АНУ-ын хэд хэдэн хотын засаг захиргаа цагдаагийн ажиллагааны журамд сэжигтнийг баривчлан саатуулахдаа боох мэх ашиглахыг хориглож эхэллээ. Эл шийдвэр Африк гаралтай эр Жорж Флойд цагдаа нарын баривчилгааны үеэр боолгосны улмаас нас барсны дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй аж. NBC телевизийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Доналд Трамп цагдаагийн байгууллагыг шинэчлэх цогц төслийг танилцуулахад бэлэн байгаа аж. Вашингтон хотын зөвлөл сэжигтнийг баривчлах үед боох мэх, эсэргүүцэгчдийг тараахын тулд резинэн сум, химийн цочроогч бодис ашиглахыг хориглосон заалтыг цагдаагийн ажилтан нарын журамд оруулсан байна. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын зохисгүй үйлдлийг мөшгөдөг ажиглалтын бүлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахыг санал болгож, Вашингтон хотын зарим хоригдолд саналаа өгөх эрхийг нь сэргээхийг тусгасан зүйл заалтуудыг оруулсан байна. “The Washington Post” сонинд бичсэнээр Нью Йорк хот хууль сахиулах байгууллагын ажилтнуудын камерын бичлэгийг нууцалдаг байсан хуулийг өөрчлөхөөр зэхэж байгаа аж. Тус хотын захирагч Эндрю Куомо уг өөрчлөлтийг энэ долоо хоногт батална гэж мэдэгджээ. Шинээр оруулсан өөрчлөлтүүд нь 90 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд хугацааг нь цаашид сунгахын тулд дахин санал хураалт явуулах шаардлагатай аж. Нийтийн сонсгол, шинэ санал хураалт явуулсны дараа л өөрчлөлтүүд тогтмол үйлчлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг тус сонин онцолжээ