АНУ коронавирусийн халдварын тархалтын тоо албан ёсны мэдээллээс өндөр байж магадгүй талаар NBC News телевиз мэдээлэв. Тус суваг Цагаан ордны нийтэд дэлгээгүй нууц материалыг нийтэлсэн байна. Жишээ нь энэ сарын 7-ны өдөр гарсан баримт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тус улсын хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол буурч байгаа тухай мэдэгдэлтэй эрс зөрөөтэй аж. Мэдээлэл дүн шинжилгээний хэлтэст зориулан бэлдсэн уг баримтаас үзвэл халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад эрс өсөж 72,4 хувь буюу түүнээс дээш үзүүлэлттэй байжээ. Ялангуяа Теннес, Айова, Техас, Канзас мужуудад халдварын тоо эрс нэмэгдсэн байна. Кентукки мужийн Сентрал-Сити хотод халдвар 650 хувиар өссөн тухай онцолжээ. Цар тахлын хэмжээ хэдийн өндөр ийнхүү өндөр байгаа ч АНУ-ын зарим муж хэвийн ажлын горимдоо шилжиж байгаа аж. Хот мужууд хязгаарлалтаа эрт сулруулбал ноцтой үр дагавар үүсэж болзошгүйг АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн дарга Энтони Фаучи анхааруулсан байна. Тэрбээр Сенатын танхимын ажлын хэсэгт хийсэн мэдээлэлдээ коронавирусийн халдвараар нас барсан маш олон тоо албан ёсоор бүртгэгдээгүй байгааг онцолжээ. Ялангуяа Нью-Йорк хотод гэртээ нас барсан хүмүүс нийт нас барсан тоонд бүртгэгдээгүй байгааг тэмдэглэжээ. Түүний хэлж буйгаар бол АНУ-д Covid-19-ийн улмаас нас барсан хүний тоо 80 мянгаас өндөр байх магадлалтай аж.