Монголын урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музей, М-Си-Эс групп болон тус музейн эргэн тойронд байрладаг бизнесийн хэд хэдэн байгууллагын хамт олны төлөөлөл, тус зөвлөлийн гишүүд, дэмжигчид, хандивлагчид өнгөрсөн ням гарагт тус музейн хашаанд мод тарив. Урлагийн зөвлөл мод тарих ажлыг “Watch day” нэрийн доор энэ оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэг Чойжин ламын сүм музейн хашаанд зохион байгуулсан нь учиртай. Энд тус байгууллага М-Си-Эс группийн “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүрээнд санхүүжүүлж буй музейн гадна орчныг тохижуулж, усалгааны системийг боловсронгуй болгох зэрэг ажил багтаасан төслийг музейн захиргаатай хамтран хэрэгжүүлж буй юм байна. Энэ хүрээнд юу, юу хийснээ, ирэх долдугаар сарын 1-нд өндөрлүүлэх хүртэл ямар ажил өрнүүлэхээ мод тарилцахаар ирсэн гишүүд, дэмжигчид, хандивлагчдад танилцуулжээ. Тэдэн дунд бизнесийн байгууллагынхан, манай орон дахь гадаадын дипломат болон олон улсын байгууллагуудын удирдлагууд ч байдаг аж. Энэ өдөр ирсэн зочид Чойжин ламын сүм музейн барилга, архитектуртай танилцаж, “Цамын баг” цаасан шуумлын сургалт хэрхэн явуулдгийг сонирхсон юм.
Уг хашаанд чухам яагаад 888 мод тарих болсон талаар тус зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнхөөс асуухад “Өөдлөн дэвжих бэлгэдлийг бодолцон энэ тоог сонгож, арга хэмжээгээ нэрлэсэн юм. Түүнээс биш энд 3000 мод тарина. Өнөөдөр ирсэн хүн бүр мод суулгалаа. Цэцэрлэгжүүлэлтийн компани гүйцээх юм” гэлээ. Тус зөвлөл энэ онд музейн эдэлбэр газарт буюу хэрмэн хашаанаас гадна 7350 ам метр талбайд 3500 ам метр ногоон байгууламж, 1100 ам метр явган хүний боржин чулуун зам, 50 машины зогсоолыг “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжүүжилтээр байгуулж буй ажээ.
Сонирхуулахад, тус хөтөлбөрийн Чойжин ламын сүмийн хадгалалт, хамгаалалтын төслийн багаас олон улсын “World monuments watch” хөтөлбөрт тус музейг нэр дэвшүүлснийг АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан болон олон улсын шинжээчид дэмжиж, 2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгосон талаар тус музейн захирал Отгонсүрэн хэллээ. Тус музей хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх, соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдсоноор олон улсын тусламж, хандив, сэргээн засварлагч мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдэж буй аж.
М-Си-Эс группийн Олон нийттэй харилцах газрын захирал Б.Солонго “Энд ийм төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш орон нутгийн музейнүүдээс манайд хандах болсон. Соёлын өвийг хамгаалахад дэмжлэг, туслалцаа маш их хэрэгтэй байдгийг харлаа” гэв.
Бэлтгэсэн: Р.Оюунаа