Британийн хатан хаан II Элизабета 94 насны төрсөн өдрийн баяраа маргааш Виндзорын цайзад багахан хэмжээний ёслол зохион байгуулж, салют буудуулж тэмдэглэх тухай Букингемийн ордноос мэдээлжээ. Хатан хаан төрсөн өдрөө жилд хоёр удаа тэмдэглэдэг уламжлалтай. Дөрөвдүгээр сарын 21-нд буюу хорвоод мэндэлсэн өдрөө “жинхэнэ”-ээр нь, харин зургадугаар сарын хоёр дахь бямба гарагт жагсаал, ард олны өргөн зугаалга зохион байгуулж тэмдэглэдэг. Энэ удаа дэлхий дахинд үүсээд буй онцгой нөхцөл байдлын улмаас ийнхүү даруухан тэмдэглэх ажээ. Төрсөн өдөрт зориулсан ёслол 20 минут үргэлжлэх бөгөөд олон нийтэд хаалттай. Хатан хаан тусгаарлалтад орсноос хойш зурагтаар хоёр л удаа үг хэлсэн. Эхлээд цар тахлын сэдвээр, дараа нь Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойд зориулж ард түмэндээ хандсан. Эдгээр тохиолдлыг эс тооцвол тэрбээр коронавирус дэгдсэнээс хойших хугацаанд нэг ч удаа олны өмнө гараагүй, мөн ямар нэгэн албан ёсны арга хэмжээнд оролцоогүй аж.
Бэлтгэсэн: Р.Жаргал