Ой, хээрийн түймрийн улмаас энэ он гарснаас хойш улсын хэмжээнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Үүнээс болж 5058 га ой шатаж, хээрийн 117 119 га талбай галд өртжээ. Түүнчлэн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатсан нь хохирлын хэмжээг дээрх үнийн дүнд хүргэсэн байна. Хэдийгээр гал өдөөгч нь хуурайшилт боловч ноцоогч нь хүмүүс гэдгийг албаныхан сануулж, сэрэмжлүүлсээр. Тодруулбал, ой, хээрийн түймэр дэгдэх эрсдэлт хүчин зүйл нь хуурайшилт боловч гол шалтгаан нь иргэдийн болгоомжгүй, хэнэггүй үйлдэл. Түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй, үлдсэн нь аянга зэрэг байгалийн үзэгдэл, гамшгаас шалтгаалдаг аж.
2020 он гарснаас хойш 14 аймгийн 59 сумд ой, хээрийн түймэр 78 удаа дэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Хэдхэн өдрийн өмнө буюу энэ сарын 21-нд гэхэд Архангай аймгийн Булган, Жаргалант сумд ойн түймэр дэгдэж, орон нутгийн иргэд, онцгой байдлын албаныхан хамтран унтраажээ. Тэр дундаа Жаргалант сумд дэгдсэн түймрийг гурван өдрийн дараа арайхийн дарж чадсан байна. Үүний улмаас хэдий хэмжээний ой сүйдсэнийг хараахан тогтоогоогүй гэнэ.
Гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сар хүртэлх хугацаа бол хуурайшилтын оргил үе. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутагт хуурайшилт их, түймрийн өндөр эрсдэлтэй аж. Мөн нийслэлийн ногоон бүс ч түймрийн эрсдэлтэйд тооцогдож буй бөгөөд зусландаа гарсан иргэд шар өвс шатаасны улмаас хэд хэдэн удаа түймэр дэгдсэн нь саяхан. “Ковид-19” өвчний улмаас энэ жил улс даяар хөл хорио тогтоож, зарим байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор айлууд ид хуурайшилтын үеэр буюу гурав, дөрөвдүгээр сараас зусландаа гарснаар түймрийн эрсдэл эрс нэмэгдсэн гэнэ. Үүнтэй зэрэгцэн иргэдийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс шалтгаалан хотын ногоон бүсэд түймэр 17 удаа гарсан байна. Онцгой байдлын албан хаагчид, цагдаа, хөдөлгөөнт эргүүл, Богдхан уулын байгаль хамгаалагч зэрэг нийт 1200 хүн 224 байршилд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагийн хуваарийн дагуу эргүүл хийсний дүнд түймрээс сэргийлэх зөвлөмжийг иргэдэд шуурхай хүргэж, ногоон бүсэд аялж, зугаалах гэсэн хүмүүсийг хянаж, шалгаснаар энэ төрлийн зөрчлийг бууруулж чаджээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Тамир “Нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч ажилладаг. Мөн урамшуулалт 32 эргүүл бий. Зөвхөн тэд л гэхэд 625 удаа эргүүл шалгалт хийж, өнжмөл өвс шатаах 15, ил задгай гал түлсэн тав, хог шатаасан долоо, ойн сан бүхий газарт гагнуур хийсэн 13, ууланд аялж зугаалсан 2236 иргэнийг буулгаж, ойн санд нэвтэрсэн болон нэвтрэхийг завдсан 1563 автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна” гэж мэдээлэв. Нийслэлийн ногоон бүс гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын сүүлч хүртэлх хугацаанд түймрийн аюултай зэрэглэлд байсан бол энэ сараас эрсдэлийн түвшин нь дунд зэрэгт хүрчээ. Хур тунадас бага зэрэг орсонтой энэ нь холбоотой аж.
Түүнчлэн хуурайшилт их байсан Булган, Сэлэнгэ аймагт ч эрсдэл буурсан гэх сайн мэдээ байна. Булган аймагт гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур ихэнх сумд нь түймрийн эрсдэл онц аюултай хэмжээнд байжээ. Энэ он гарснаас хойш ой, хээрийн түймэр дөрвөн удаа буюу Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр сумд гарсан гэнэ. Харин үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авсны дүнд хур тунадас унаж, түймрийн аюулын түвшнийг бууруулжээ. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер О.Нямсүрэн “Энэ сарын 19-20-нд шилжих шөнө, мөн 21-нд бороо орсон. Өдгөө зөвхөн Могод сумын нутаг түймрийн нэн аюултай түвшинд байна. Бусад нь аюултай зэрэглэлээс гарсан” гэв.
Түүнчлэн ой бүхий талбайн хэмжээ ихтэй Сэлэнгэ аймаг ч хуурайшилт аюултай түвшинд байв. Өнгөрсөн өвөл тус аймгийн нутагт цас бага унасан. Ялангуяа баруун хойд хэсэг буюу Цагааннуур, Зүүнбүрэн, Сүхбаатар, Алтанбулаг сум олон жилийн дунджаас бага цастай байжээ. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга О.Ганбатын мэдээлснээр энэ сарын 22-25-нд нэлээд хур тунадас унасны ачаар аюултай түвшин арилсан гэнэ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийнхэн Баруунбүрэн, Орхон, Хушаат, Цагааннуур, Ерөө, Мандал сумд ажиллаж, үүл буудсаны үр дүнд ихэнх нутгаар нь бороо оржээ. Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Хуяг “Хуурайшилтын үед ойн санд таван удаа түймэр дэгдлээ. Өдгөө аймгийн хэмжээнд түймрийн өндөр эрсдэлтэй сум, бүс нутаг байхгүй. Бид 17 сум, зургаан тосгонд ажиллан, нөхцөл байдалтай танилцан, байгаль хамгаалагчидтай хамтран түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлээд ирлээ” гэв.
Энэ мэтээр зарим газарт хур тунадас унасан боловч Хөвсгөл, Архангай, Хэнтий зэрэг аймгийн зарим сум хуурайшилтын зэрэг өндөр хэвээр байна. Тиймээс иргэд хариуцлагатай байж, аюулаас урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэх, үүний тулд ногоон бүс, ойн сан бүхий газарт оч гаргахгүй байхад л хангалттай гэдгийг холбогдох албаныхан уриаллаа.
Бэлтгэсэн: М.Гэрэл