Япон улс “Их-7”-гийн, Хонконгийн эргэн тойрон дахь асуудлаар буюу Бээжин тухайн газар нутагт үндэсний аюулгүй байдлыг сахиулах тухай хуулийн төсөл бэлтгэх шийдвэр гаргасантай холбоотойгоор хамтарсан мэдэгдэл боловсруулах санаачилгыг гартаа авах хүсэлтэй байгаа аж. Ерөнхий сайд Шинзо Абэ “Нэг улс-хоёр систем гэсэн зарчимд үндэслэн нэгдмэл дуу хоолойтой байх нь зүйтэй гэж үзсэн учир бид санаачилга гаргаж байгаа юм” гэжээ. Өмнө нь “Их-7”-гийн орнуудын гадаад улс төрийн газрууд БНХАУ-аас энэ шийдвэрээ эргэн харахыг шаардах тухай хамтарсан мэдэгдэл гаргая гэдэгт санал нэгдэж байгаа талаар тухайн улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан удаатай. Үүний зэрэгцээ Хонконгийн Хууль тогтоох зөвлөл бүс нутаг дахь улс төрийн нөхцөл байдлаас болж ийм хуулийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдэж байсан нь БНХАУ уг асуудлыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцэх шалтгаан болсон аж. Хонконгод 2019 оны зургадугаар сараас энэ хуулийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал, цуглаан, суулт болж байсан билээ. Үр дүнд нь засаг, захиргааныхан буулт хийж, тухайн оны аравдугаар сарын эхээр баримт бичгийг татан авсан юм. Хонконгод таван сарын хугацаанд 900 орчим удаа жагсаал болж, зургаан мянган хүн саатуулагдаж байв.