Палестины асуудлыг эцэслэн шийдэж, еврейн улсад булаан эзлэгдсэн газар нутаг гэж НҮБ үздэг, ихэнхдээ палентинчууд оршин суудаг Иордан голын баруун эргийг өөрийн болгохоор Израил төлөвлөөд байна. Палестин-Израилын зөрчлийг шийдвэрлэх АНУ-ын төлөвлөгөө буюу “Зууны наймаа”-г Тел-Алив амьдралд ийм маягаар хэрэгжүүлэхээр зэхэж буй юм. Вашингтоны саналыг Палестин хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Израилын арми үйл ажиллагаагаа явуулахаар бүх талаар бэлтгэж байна. Ойрхи Дорнодод тэгэхлээр шинэ дайн дэгдэх нь үү, түүнд ялагч болох боломж хэнд байна вэ?
“Уулан дахь үүрийн гэгээ”. Иордан голын баруун эргийн хэсгийг Израил өөртөө үнэхээр нэгтгэх гэвэл бидэнтэй томоохон мөргөлдөөн хийх болно” гэсэн хариуг Иорданы ван II Абдалла ибн Хусейн аль-Хашими хөршийнхөө төлөвлөгөөнд өгчээ. Тэрбээр өнгөрсөн сарын 15-нд хэлэхдээ аливаа үйлдэлд бэлэн гээд ийн нэгтгэхийн үр дагаврыг ихээхэн хор уршигтай гэсэн байна. “Палестины үндэсний засаг захиргаа унавал бүс нутаг даяар дэг журамгүй, хэт даврагч байдал нэмэгдэхэд хүргэнэ. Израил хэрэв Баруун эргийг долдугаар сард өөртөө нэгтгэвэл палестинчуудтай төдийгүй Иордан улстай зөрчилдөх болно” гэж II Абдалла хэлэв. Ван зүгээр ч нэг заналхийлсэнгүй. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн мэдэгдлийн хариуд мэдэгдлээ. “Энэ бол еврейн ард түмэн бий болж хөгжсөн газар шороо юм. Энэ газар дээр Израилын тусгаар тогтнолыг түгээж, сионизмийн түүхийн бас нэг бүлгийг бичих цаг ирлээ” гэж Израилын Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн аж. Ариун газар шороогоо бусдад өгөхийг Израилын Ерөнхий сайд ч, Иорданы ван ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Израилын Засгийн газрын тэргүүний мэдэгдэл хэрэгжиж эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тэрбээр нэгтгэх үйл ажиллагааг долдугаар сарын 1-нд эхлүүлэхээр товлосон юм. Парламент нь энэ шийдвэрийг дэмжих, эсэхийг хүлээлгүйгээр Израилын хүчнийхэн “Уулан дахь үүрийн гэгээ” гэж нэрлэсэн ажиллагааг эхлэх бэлтгэл ажилдаа нэгэнт оржээ. Еврейн улс ганцаарчилсан довтолгоо, эсэргүүцлийн арга хэмжээнээс авхуулаад олныг хамарсан жагсаал, зэвсэгт бослого хүртэлх үйл явдал янз бүрийн хэлбэрээр өрнөхөд бэлтгэж байна.
Иорданы ван өөрөө Израилыг эсэргүүцэж байгаа бол харилцаа чинээндээ тултал хурцдаж, II Абдалла цэргээ хөдөлгөх тушаал өгөх юм биш үү хэмээн шинжээчид болгоомжлоход хүрчээ. Эцэст нь Иорданд ч, Израилд ч зэвсэглэн тэмцэх туршлага бий бөгөөд ийм үйлдэл хоорондоо багахан зайтайгаар 30 жил сунжирсан аж. Олон арван араб, израил хүн амиа алдсан уг тэмцэлд Иордан, Израил төдийгүй Палестин, Египет, Сири болон бусад орон хамрагджээ. Абдалла II, Нетаньяху нар одоо л тохиролцохгүй бол ээлжит ужиг зөрчилдөөн зайлшгүй байж болзошгүй, хохирол нь харин харьцуулшгүй их байхад эргэлзэх зүйлгүй.
Зөрчилдөөний шалтгаан нь газар. Энэ хоёр улс 5000 ам дөрвөлжин км газрын төлөө зүгээр ч нэг тэмцэлдэж буй юм биш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үзэж буйгаар бол Иордан голын баруун эргийг Израил булаан авчээ. Харин Израил үүнтэй санал нэгддэггүй төдийгүй энэ газар нутгийг эзэмших эрхтэй, одоо түүнийгээ хамгаалах ёстой гэж үздэг байна. Америкийн Тагнуулын төв газар (ТТГ)-ын баримтаар бол маргаантай газар нутгийн хүн амын олонх нь (85 орчим хувь нь, тэдний олонх нь суннит-палестин хүн) мусульман, дараа нь иудей (14 хүрэхгүй хувь), христос (2.5 хувь) болон бусад бүлгийн иргэн юм байна. Эндхийн палестинчууд өөрсдийгөө уугуул оршин суугчид гэдэг, хэдэн үеэрээ энд амьдарсан айл өрх олон байдаг аж. Маргадаг гол асуудал нь олон улсын эрхийг зөрчиж байдаг еврейн суурингууд юм. НҮБ татгалзсаар байхад Израил цэргийнхэн, техник, хүмүүсээ ийш нь илгээн энэ газар нутаг дээр оршин амьдрах түүхэн эрхээ нотлохыг эрмэлздэг гэнэ.
Түүхийн үүднээс Баруун эрэг хэний харьяат болохыг тодруулахад төвөгтэй, үүний тулд хэн “анх” тэнд амьдарч байсныг тогтоох хэрэгтэй болно. Түүх сөхөх тусам төөрөгдөл гүнзгийрнэ. Тус газар нутаг янз бүрийн цаг үед Иудей, Ромын эзэнт улс, Араб, Египетийн халифат, түүгээр ч барахгүй Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж байжээ. Баруун эргийн сүүлчийн эзэн нь Их Британи байв. Тэр үедээ Палестины мандатын бүрэлдэхүүнд орж, түүнд Иордан ч харьяалагдаж байлаа. Тухайн цагт түүнийг Иорданы чанадын эмират гэж нэрлэдэг байж. Вант улс туурга тусгаар болсноор энэ хэсэг газраа алдан, амгалан тайван байдал нь ч түүнтэй хамт алга болж, удалгүй хажууд нь бие биедээ тасралтгүй дайсагнасан Израил, Палестин үүсэн бий болжээ. Үүнээс хойш Иордан, еврейн улс хоёр Баруун эргийн төлөө тэмцэлдэж, хоорондоо өгөлцөж, авалцсаар байв. Израил, Палестины хооронд цус асгаруулсан дайн болж буйг ашиглан Иорданы вант улс энэ газар нутгийг 1960 онд өөртөө нэгтгэв. 1967 онд баруун эрэг Израилын хяналтад шилжлээ. Тэгтэл тус газар нутаг руу шунахаас татгалзаж байна гэж Иорданы ван Хусейн ибн Талал 1988 онд мэдэгдэв. Энэ нь уг вант улсын хувьд Баруун эрэг үнэ цэнээ алдсан хэрэг биш, харин түүний төлөөх тэмцэл өртөг ихтэй болсноос үүдэлтэй байлаа. 1967 оноос хойш Иордан улс Баруун эрэгт ажилладаг төрийн албан хаагчдад цалин, тэтгэвэр өгч, боловсролын болон шашны байгууллагуудыг нь санхүүжүүлж иржээ. Ван дээрх мэдэгдлийг хийснээр эдгээрийг зогсоов.
“Тэд бие биедээ найртай байлаа”. Баруун эргийг эзэмших эрхээсээ Иордан ёс төдий татгалзсан нь цэрэг, дайны ажиллагааны өндөр зардлыг хэмнэх гэсэн эрмэлзэл төдий явдал биш байлаа. Израилтай ойртохоор Иордан шийдсэн байв. Дайснаа ойрхон байлгаж болохоор байхад түүнийг холдуулах гэх хэрэг юун. Харилцаагаа сайжруулах үйл явц 1990-ээд оноос эхэлж, баахан хэлэлцээр хийцгээв. Улмаар энхийн гэрээнд гарын үсэг зурлаа. Баруун эрэгт шунахгүй гэдгээ Иордан нотолж, 46 жилийн дайсагнал төгсөх шиг болов. Энх тайван байдал Израилын тухайн үеийн Ерөнхий сайд Ицхак Рабин, Иорданы ван Хусейн нарын хүчин чармайлтын ачаар эхэлсэн гэж Иорданы сэтгүүлч, шинжээч Осама аль-Шариф үзэж байжээ.
Иорданчууд хийгээд Палестины лалын шашинтнуудын нүдэнд Хусейн ван гэнэт урвагч болж харагдсан ч гэлээ ойртож дотносоход муу юм тэрбээр ер олж харсангүй. Израилтай нөхөрлөсний сайн тал их байв. Гэхдээ энэ бүхэн өнгөлөн далдлалт байсан юм. Ил бол хоёр улс хэврэг гэгч нь тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээж байлаа. Энхийн гэрээ байгуулснаас хэдхэн жилийн дараа Иорданы цэрэг хил алхаж Израилын сургуулийн хүүхдүүдийг буудсаны төлөө ван Хусейн биечлэн Израилын Засгийн газраас уучлалт хүссэн байна. Тун удалгүй хоёр улсын харилцаа өөрчлөгдлөө. Израилын Ерөнхий сайд Ицхак Рабиныг нэг хэт даврагч, гэхдээ Палестины лалын “дайчин” биш, Иорданы цэрэг ч бас биш, Израилын иргэн, жирийн оюутан 1995 оны арванхоёрдугаар сарын 4-нд буудан хөнөөж орхив.
Ван Хусейн Израилын шинэ Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн зүрхийг зөөлрүүлж чадсангүй, түүнийг залгамжилсан II Абдалла ч үүнийг хийж дөнгөсөнгүй. Эцэст нь Израил, Иордан хоёр 10 жил дээд түвшинд яриа хэлэлцээр хийсэнгүй, бүх хэлхээ холбоо ердөө дунд зэрэглэлийн дипломатууд, зөвлөхүүд, аюулаас хамгаалах албаны ажилтнуудын хооронд л болсоор байлаа. Эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээ байж, Израилтай залгаа хилийг чөлөөтэй гаталж, алан хядах ажиллагаа үйлдчихээд хэнэг ч үгүй буцаад явчихдаг лалын дайчдыг Иорданы вант улс нүдээ аниад өнгөрөөчих болжээ. Йерусалим, Маале-Адумим хотыг холбох ёстой “тусгаар тогтнолын зам” барих төслийг тэр үед Израилд боловсруулж байлаа. Палестинчуудыг эх орноос нь зааглах хана босгох боломжийг энэ зам бий болгох аж.
Ус-шинэ нефть. Абдалла II ван Израилд зэвсгээр цохилт өгөхөөр энэ оны тавдугаар сард заналхийлсэн нь иорданчууд арав гаруй жил тавьж буй шаардлага байснаас иргэдийнхээ уур хилэнг барьж тогтоох нь Амманд (Иорданы нийслэл) улам бүр төвөгтэй болов. Палестин болон Баруун эрэгт болж буй үйл явдалд төдийгүй улсынх нь дотоод хэрэгт Израил оролцох болсонд иорданчуудын сэтгэл нэн дундуур байна. Нэрээ нууцалсан иордан сэтгүүлч “Тэдний төлөө бидний хийж байгаа бүхнийг израилчууд байх л ёстой зүйл мэтээр хандах болсон, тэд үнэхээр ихэрхүү зантай” гэж мэдэгдлээ.
Энхийн хэлэлцээрээр Иордан чөлөөт худалдааны бүс нээх, ус хүрэлцэхгүй байдлыг шийдвэрлэх, АНУ-тай ойртох, харилцан ашиг хүртэж байхаар болсон юм, уг нь. Иордан тун жижигхэн улс бөгөөд, байгалийн баялаг үндсэндээ байхгүй, дүрвэгсдийн хөлд дарагдсан, олон улсын санхүүгийн дэмжлэгээс төдийгүй Израилаар дамжин ирдэг Египетийн хийнээс хамааралтай, эрчим хүчний хангамж нь чухам үүн дээр л тогтож байдаг улс юм. Бас нэг бэрхшээл нь ундны ус. Иордан 10 гаруй сая хүнтэй хэрнээ 2019 оны байдлаар ундны ус ердөө хоёр саяд нь л хүрэлцдэг. Үнэнийг хэлэхэд, ус тус бүс нутагт нефтиэс илүү эрэлттэй юм. Сирид 2006-2011 онд ган болоогүйсэн бол иргэний дайн дэгдэхгүй байсан гэж зарим шинжээч үздэг аж.
Энэ бэрхшээл Баруун эргийнхэнд ч учирч буй. Эндхийн палестинчууд усаа еврей нартай хуваалцахыг хүсдэггүй. Палестин, Израил хоёрыг хэлэлцээний ширээнд суулгах гэж Иордан олон жил оролдож буй юм. Улаан тэнгисийн усыг Үхлийн тэнгист авчрах хоолой тавихыг иорданчууд эртнээс хүссэн. Нэг талаас ундны ус, хий нийлүүлэх нь Израилаас хамаарч, нөгөөтээгүүр Палестины алан хядагчид нутаг дэвсгэрт нь гэмт хэрэг үйлдчих гээд Иордан ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гээч болж байна. Байдал ийм байхад л Иордан харилцаагаа тасална гэж израилчуудыг сүрдүүлсээр. Израил ч бас вант улсаас хамааралтай болохоор Иордан ийн заналхийлэх нь утга учиртай юм. Амманы дуу хоолой иорданчуудыг төдийгүй палестинчуудыг тайвшруулна. Баруун эргийн оршин суугчдыг хамгаална гэж Иорданыг одоо хэр нь үзсээр байдаг. Хоёрдугаарт, тэдгээр улсын хооронд байгуулсан хэлэлцээр Иорданыг Израил, Ирак, Сирийн хооронд бамбай улс болгочихсон аж. Иорданд орж ирсэн хоёр сая дүрвэгчийн учрыг Израил олж чадахгүй. Хооронд нь тогтоод байгаа хэврэг амгалан байдлаа хадгалахыг хоёр тал хичээдэг мөртлөө Израилийн шинэ Засгийн газар Палестин, Иорданд үзүүлэх дарамт шахалтаа улам чангаруулсаар. АНУ-ын дэмжлэгтэйгээр Баруун эргийг өөрийн болгох бүх боломж Израилд байгаа юм.
Тулалдахаар тохирч үл болно. АНУ-ын эрх мэдлийг Дональд Трамп барих болсноос хойш Израил, Иорданы харилцаа сүүлчийн удаа муудаад байна. Бүс нутгийн бусад улсын эрх ашгийг хүндэтгэж буй дүрийг ч гэлээ Трампын засаг захиргаа харуулахгүй байгаа юм. Ойрхи Дорнодын асуудалд Вашингтон дан Израилийн талыг баримтлан хандаж ирснийг Иерусалимыг еврейн улсын нийслэл хэмээн энхийн хэлэлцээрийг америкчууд зөрчин байж хүлээн зөвшөөрсөн нь харуулсан. Палестин-Израилын зөрчилдөөнийг зохицуулах “зууны наймаа” гэгддэг Трампын төлөвлөгөө Иорданы битгий хэл, Палестины эрх ашгийг харгалзаж үзэхгүй байгаа билээ. Уг төлөвлөгөөгөөр Баруун эрэг, Газын зурвас Израилд харьялагдана. Хэзээ нэгэн цагт Иорданых байсан Иордан голын хөндий ч еврейн улсын мэдэлд үлдэнэ. Вашингтоны төлөвлөгөөнд тусгаар тогтносон ямар ч Палестин тусгагдаагүй. “Израил, АНУ “зууны наймаа”-гаа хийвэл тус бүс нутагт арьсны өнгөөр ялгаварлах бодлогыг хуульчлах нь гарцаагүй” гэж Иорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади үзэж байна.
“Зууны наймаа” Иорданы үндэсний эрх ашигт төдийгүй оршин тогтнолд бүхэлд нь заналхийлж байгаа нь эргэлзээгүй. Жил бүр АНУ-аас авдаг 1.5 тэрбум ам.доллар Иорданыг түүнээс хамааралтай болгож байдаг юм. “Зууны наймаа” үнэхээр хэрэгжвэл II Абдалала вандаа үнэнчээ тангараглаж байсан ард түмэн босно. “Хоёр ард түмний хоёр улс” үзэл санаа байхгүй болох юм бол Иордан дахь хаант ёс мөн үгүй болно. Энэ тэмцэлд Иордан ялбал палестинчуудад хамгаалалт болоод зогсохгүй “Зууны наймаа”-г зогсоож, Баруун эргийг эзэмших эрхээ хамгаалснаар тус вант улс байгалийн нөөц баялгийг нь эзэмшиж, бүс нутагтаа асар их нөлөөтэй болно. Зургаан улстай залгасан хилийг Иордан хянаж, энэ хяналтын бүхий л эрх дархыг эдэлнэ. Энэ нь ус, хий, мөнгө. Түүгээр ч барахгүй ийм хүчтэй тоглогчтой АНУ ч мөчөөрхөлцөхөө байж, түүний талд байхыг илүүд үзэх болно.
Бодит байдалд Иордани ялах тухай яриа одоогоор алга. АНУ-ын одоогийн засаг захиргаа хийгээд Израилын хэлхээ холбоо тун нягт, Баруун эрэг ч Иорданы сонирхлыг тэгтлээ татахгүй байна. Тэгэхдээ түр ч гэлээ эвлэрэлгүйгээр Иорданы вангийн удмынхан төдийгүй бүх хүн ам нь шанална. Иордан улс ундны ус, хий, мөнгөнөөс хэт хамааралтай байдаг юм. Хэлэлцээрийн ширээний ард Израил, Иорданы төдийгүй Палестин, АНУ, ОХУ, Европын холбоо гээд тус бүс нутгийн бодлогод ямар нэг байдлаар хамаатай бүхэн суух ёстой. Нетаньяху Вашингтоны дэмжлэгт удаан хугацаанд дулдуйдаж буй бол II Абдала Европын холбоонд шахалт үзүүлсээр байх аж. Олон төрлийн гэрээ хэлэлцээр болон тус бүс нутгийн тэсрэх аюултай нөхцөл байдал түүний хөзөр болно.
Хэрэв хэлэлцээрийн ширээнд бүх тоглогчид дээд түвшинд суувал Баруун эргийн асуудал улс төрийн дараагийн хямрал болтол хэсэг хугацаагаар хойшилж болзошгүй. Тэгэхдээ эвлэрэл түр хугацааных байна. Ойрхи Дорнодод үйл явц ийм байх нь хэвийн үзэгдэл. Иордан, Израил улс хуурай газрын жижигхэн хэрчим дээр оршин тогтнож, хажууд нь байгаа Сири, Ирак дайнд автаад, Ливан гэж эсэргүүцлийн давлагаанд бүрхэгдсэн улс, Египет бас еврейн улсыг шахна. Иордан, Израил улс зэвсэг бариад авбал дайн дажин бүс нутгийг бүхэлд нь хамарч, хохирол ч их байх учир Баруун эрэгт үлдэх хүнгүй ч болж мэднэ.
Палестинаас болж Иордан, Израил хоёрын харилцаа байнга хурдцаж байдаг болохоор гадны өдөөгчгүйгээр эвлэрэл удаан үргэлжилнэ гэдэг эргэлзээтэй. Йерусалимын талаар Вашингтоны гаргадаг шийдвэр болон “зууны наймаа”-нд Арабын улсуудын холбооноос үзүүлдэг хариу үйлдэл тун сул учраас Палестиныг хэдийн мартсан гэж хэлж болно. Оршин суугчдын 70 хувь нь палестинчууд байдаг Иордан харин болж буй үйл явдлыг хайхрахгүй байж чадахгүй. Эцсийн эцэст бүгдээрээ мартахыг хичээж буй асуудлыг тэд Израилтай хамтран шийдвэрлэхээс аргагүй.
Бэлтгэсэн:Р.Жаргалант