Энэ сарын 11-12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар төвд хийсэн 266 шинжилгээний хариу сөрөг буюу “Ковид-19” илрээгүйг Д.Нямхүү захирал өчигдөр мэдээлэв. Үүнд ХӨСҮТ-д тусгаарласан долоо, ажиглах байрны 242, тандалтын зорилгоор тав, ачаа тээврийн 12 жолоочийг хамруулжээ. Тэрбээр “ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Халдварын голомтот нутгаас ирж байгаа тул онцгой анхаарна” гэсэн юм. ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотод суралцдаг 347 сонсогч өчигдөр эх орондоо ирлээ. Эхний онгоц 13.25, дараагийн хоёр нь 15.17, 15.21 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан юм. Тэднийг үзлэг, тандалтад хамруулсныхаа дараа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон зочид буудал, сувилалд хуваарилах болжээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Оюутнуудыг хилээр орж ирэнгүүт нь манайхаас томилогдсон баг хүлээн авсан. Тэдний дунд халдвартай, хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн оюутан ч байгаа тухай мэдээ бидэнд ирүүлсэн. Хөнгөн, балархай хэлбэрээр буюу шинж тэмдэггүй өвдөх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Тиймээс оюутнуудыг цаг алдагүй нарийн шинжилнэ” гэв.
Бэлтгэсэн: О.Ундрах