БНАСАУ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж өнгөрсөн 2-р сараас эхлэн хөл хорио тогтоож, гадаадын иргэдийг тус улсад нэвтрэх болон гарахыг бүрэн хориглож, олон улсын нислэгүүдээ болон ОХУ, Хятад руу зорчих тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон юм. Ийм нөхцөлд тус улсад хүмүүнлэгийн тусламжийг хэрэгжүүлэх, гадаадаас санхүүжилт авах боломжгүй болсон тул БНАСАУ дахь гадаадын дипломат төлөөлөгчдийн газрууд болон олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох, ажилтнуудынхаа тоог цөөлөхөөс аргагүй болжээ. Өнөөдөр /2020.05.27/ Пхеньян дахь ИХ Британийн Элчин сайдын яам үйл ажиллагаагаа зогсоосон байна. Өнөөдөр өглөө ЭСЯ-ны байрны өмнөх Британийн төрийн далбааг буулгасан бөгөөд энэ нь дипломат үйл ажиллагаа зогсож буйг гэрчилж байгаа аж. Тус улсын бүх дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд мөн дипломат дугаартай машинууд ЭСЯ-ны нутаг дэвсгэрийг орхин гарчээ. Тэдгээр дипломатуудыг гэр бүлийнх нь хамт Хятадын Даньдун хотод машинаар хүргэсэн байна. Тэнд 14 хоног хяналтад байсныхаа дараа Лондон руу нисэх аж. Өмнө нь Герман, Франц, Швейцарын дипломат төлөөлөгчийн газрууд мөн л дээрх шалтгааны улмаас БНАСАУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон аж. Эдгээр дипломат газрын үйл ажиллагаа хэзээ сэргэх нь одоогоор тодорхойгүй байна.