Хэд хэдэн тоглогчоос коронавирусийн халдвар илэрсэн учраас гуравдугаар сарын 11-нд түр завсарласан NBA-ийн 2019-2020 оны улирлын тоглолтыг дахин эхлүүлэх төлөвлөгөөг лигийн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт баталлаа. Эл төлөвлөгөөг Тоглогчдын холбоо зөвшөөрсөн байна. Лигийн удирдлага хөл хорио, улирлын тоглолтын үргэлжлэл, плейоффын форматын талаар Тоглогчдын холбооныхонтой олон удаа зөвлөлдсөний үндсэн дээр талууд санал нэгдэв.
2019-2020 оны улирлын тоглолт долдугаар сарын 31-нд дахин эхлэх бөгөөд плей-оффын дуусах боломжит хамгийн сүүлчийн огноо нь аравдугаар сарын 12. Бүх тоглолт үзэгчгүй, нэг ордонд буюу “Дисней” компанийн Орландо дахь спорт төвд болно. Хэлэлцүүлгийн явцад нэг “эмзэг” асуудал дээр багийн удирдлагууд тохиролцож чадсаныг дурдах хэрэгтэй. Багуудыг амжилтаар нь ангилж, хамгийн муу амжилттай найман багийг өчиггүй шууд хассан агаад үүнийг “Портлэнд”-ээс бусад бүх баг дэмжжээ. Энэ нь тоглолт болон багуудын тоог аль болох хязгаарлах гэсэн оролдлого юм.
Ташрамд дурдахад, “Голден стэйт” баг сүүлийн таван жил дараалж финалд шалгарсан бол “Нью-Йорк” 27 жил дараалж плей-оффт шалгарсангүй.
Цааш тоглох “виз”-ээ авсан 22 баг тус бүр найман удаа тоглож, хамгийн сайн амжилттай 16 баг буюу конференц тус бүрийн шилдэг найман баг плей-оффт хүч үзэх эрхтэй болно. Гэхдээ наймдугаар байрын төлөө нэмэлт тоглолт хийж магадгүй гэнэ. Улирлын тоглолтыг 16 өдөрт дуусгах төлөвлөгөө гарсан бөгөөд өдөрт 5-6 тоглолт болно. Үүний тулд “ESPN Wide world sports” төвд гурван талбай ашиглах аж. Эдгээр 22 баг улирал болон плей-оффын тоглолтын явцад бүрэн “тусгаарлагдах” аж. Талбайн гадна халдвар авахгүй байх шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хэрэв хэн нэг тоглогчийн шинжилгээнээс коронавирус илэрвэл эдгэрэх хүртэл нь тоглуулахгүй. Нэг талбайд хийсэн бэлтгэл болон тоглолтын хооронд халдваргүйжүүлэлт, ариутгалын дөрвөн цагийн завсарлага заавал байх ёстой гэнэ.
Дараачийн улирлын тоглолт арванхоёрдугаар сарын 1-нд эхлэх бөгөөд бэлтгэлийн лагерь аравдугаар сарын 10-нд буюу урьд өмнөхөөс хоёр сарын дараа эхлэх болжээ. Гэвч амрах хугацаа хэт богино байна гэж Тоглогчдын холбоо дургүйцэж байгаа учраас энэ огноог дахин өөрчилж магадгүй аж. Улмаар 2020-2021 оны улирлын тоглолтыг ирэх оны долдугаар сар гэхэд бүрэн дуусгахыг NBA чармайж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр лигийн тоглогчид Токиогийн олимпын наадамд оролцох боломжтой болох юм.
“Цар тахал маш их төвөг учруулж байгаа ч бид улирлын тоглолтыг хэвийн үргэлжлүүлж дуусгана гэдэгт найдаж байна.
Мөн арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой эмгэнэлт явдал манай нийгмийг гүн цочроосонд бид харамсаж байна. Бид багууд, тоглогчидтой нягт хамтран ажиллаж, энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөдөө байгаа бүх нөөц, боломжийг ашиглах болно” гэж лигийн комиссар А.Силвер ярьжээ.
Улирлын тоглолтыг үргэлжлүүлэх 22 баг
“ДОРНОД” КОНФЕРЕНЦ: “Милуоки”, “Торонто”, “Селтикс”, “Майами”, “Индиана”, “Филадельфи”, “Бруклин”, “Орландо”, “Вашингтон”
“ӨРНӨД” КОНФЕРЕНЦ: “Лейкерс”, “Клипперс”, “Денвер”, “Юта”, “Оклахома сити”, “Хьюстон”, “Даллас”, “Мемфис”, “Портлэнд”, “Шинэ Орлеан”, “Сакраменто”, “Сан-Антонио”, “Финикс”
Улирал нь дууссан найман баг
“ДОРНОД” КОНФЕРЕНЦ: Шарлотт, “Чикаго”, “Нью-Йорк”, “Детройт”, “Атланта”, “Кливлэнд”
“ӨРНӨД” КОНФЕРЕНЦ: “Миннесота”, “Голден стэйт”
Чухал огноо
VI.30 *Бэлтгэлийн лагерийг нээнэ
VII.7 *Багууд Орландо хотод ирнэ
VII.31 *Тоглолтууд эхэлнэ
VIII.25 *Драфтын сугалаа
X.15 *Драфт
X.18 *Чөлөөт агентуудын зах зээл нээгдэнэ
ХI.10 *2020-2021 оны улирлын бэлтгэлийн зусланг нээнэ
XII.1 *Шинэ улирлын нээлт
Бэлтгэсэн: Н.Энх