Мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн том биетэй, өндөр тамирчин Гогя Миту 242 см өндөр байжээ. Румыний Голиаф хэмээн алдаршсан, “Гиннесийн ном”-ын нэгэн баатар түүнийг гүйцэх аварга биет боксчин одоогоор алга. Украины ах, дүү Кличко, Америкийн Деонте Уайлдер, Тайсон Фьюр, Энтони Жошуа гээд хоёр метр гаруй өндөр тулаанч байгаа ч үнэндээ бол Голиафийн хажууд “балчир” харагдах байсан гэж спортынхон онцолдог.
1909 онд айлын ууган хүү болон мэндэлсэн Гогя Миту 10 дүү дагуулжээ. Гуравтайдаа есөн настай хүүхэд шиг өсгөлүүн байсан тэрбээр арав хүрээд бүр том “залуу болжээ”. Тэр үед 180 см байсан хүүг эмч, эрдэмтэд гойд гайхан судалж эхэлсэн нь оюун ухаан нь хэвийн хөгжилтэй байсантай холбоотой. Ер нь бие махбод нь наснаасаа хэт өсөж, хөгжсөн хүмүүс ихэвчлэн ой ухаан, сэтгэн бодох чадвар тааруу, заримдаа сэтгэцийн өөрчлөлттэй байдаг атал Миту хүү цовоо сэргэлэн, бие даах чадвар сайтай байлаа. Тэр ч бүү хэл зургаан настайдаа гэрээрээ уншиж сурсан аж. Аав, ээж нь тарчиг учир хүүгээ сургуульд явуулж чадаагүй ч тэрбээр бие даан өөрийгөө хөгжүүлж эхэлсэн гэдэг. Дуу цөөнтэй, тайван тэрбээр бусдаас содон гэдгээ эрт мэдэрч, үүнийгээ ашиглан “хөөрхөн” орлого олдог байв. Миту бүтэн сайн өдөр зах гарч, мөрөн дээрээ багачуудыг суулган, олны дундуур явдаг байжээ. Ингэж хүүхдээ “морь” унуулсныхаа төлөө эцэг, эхчүүд дөрвөн лей төлнө. Том биетэй учраас их иддэг Миту энэ мэтээр хоолныхоо мөнгийг олж, аав, ээждээ тусалдаг байв.
Хүү 17 нас хүрлээ. Улсдаа төдийгүй хилийн чанадад Румыний Голиаф хэмээн алдаршсан түүнийг Чехийн Прага хотын циркээс урьжээ. Удалгүй 1927 онд Бухарестын алдарт “Глобус” циркийн жүжигчин болж, Европоор аялан тоглож эхэллээ. Аварга биетэй хүүг ивээн тэтгэгчид гарч ирснээр цалин, шан харамж нь нэмэгдэв. Ингэж байтал Монакогийн тоглолтын үеэр Румыний Голиафийг Италийн, боксын менежер Умберто Лансиа “уургалсан” байна. Тухайн үед Миту боксод дурлаж, 26 тулаанд орсноос 12-т ялж, есөн ялагдалтай, тав хайнцсан байж. Умберто түүний амжилтыг ахиулахаа амлан, менежерээр нь ажиллахыг санал болгожээ. Нөгөөтээгүүр, өөрийнх нь нэр хүнд өсөж, хэтэвч нь зузаарахыг олж харсан дасгалжуулагч эр аварга биет хүүг циркээс урвуулж, мэргэжлийн рингэд сойж эхлэв. Румыний Голиаф заасныг хурдан сурдаг, авхаалжтай ч гэлээ тэргүүлэгчдийн эгнээнд орж чадахгүй байсаар. Умберто түүнийг сургахын төлөө мөнгө харамгүй зарж, Парисын боксын сургуульд оруулж, өөрийн анд Жакомо Пометтийн шавь болгожээ. Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн, алдартай дасгалжуулагч.
Маш их ачаалалтай хичээллэж байсан учир Миту ердөө гурван сарын дараа гэхэд 30 кг жин хасаж, 150-тай болжээ. Умберто өөрийн “брэндийг” рингэд гаргахаар яарч байв. 1935 оны нэгдүгээр сард тэрбээр Митуг Францын боксчин Ж.Гудфритэй тулалдуулахаар нээлттэй тоглолт зохион байгууллаа. 2.2 метр өндөр, илүү туршлагатай франц эр дөрвөн раундын дараа Румыний аварга биетийг хожжээ. Үүний дараа Миту Италийн алдарт тамирчин Жузеппе Сангатай үзэлцэж, эхний раундад ялжээ. 1936 онд мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин, Италийн Примо Карнера залуу “аваргыг” амлан авсан ч хожигдлоор дуусжээ.
Митугийн боксын карьер 1935-1936 онд буюу ганц жил л үргэлжилсэн байна. Учир нь тэрбээр 1936 оны зургадугаар сарын 8-нд Туркийн Истанбулаас эх орныхоо нийслэл Бухарест руу галт тэргээр явж байхдаа амьсгал хураав. Цээжний дээд хэсгээр нь хөндүүрлээд удсан учраас эмчлүүлэхээр явсан нь тэр аж.
26 настай аварга биетийн амийг сүрьеэ авч оджээ. Түүний бага дүү Тудорел нь долоон настайдаа мөн сүрьеэгээр нас барсан байна. Тэр хүү долоотойдоо 180 см байсан гэнэ. Митугийн үхлийн шалтгааныг гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй, хүүгээ хорлогдсон гэж үзэж байв. Учир нь түүний гэдэсний эргэн тойронд тарилгын ул мөр байжээ. Үүнээс гадна Митугийн үхлийн талаар хэд хэдэн таамаг бий. Үүний нэг нь галт тэргэнд хордуулсан байх магадлалтай гэж Умберто дасгалжуулагч нь үздэг. Аварга биетийг хордуулах гол шалтгаан нь Умберто мэргэжлийн боксынхныг эрхшээлдээ оруулсан мафийн бүлэглэлтэй гэрээ хийхээс татгалзсантай холбоотой байх магадлалтай гэдэг. Энэ бол хамгийн магадлалтай таамаг. Учир нь Румыний Голиафийг нас барснаас хоёр сарын дараа менежер, дасгалжуулагч Умберто нь зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж, амиа алджээ.
Цаг бусаар хорвоог орхисон аварга биет залууг ямар амжилт хүлээж байсан нь тун тодорхой гэж спортын шинжээчид тодотгосон байдаг.
Бэлтгэсэн: Э.Хана