Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Нэгдүгээр сарын 07-оос хойш 316 сэжигтэй тохиолдол илрүүлж тусгаарласан. 78 хувь амьсгалын замын цочмог халдвартай байсан.
Сүүлийн 7 хоногт 4 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн. 2-13 хоногийн дараа 1-6 удаагийн шинжилгээгээр вирус илэрч байгаа юм. Дээрх иргэдийн 65 хувь нь эмэгтэй, 11-65 насныхан байна. 40 хувь нь хөнгөн, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд. Сүүлийн 3-4 иргэн нэлээд хүнд ирсэн. Зөөвөрлөгдөн ирсэн халдвартай иргэдийн 15 нь эдгэрсэн. Эдгээр 15 хүнээс тав нь сувилалд, 2 хүн халдварт, 2 хүн гэрт, 7 хүн гэрийн ажиглалтаас гарсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд вирус судлалын 6 лаборатори ажиллаж байна. Дархан-Уул, Ховд, Дорнод, ХӨСҮТ-д 2, ЗӨСҮТ-ийн лабораторид коронавирусийн шинжилгээ хийж байна. 12 ажиглалтын байранд 5000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний 98 нь ачаа тээврийн жолооч.
ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр ирнэ. Оюутнуудыг ирсэн даруйд нь шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан, маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ. Оюутнууд халдварын голомтоос, зарим нь халдвартай хүнтэй хавьталд орсон учир эрсдэл өндөртэй. Тиймээс яаралтай шинжилгээ хийж, ангилан ялгаж тусгаарлана" гэсэн мэдээлэл өглөө.