Манай орны “Улаан ном”-д бүртгэгдсэн ховордож байгаа эмийн ургамлыг ягаан мүгэнз буюу алтан гагнуур гэдэг. Хугарсан ясыг “гагнах” гайхамшигт чадлыг үнэлж алтан гагнуур гэх болсон нь төрөлх нэрийг нь мартагдахад хүргэжээ. Анагаах чадлаараа хүн орхоодойгоос дутахгүй, хуурай сэрүүн бүсэд хад асга, чулуутай энгэр, нугаар ургадаг олон наст өвслөг эл ургамал Хөвсгөл, Хэнтий, Ховд, МонголАлтай, Говь-Алтайн тойрогт өргөн тархсан байсан гэнэ. Монгол орны нийт нутгаар элбэг тархсан ч сүүлийн жилүүдэд ховордсон, анагаах увдистай энэ ургамлын талаар зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.
Алтан гагнуурын үндсэрхэг ишний ханд нь оюуны чадавхыг дээшлүүлж, анхаарал сайжруулдаг гэнэ. Үүнээс гадна ужиг, хууч өвчин, сульдаа, насны доройтол, цусны даралт буурахад эерэг нөлөөтэй. Бэртэж гэмтсэн, яс хугарсан үед буцалгаж уухад дотроосоо бороолж эдгэдэг. Энэ шидийг нь монголчууд эртнээс таньж, “алтан гагнуур дотроос нь, хойлгын мах гаднаас нь эмчилдэг” хэмээн ярьдаг болжээ. Ардын эмчилгээнд алтан гагнуурыг халуурах, цусны даралт ихсэх, ходоод гэдэс үрэвсэх, амны эвгүй үнэр дарах, цус алдах, судасны ам нээх, хугарсан яс, бэртсэн, түлэгдсэнээс үүссэн шархыг эдгээхэд ашигладаг. Төвдийн уламжлалт анагаах ухаанд эл ургамлыг жүд ши, хөх бээдүръяа, лхантав, шэлгон, багсамчүнсэн, димэдшэлжимэ гэж нэрлэдэг юм байна.
Эл ургамлыг 1995 онд ховордож буй гэж үзэн, 1997 онд Монголын Улаан номд багтаажээ. Түүний үндсэнд антрохинон, эфирийн тос, марганец, цайр, зэс, хүхэр, хлор, бром, иод зэрэг ашигт химийн элемент их байдаг аж. Тиймээс орчин үеийн анагаах ухаанд эм, эмчилгээний бодис хийхэд ашиглах болсон төдийгүй, гэрээр тарьж буй. Гашуун, эхүүн амттай алтан гагнуурыг хандалж 1968 онд архи гарган авсан байдаг. Өдгөө Дархан-Уул аймаг болон Шувуун фабрикийн орчимд 70 гаруй га газарт тарималжуулаад буй. Говийн зарим ургамлыг тарималжуулахад нэн бэрх тул багагүй хугацаа зарцуулдаг гэнэ. 2014 онд “Монос” компанийнхан ботаникийн цэцэрлэгтээ мөхөж буй зарим ургамлыг нанотехнологийн арга, нано идэвхжүүлэгч хэрэглэн, заримыг нь мутацад оруулж, тарималжуулах туршилт хийсэн байдаг. Алтан гагнуурыг үндсээр нь тарих туршилт хийсэн бөгөөд 100 үр суулгахад 1-2 нь л үндэслэсэн аж. Эл ургамлыг намар сэрүүн орж, газар дээрх хэсэг нь гандаж цайрсан үед түүж бэлтгэх ёстой. Үндэс, ишийг 3-4 см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаан, хандалж уудаг.