Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийн энэ оны эхний дөрвөн сарын статитистикийг эмхтгэж дуусжээ. Хөл хорионы үеэр бэлгийн замын халдварт өвчин гаарч, өмнө нь байгаагүйгээрээ нэмэгдсэнийг манай сонин саяхан сурвалжилсан. Тэгвэл эдүгээ ХДХВ/ ДОХ-ын халдварын дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдэн, халдвартай нийт хүн 292 болсныг дээрх статистикт тэмдэглэжээ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 27 төрлийн халдварт өвчинд 12 020 хүн өртсөний 54 хувь нь бэлгийн замынх байгаа нь өмнөх сарынхаасаа гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. 1-3 дугаар сард бүртгэгдсэн нийт халдварын 51.8 хувийг “хормойн” өвчин эзэлж байсан юм. Бэлгийн замын өвчин ийнхүү нэмэгдэхэд тэмбүү (745), трихомониаз (363), заг хүйтэн (249) голлон нөлөөлснийг судлаачид онцолсон байна.
Бэлтгэсэн: О.Ундрах