Өчигдөр буюу Ням гарагт /2020.05.25/ Иерусалим хотод Израиль Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эсрэг үүсгэсэн гурван хэргээр явуулах шүүх хурал эхэлжээ. Ерөнхий сайдын эсрэг анхны мөрдөн шалгах ажиллагааг 1999-2000 онуудад явуулж байжээ. Тухайн үед Б.Нетаньяхуг хахууль авсан, төрийн өмчийг эзэмшихийг оролдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан гэсэн 5 хэргээр буруутгасан ч хангалттай нотлох баримт байгаагүй учир бүх хэрэг хаагдаж, шүүх хурал болоогүй байна. 2016 онд дахин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тухайн үед хэвлэл мэдээлэлд “хэрэг 1000”, “хэрэг 2000”, “хэрэг 4000” хэмээн нэрлэгдэж байсан 3 тусдаа хэргийг шалгах хүрээнд явуулжээ. Эдгээр хэргүүд дээр үндэслэн Израилийн ерөнхий прокурор 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Нетаньяхуг буруутгасан байна. “Хэрэг 1000” болон “хэрэг 2000”-д луйвар үйлдсэн, итгэлийг урвуулан ашигласан хэргүүд багтсан бол “хэрэг 4000” гэдэгт түүнийг луйвар үйлдсэн, итгэлийг урвуулан ашигласан, хахууль авсан гэх хэргүүдээр буруутгажээ. 2020 оны 1 дүгээр сарын 28-нд бүх хэргийг Иерусалимын Тойргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Израилийн түүхэнд анх удаа одоогийн Ерөнхий сайдаа хариуцлагад татаж байгаа нь энэ аж. Ерөнхий сайд Натаньяху уг үйл явцыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзэж байна. “Өнөөдөр Израилийн ард түмний хүсэл илэрхийллийг шүүх гэж байна. Энэ бол сонгогчдын шийдвэрийг эсэргүүцэж, засгаас үндэсний хүчнийг зайлуулах гэсэн оролдлого юм” гэж тэрбээр хэлжээ.