“Цас ороод их жиндүү байна. Ажиллах газраа очиж үзэхээр хүйтэнд ийм хол явж ирлээ. Хариад гэр бүлийн хүнтэйгээ зөвлөж байгаад энэ ажилд орох, үгүйгээ шийднэ” гэж ярих 60 насыг хол давсан энэ хүнийг Н.Гомбожав гэдэг. “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас байгуулсан, “Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрслэгээний төв”-д арчилгааны ажилтан болохоор ажлын байраа үзэж яваа нь энэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил тус өдрийг тохиолдуулан дээрх төвийг байгуулсан юм.
Модлог ургамлын сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг сурвалжлахаар “Минж нутагшуулах төв”-ийг зорилоо. Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртад үйл ажиллагаа явуулж буй энэ төвийн дэргэд байгуулсан эл байгууллагынхан сургалтын, эрдэм шинжилгээний, экологийн, танин мэдэхүйн танхим, ажилчдын байр бүхий долоон га талбайд үйл ажиллагаа явуулдаг. МУИС-ийн Биологи, биотехнологийн сургууль, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтардаг аж. Гачууртын энэ хавьд салхи бусад газраас илүү их шуурна. “Мод гэх зүйл Гачууртын энд бараг байхгүй. Харин минж нутагшуулах төвийн ойр орчим их сайхан байгальтай. Уг нь салхинаас нөмөрлөх том мод элбэг хэдий ч энд бусад газраас илүү салхи салхилдаг. Тиймээс хамгаалалтын зурвас байгуулж мод тарих хэрэгтэй” гэж бидэнтэй хамт явсан НБОГ-ын мэргэжилтэн хэллээ.
Энэ жил “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд НБОГ хэд хэдэн зорилт тавин ажиллаж буй. Тухайлбал, агаар, орчны тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чадвар бүхий мод, сөөгийн тарьц, суулгацыг нөөц бололцоогоо ашиглан бэлтгэх, үржүүлгийн газар байгуулан, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөөр ханган байнгын ажиллагаатай болгох, минжний хооллох ургамлыг тариалах, идэш тэжээлийн тогтвортой нөөцийг бүрдүүлэх зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрслэгээний төв”-ийг байгуулж бороожуулагч, мананжуулагч, дуслын усалгааны систем бүхий 180 ам метр хэмжээтэй шилмүүст болон модлог ургамлын хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байв.
Биологийн олон янз байдлыгхамгаалах ажлын хүрээнд байгуулсан “Минж нутагшуулах төв”-ийн байранд 44 минж бий. Мөн тэднийг харж, хамгаалдаг хүмүүс энд байрладаг. Тус газарт ажилладаг гэр бүлийнхэн гурван хүүхэдтэй. Биднийг очиход машин тойрон гүйх хүүхдүүд “хүн ирлээ” хэмээн гэр доторх ажилчдыг дуудав. Минж хамгаалдаг гэр бүлийнхнээс гадна НБОГ-ын амьтан хариуцсан мэргэжилтнүүд иржээ. Тэд өөрсдийн байгуулсан “Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төв”-ийг нэгбүрчлэн тайлбарлаж өгөв. Ирэх жил гэхэд 35-40 мянган тарьц, суулгац хураан авах аж. Тарьж ургуулсан суулгацаа нийслэлийн найман дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийнханд ойн төгөл байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэгүй өгөх юм.
Мөн хотын ногоон байгууламж, ойжуулалтад ашиглах бөгөөд ойн аж ахуй эрхлэх, эзэмшил газар, хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдэд өгөөд зогсохгүй мод тарьж, ургуулах сургалт хийхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ЗДТГ-аас мод тарих үндэсний өдрийг угтан найман дүүрэгт төгсөгчдийн нэрэмжит төгөл байгуулахаар тус бүр гурван га талбай олгож, боловсролын хэлтсүүдэд нь газрын гэрчилгээ олгожээ. Жил бүр 15-20 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг. Тиймээс хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад тэдний тарьсан мод чамлахааргүй үр нөлөөтэй гэж албаныхан үзсэн учир төгсөгчдийн төгөл байгуулахаар болсон нь энэ. Ирэх жилээс төгсөгчид өөрсдийн эзэмшлийн талбайдаа Мод үржүүлгийн сургалт, судалгааны төвд ургуулсан тарьц суулгах боломжтой болно. Энэ талаар НБОГ-ын мэргэжилтэн Д.Энхжаргал “Төгсөх ангийн сурагчид болон оюутнуудад төгсөлтийн баяраа үр бүтээлтэй өнгөрөөх газар нийслэлд байхгүй гэхэд хилсдэхгүй. Зайсан толгой, Сүхбаатарын талбайд очиж зургаа татуулна, эсвэл амралт зугаалгын газарт наргиж цэнгээд өнгөрөөдөг.
Тиймээс төгсөлтийн баярыг нь үр бүтээлтэй өнгөрөөх, өөрсдийн тарьсан модоо эргэж тойрч, дурсамж үлдээх зорилгоор ойн төгөл байгуулахаар болсон юм” гэв.
Эхний ээлжид шилмүүст ургамлын хүлэмжид Сибирийн шинэс тарьсан бол навчит ургамлынхдаа шар хуайс, монос, хайлаас, голт бор үрслүүлжээ. 2-3 жил ургуулсан үрслэгээгээ бойжуулахын тулд шинээр зоорь барьж байв. 25 ам метр талбайд зоорь барих бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ. Өнгөрсөн жил нийслэлийн ЗДТГ, НБОГ хамтран Гачуурт дахь нийслэлчүүдийн ундны усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн 100 га талбайд навчит болон шилмүүст мод тарьж, голын ундаргыг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг хадгалах, хөрсний доройтлоос сэргийлэх арга хэмжээ авчээ. Гачуурт, тэр дундаа “Минж нутагшуулах төв”-ийн ойр орчимд хүчтэй салхилдаг тул шуурганаас нөмөрлөх зорилгоор эрс тэс уур амьсгалд тохиромжтой шилмүүст болон хайлаасыг хамгаалалтын зурваст тарьсан аж.
Тус төв гадна талбайдаа бургас, улиас тус бүр 500 ширхгийг тарьсан бол хамгаалалтын зурвас байгуулах зорилгоор гурван настай шар хуайсыг талбайгаа тойруулан суулгажээ. Мөн тэхийн шээг, үхрийн нүд зэрэг эмийн болон жимсний модыг бортогонд тарьсан харагдав. Цаашид ийм төрлийн ургамлыг тарихаар төлөвлөж буй ч нэн түрүүнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах модыг үрслүүлэх аж. НБОГ-ын мэргэжилтэн Д.Энхжаргал бортогонд тарьц суулгах нь давуу тал ихтэй гэв. Нартай, бороотой үед гадагшаа болон дотогшоо хүссэн газраа зөөвөрлөн байрлуулах боломжтой. Мөн бортогонд тарьсан суулгац барьж явахад амар учир төгсөгчдөд тараан өгөхөд хялбар аж. Шаардлагатай тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь авсан учир тарьц, суулгацыг арчлах хүнд ямар нэгэн бэрхшээл учрахгүй. Нөөцлөх сав нь 10 тн багтаамжтай бөгөөд ганц товчлуур дарахад л шахуурга ажиллаж голоос ус татаж савыг нь дүүргэж байв. Хоёр хүлэмжинд дуслын болон мананцрын усалгааны систем суурилуулсан учир хүний оролцоо бараг алга. Зэрлэг ургамал зулгаах, бортоготой үрсэлгээг зөөх нь Н.Гомбожавын гол ажил аж.
Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор ашиглалтад оруулсан дээрх төвд энэ удаад 1000 ширхэг улиасны үрслэгээ тарьжээ. Цаашид жил бүр тоог нь нэмж төгсөгчид, гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөс гадна хөдөө орон нутгийн иргэдэд тараах гэнэ. Цаашид мод үржүүлгийн газарт үрийн, бойжуулах, эх ургамлын хэсгээс гадна аж ахуйн зориулалттай талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Тэд минжний хооллох ургамлыг тариалах, идэш тэжээлийн тогтвортой нөөц бүрдүүлэх зорилт тавин ажиллаж буйг дээр дурдсан. Минж нутагшуулах төвийг танилцуулж, идэш, тэжээлийн тогтвортой нөөц яагаад хэрэгтэй талаар тус төвийн малын эмч Н.Цэвээнноров ийн ярив. Тэрбээр манайх жил бүр 44 минж авч үлдээд бусдыг нь Туул голд нутагшуулдаг. Минж жилд 1-4 зулзага гаргадаг. Манай минжнүүд ихэвчлэн гурвыг гаргадаг юм. Одоогоор алим, лууван идэж байгаа. Уг нь байгальдаа бургас, навчит ургамал зэрэг шим тэжээл сайтай хүнс иддэг. Гэвч бид байгалиас ургамал нөөцлөх боломжгүй тул бэлэн бүтээгдэхүүнээр хооллохоос өөр аргагүй. Цаашид минж хооллох ургамал тарихаар төлөвлөөд байна. Бид тэжээвэр минжийг зэрлэг байгальд нутагшуулахын тулд ядаж хоол тэжээлд нь эртнээс дасгах хэрэгтэй” гэв.
Уг төвийг байгуулахаас гадна нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх зорилгоор НБОГ-аас хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт хортон шавжид идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой 1884 га газрын байршлыг тогтоожээ. Тэр газруудад өөрсдийн хөрөнгөөр мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ хийх замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх, хөв цөөрөм байгуулах, орон нутагт байгаль хамгааллын ажил хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагууд НБОГ-ын Ойн хэлтэст хандах боломжтой. Ийн өөрийн хөрөнгөөр дээрх шалгуурт орсон газруудад таван жил мод тарьж, ойжуулалт хийн улсад худалдах боломжтой аж. Мод тарихаас арчлах нь илүү чухал гэдгийг өдгөө хүн бүр мэдэх болсон. Тиймээс дөнгөж тарьсан мод бус, таван жил арчилж ургуулсан, цаашид бие даан ургах чадвартай модыг улсад худалдана гэсэн үг.