Европын хөлбөмбөгийн хамгийн том лигийн нэг болох “Ла лиг” өнгөрсөн ням гарагт 2019-2020 оны улирлаа сэргээлээ. Испанийн АШТ дахин эхэлж байгаатай холбогдуулан хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татах гол үйл явдлын талаар өгүүлье.
ЛИГ ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ
Хүлээлт ёсоор тоглолтууд үзэгчгүй эхэллээ. Гэхдээ энэ сарын 29-нөөс тус улсын Засгийн газар цэнгэлдэх хүрээлэнгийн 30-аас хэтрэхгүй хувьд үзэгч оруулах шийдвэр гаргаж магадгүй гэнэ. Энэ талаар албан ёсны мэдээлэл хараахан алга.
Тоглогч, дасгалжуулагч, багийн арын албаныхан, шүүгчид коронавирусийн шинжилгээ байнга өгч, халдваргүйжүүлэлтийн дүрэм, журмыг ягштал сахина. Энэ тал дээр шинэлэг технологи хүртэл ашиглана. Тухайлбал, хэн нэг тоглогчийн шинжилгээний хариу эерэг гарвал тэрхүү тоглогч хамгийн сүүлчийн тоглолтдоо өөрийн болон эсрэг багийн ямар тоглогч, албаны хүнд халдвар дамжуулсан байх магадлалтайг “Mediacoach” программын тусламжтай тогтоох аж.
“Премьер лиг” зэрэг зарим тэмцээнээс ялгаатай нь “Ла лиг”-ийн тоглолтуудыг урьдын адил олон нийтийн телевизээр гаргахгүй. Телевизийн багцын эрхийг эзэмшдэг “Mediapro” компани харин ахмадын асрамжийн газруудад үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ.
Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 19-нд өндөрлөнө. Өөрөөр хэлбэл, үлдсэн 11 тойргийн тоглолтуудыг таван долоо хоног буюу 38 өдөрт багтаан дуусгах шахуу хуваарь гарсан. Одоогоор дөрвөн тойргийн бүх тоглолтын хуваарь батлагдсан бөгөөд зургадугаар сарын 25 хүртэл өдөр бүр тоглох нь тодорхой байна.
“БАРСЕЛОНА”
Каталоны багт улирал эхэлснээс хойш дуулиан шуугиан тасраагүй. Цар тахлын улмаас улирлын тоглолт гурван сар завсарлахад ч тэрхүү байдал өөрчлөгдсөнгүй. Дуулианы гол сэдэв нь санхүүгийн асуудал, тодруулбал багийн ажилтнуудын цалинг багасгах гэсэн оролдлого. Аудитын “Deloitte” компаниас гаргасан тооцооноос үзвэл “Барселона” 2018-2019 оны улирлын тоглолтоос 840.8 сая еврогийн орлого олж, хөлбөмбөгийн бүх багийг тэргүүлжээ. Тус баг 800 саяын босго давсан анхдагч болсон төдийгүй энэ улиралд тэрбумын орлого олсон түүхэн дэх анхны баг болохоор найдаж байв.
Гэвч гуравдугаар сарын 26-нд “Барса”-гийн удирдлага Испанийн Засгийн газарт хандаж аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг зогсоодог мөн ажлын өдрийн тоог багасгах боломж олгодог ERTE системд хамрагдах хүсэлтээ гаргасан. Эл явдал тус багийн ажилтнуудыг шоконд оруулсан юм. Үүнтэй зэрэгцээд тоглогчид цалингаа багасгах хүсэлгүй байгаа гэсэн цуу яриа орон нутгийн хэвлэлээр гарч эхлэв. Багийн лидер Л.Месси хүртэл ерөнхийлөгч Ж.Бартомеуг инстаграм хуудсаараа дамжуулан хүчтэй шүүмжилсэн.
Эцэстээ тоглогчид цалингаа бууруулахыг зөвшөөрсөн ч “Барселона”-гийн санхүү муу байна. Коронавирусийн улмаас тус баг 150 сая еврогийн алдагдал хүлээжээ. Энэ санхүүгийн жилд “Барса” алдагдал хүлээх нь гарцаагүй болсон бөгөөд асуудал одоо хэр хэмжээтэй байх вэ гэдэгт л оршиж байна. Хэдэн өдрийн өмнө Ж.Бартомеу бэлтгэлийн баазад ирж, тоглогчдыг цалингаа дахин бууруулахыг хүссэн ч эсэргүүцэлтэй тулгарсан юм.
“Барса” санхүүгээ сайжруулахын тулд өнгөрсөн нэгдүгээр сард урьдчилсан арга хэмжээ авч К.Аленья, К.Перес, М.Ваге, Ж.Тодибо нарыг явуулсан. Ингэснээр дасгалжуулагч К.Сетьений мэдэлд 18 туршлагатай тоглогч л үлдээд байна. Тэд ийм “нимгэн” бүрэлдэхүүнтэйгээр таван долоо хоногт 11 тойргийг туулах ёстой. “Бундеслиг”-ийн жишгээс үзвэл, тоглогч гэмтэх нь нэмэгдэж байгаа. Түүнээс гадна зургаа, долдугаар сард Испанид оройдоо ч тун халуун байдаг. Өөрөөр хэлбэл, гэмтэл, бэртэл энэ багт том саад болох эрсдэл харагдаж байна.
Түүнчлэн энэ зун явах тоглогчидтой холбоотой яриа багийн эв нэгдэлд муугаар нөлөөлж магадгүй. Артур, И.Ракитич, А.Видаль, Ж.Фирпо нарын нэрс наймааны ярианд хавчуулагдсаар удав.
Гэхдээ коронавирусийн сайн нөлөө ч бас бий. Нэгдүгээр сард зүүн өвдгөндөө мэс засал хийлгэсэн Л.Суарес багтаа эргэн ирж байна.
“РЕАЛ”
Каталон дахь мөнхийн өрсөлдөгчөөс ялгаатай нь Мадридад байдал нам жим байгаа. Ерөнхий дасгалжуулагч З.Зиданы мэдэлд К.Сетьенийг бодвол хавьгүй олон туршлагатай тоглогч бий. “Эзэн хааны баг”-аас ганцхан Л.Йович гэмтэлтэй, гэхдээ серб тоглогчийг том гарз гэж нэрлэж боломгүй. Удтал гэмтэлтэй байсан Э.Азар болон М.Асенсио, Г.Бэйл нар тоглоход бэлэн болсон нь тун сайн мэдээ юм.
З.Зидан тоглогчдоо таван долоо хоногийн марафонд сайтар бэлтгэхийн тулд тэдний хүчийг эн тэнцүү ашиглах, тоглолт бүрт гарааны өөр бүрэлдэхүүн гаргах зорилготой байгаа гэж “Marca” мэдээлжээ.
Үүнээс гадна 2018 оны ДАШТ-ий үеэр Францын шигшээ багт ажиллаж байсан бэлтгэлийн дасгалжуулагч Г.Дюпоны туршлага ч тус болох биз ээ.
З.Зиданы хувьд шийдвэрлэх ёстой гол асуудал бол багийн довтолгооны “онч”. “Реал” 27 тойргийн дараачаар 49 гоол оруулсан нь лигт хоёрдугаар орох үзүүлэлт боловч эхэнд яваа “Барселона”-гаас даруй 14 гоол дутуу оруулжээ. К.Бензема 14 гоолынхоо 12-ыг он гарахаас өмнө оруулсан бол бусад довтлогч нь “Ла лиг”-т ердөө 12 гоолоор эсрэг багаа мялаагаад буй. Энэ бол тус багийн хувьд толгой өвтгөсөн асуудал.
Ташрамд дурдахад, “Реал” улирлын тоглолт дуустал “Сантьяго бернабеу” бус 6000 хүний суудалтай Альфредо ди Стефаногийн нэрэмжит цэнгэлдэхэд тоглоно. Энд ихэнхдээ хоёрдугаар баг буюу “Кастилья” тоглодог юм. Испанийн Засгийн газар үзэгчдийг цэнгэлдэхэд оруулахыг зөвшөөрсөн ч “Реал” эл цэнгэлдэхэд тоглосон хэвээр, фэнүүдээ оруулахгүй гэдгээ зарлаад буй.
Сонирхолтой баримт
27 тойргийн дараах байдлаар лигийг тэргүүлэгч “Барселона” 58 оноо авсан. Ингэсэн тохиолдолд аварга баг 81-82 оноо авах боломжтой. “Ла лиг”-ийн хувьд энэ нь маш бага үзүүлэлт бөгөөд 10 жилийн өмнө л аварга баг ийм цөөн оноо авч байв.
“Ла лиг”-ийн 28 дугаар тойргийн эхний тоглолт “Барселона”, “Мальорка” багийн хооронд болж, зочин баг 4:0-ийн харьцаатай илт давуу яллаа. Эл тоглолтод Л.Месси хоёр гоолын дамжуулалт өгч, нэг гоол оруулав. Ингэснээр 32 настай аргентин тоглогч 12 улирал дараалж “Ла лиг”-т 20 гоол оруулсан анхны тоглогч боллоо.