Ираны түлш тээвэрлэсэн таван хөлөг онгоцны гурав дахь нь Венесуэлийн усан орон зайд хүрчээ. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. “Ираны ард түмэн, Ерөнхийлөгч Хасан Роухани, шашны тэргүүн аятолла Али Хаменеи нар эв нэгдэлтэй, зүрх зоригтой байж, бидэнд туслахад бэлэн байгаад дахин талархал илэрхийлж байна. Үүний ачаар нефть боловсруулах үйлдвэрийг сэргээн засварлахад нэн шаардлагатай түлш болон материалуудыг тээвэрлэсэн 3 хөлөг онгоц Венесуэлд ирлээ” гэж тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өмнө нь түлш тээвэрлэсэн хоёр онгоц ирсэн тухай мэдээлсэн юм. Түүнчлэн Мадуро АНУ болон Хуан Гуаедо тэргүүтэй сөрөг хүчнийхнийг түлш тээвэрлэсэн хөлөг онгоцыг Венесуэлд хүрэхэд нь жил гаруйн хугацаанд саад учруулсан хэмээн буруутгажээ. "Тэдний үйлдэл бол Венесуэлийн ард түмний хувьд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж тэрбээр хэлсэн аж. Энэ сарны 14-нд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгдэхдээ “Манай улс руу шатахуун зөөдөг хөлөг онгоцнуудыг АНУ мөрдөн мөшгөж байгаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг” гэсэн бол мөн сарын 17-ны өдөр Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи Иран дахь АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлж буй Швейцарын элчийн сайдыг дуудаж, Венесуэлийг чиглэн хөдөлсөн Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгогуудыг АНУ мөшгөхвий хэмээн болгоомжлуулжээ. Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “АНУ олон улсын эрх тэр дундаа хөлөг онгоцоор явах эрхийг хүндлэх ёстой” хэмээн онцлон тэмдэглэсэн захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт илгээсэн байна.