БНСУ-д өнөөдрөөс ахлах сургуулийн сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Тус улсад хичээлийн жилийн хаврын улирал гуравдугаар сарын 2-нд эхлэх байсан боловч коронавирусний цар тахлын улмаас таван удаа хойшлуулсан байна.
Сургуулиудыг үе шаттайгаар нээх төлөвлөгөөний дагуу ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн нь энэ бөгөөд бусад сурагчийн хувьд ирэх зургадугаар сарын 8-наас сургуульдаа явах боломжтой юм.
Боловсролын сайд Ёо Юн Хэгийн мэдээлснээр, сурагчдын биеийн байдлыг өдөр бүр хянах бөгөөд өвдсөн сурагчид гэртээ байх шаардлагатай ажээ. Мөн сурагчид өглөө бүр ширээгээ арчиж, цонхоо онгойлгон анги танхимаа агааржуулах хэрэгтэй. Түүнчлэн өдрийн хоол идэхээс бусад үед амны хаалт зүүж, гараа 30 секунд угаахыг тэдэнд зөвлөсөн бөгөөд өвдсөн тохиолдолд сургуулийн сувилагчид нэн даруй мэдээлэх шаардлагатай ажээ.
БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 32 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11110 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна.