаас орлого олж болох, эсэхийг К.Ирвинг сонирхжээ.
Нийгмийн сүлжээнд тэгш байдал бий болгохын тулд тус бүр 25 мянган доллар хандивлахыг К.Энтони хуралд оролцогчдоос хүссэн байна.
“Дисней уорлд” дахь “вакум” орчинд ажиллаж, амьдрах нөхцөл байдлын нарийн ширийн, тоглогчдын аюулгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар тоглогчдын холбооны ерөнхийлөгч К.Пол, гүйцэтгэх захирал М.Робертс нар тайлбарлаж, мэдээлэл өглөө.
Тус хуралд оролцогчдын олонх нь NBA-ийн улирлыг дахин эхлүүлснээр АНУ даяар өрнөж буй арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл, хөдөлгөөнийг анхаарах хүний тоо буурна гэж эмээж буйгаа илэрхийлжээ. “Биднийг сагс тоглож эхлэнгүүт мэдээний орон зайнаас энэ жагсаал, цуглаан хасагдана. Нийгэмд болж буй зүйлд нөлөөлөх бидний цаг үе яг одоо л ирж байна. Бид талбайд бус өөр газарт хүмүүст илүү их нөлөөлөх боломжтой. Түүнээс гадна нэг газар удаан хоригдсоноос үүсэх сэтгэл зүйн дарамтын талаар бид ярилцах хэрэгтэй” гэж нэгэн ахмад тоглогч ярьсан байна.
Гэвч К.Ирвингийн байр суурийг лигийн зарим супер од, тэр дундаа Л.Жэймс дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Бэлтгэсэн: Н.Энх