Үхрийн нүд, долоогоно, чацаргана, үрэл, мойл, тошлой, улаалзгана, хуш, нарс, улиас, гацуур, шар бургас, шинэс, цагаан бургас, агч зэрэг 30 гаруй нэр, төрлийн мод, алтангагнуур, барагшун гээд цөөнгүй эмийн ургамал тарьж, хашаагаа ногоон байгууламж болгосон аж ахуйч өрхийг эл буландаа онцоллоо. Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын Баяндөхөмд төвхнөсөн хөдөлмөрч өрхийн тэргүүнийг Ч.Дамиран, гэргийг нь Ш.Оюун гэдэг. Тэд Увс аймгийн уугуул бөгөөд Гачууртад суурьшаад 10 жил болж буй.
1980-аад оноос мод тарьж эхэлсэн тэдний амьдралыг цэцэг навч, мод бутгүйгээр төсөөлөхөд бэрх юм билээ. Увс аймгийн Улаангом сумд амьдрахдаа хашаандаа хамгийн олон төрлийн мод тарьсан анхдагчид болж байж. Тухайн үедээ 400 төгрөгөөр худалдаж авсан хашаандаа 1000 гаруй мод тарьсан гэнэ. Ч.Дамиран жолооч, эхнэр нь оёдолчин ч мод тарих хүсэл сонирхол нэг байсан нь очсон газар бүрээ цэцэглүүлж, ойр хавьдаа хүчилтөрөгч бэлэглэж байснаас нь бэлхнээ харагдана. Ш.Оюун анх ОХУ-аас 10 гаруй төрлийн жимсний мод авчирч хашаандаа тарьж байжээ. Орос мэргэжилтнүүдтэй хамт ажилладаг байсан учир тэднээр мод тарих арга ухаан заалгасан гэнэ.
ТЭДНЭЭС ҮЛГЭРЛЭЖ, ХӨРШҮҮД НЬ МОД ТАРЬЖ ЭХЭЛЖЭЭ
2007 онд Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Хужирбуланд нүүж ирэхдээ “Увс” сортын чацарганы суулгацаа хайрлаж нандигнан авчирсан гэнэ. Ханаа дугуйлж аваад л мод тарьж эхэлжээ. Тэр үед Хужирбуланд хашаандаа мод тарьсан айл байгаагүй гэнэ. Ойр хавийн хүмүүс нь “Манай энд шар шороо ихтэй. Ямар сайндаа л Хужир гэж нэртэй байх вэ. Мод тариад ургадаггүй юм. Та хоёр дэмий зүйл хийж байна” гэдэг байж. Чулуурхаг, шар хөрстэй газарт ч мод яаж тарихыг харуулна хэмээн зүтгэсний хүчинд чацарганы модоо ургуулав. Мод суулгахаар бэлдсэн нүхэндээ бууц, хар шороо, элс хийжээ. “Хамгийн гол нь мод тарих тогоогоо сайн бэлдэх хэрэгтэй” гэж гэргий Ш.Оюун хэлсэн.
Түүгээр зогсохгүй хөршүүддээ мод тарих заавар, зөвлөгөө өгч, ойр хавиа ногоон болгоход санаа тавьсан гэнэ. Гудамжных нь 3-4 айл тэднээс суулгац авч, мод тарьж эхэлсэн байна. Мод тарихыг чин сэтгэлээсээ хүсэж буй хүнд харамгүй зөвлөгөө өгч, авсан мөчрөө ургуултал нь санаа тавьж, гар утсаар байнга ярьдаг гэнэ лээ. “Нялх үрээ хүнд өгөөд явуулсан мэт л сэтгэл зовно шүү дээ. Суулгац маань ургасан. Гоё болсон гэхийг нь сонсоод л санаа амардаг” гэж Ш.Оюун хэлсэн. Үр хүүхдүүд нь өрх тусгаарласан учир 70 гарсан хоёр бууралд хэдэн мод нь л хань болдог аж. Мод буттайгаа ярьж, хайрлан, сэтгэл зүрхээ зориулдаг болохоор “Бидний суулгасан бүхэн ургадаг” гэж ам бардам хэлдэг юм билээ.
Ямар зайд, хэр хэмжээтэй нүхэнд мод суулгахаа мэдэхгүй хүмүүс зөвлөгөө авдаг учир нэгбүрчлэн тайлбарлаж ойлгуулдаг байна. Тухайлбал, чацарганы модыг мөчрөөрөө зууралдахаас сэргийлж, 2-3 метрийн зайнд тарьдаг аж. Чацаргана гурван жилийн дараа үр жимсээ өгдөг гэж номд бичсэн байдаг ч тэд жилийн дараагаас л үр шимийг нь хүртдэг тухайгаа ярьсан. Тэд асрамжийн газарт 100 гаруй мод хандивласан байна.
Хужирбуланд гурван жил суурьшсаны дараа Гачуурт руу нүүжээ. Ингэхдээ мөн модны суулгацуудаа “тэвэрсээр” ирж. Тухайн газарт мөн л тэднээс өөр хашаандаа мод тарьдаг айл байсангүй. Түймэрт өртөөд нүцгэрсэн уулын энгэрт мод тарьж, усан оргилуур, цэцгийн мандал барьж, хашааныхаа ихэнхийг ногоон байгууламж болгосон байна. Хүн бүр харилцан адилгүй шиг мод ч өөр өөрийн гэсэн онцлогтой аж. Нэг угшилтай хэрнээ зарим мод нь таван кг чацаргана өгч байхад 26 кг жимс хайрлах нь ч бий гэнэ. Тэд жимсээ түүнгүүтээ жинлэж, хар үрийг нь ялган, зориулалтын машинаар шүүсийг нь шахаад савладаг юм байна. Ингэхдээ дусал ус ч хольдоггүйг гэрийн эзэгтэй онцолсон. Гашилгахгүй, исгэхгүйгээр савлан шууд хөлдөөдөг учир зуны халуунд ч саяхан түүсэн мэт шинэхнээрээ байдаг гэнэ. “Өтгөрүүлсэн шүүс” гэдэг үгэнд гэрийн эзэгтэй их дургүй гэсэн. “Өтгөрүүлнэ гэхээр ямар нэгэн зүйл найрлаганд нь орсон гэсэн үг. Юугаар өтгөрүүлдэг юм мэдэхгүй, хүсэх ч үгүй байна” гэж Ш.Оюун хэлэв. Тэрбээр “Хашаан дотроосоо жилд 3-5 сая төгрөг олдог. Чацарганы модноосоо намартаа 700- 800 кг жимс авна. Хүүхдүүд, ач зээ нартаа өгөөд илүү гарсныг нь худалддаг. Ойр хавийнхан болон ганц, хоёр байгууллагын захиалгаар нийлүүлдэг. Чацарганаа хураах үедээ хоёулаа хүчрэхгүй учир бусдад хөлс өгч түүлгэдэг. Өнгөрсөн намар 580 гаруй кг чацаргана түүж, шүүс бэлдсэн. Бусад жимсээ зарж борлуулдаггүй, чанамал хийх зэргээр ахуйдаа хэрэглээд л таардаг” гэлээ.
Мод, эмийн ургамлаас гадна хүнсний ногоо тарьж байсан, эсэхийг сонирхоход, Ч.Дамиран “Хүнсний ногоо тарьдаг хүн хаа сайгүй. Зөвхөн идэхийн тулд газар сэндийчээд яах вэ. Жилийн дөрвөн улирлын нэгд нь л ногоо тариад идчихдэг шүү дээ. Бусад үед сул шороо бужигнана. Тиймээс бид газраа хайрлаад ногоо тарьдаггүй. Модны ашиг тус, ач буян их. Байгаль орчныг цэвэршүүлж, цэнгэг агаар бэлэглэж байна. Хашаандаа ойд байгаа мэт л цэвэр агаараар амьсгалж, жимсний модныхоо цэцэг навчийг харан баясаж суухаас өөр жаргал хаана байх вэ. Хөгшин бид хоёр тэтгэврийн хэдэн төгрөгөө мод, бутандаа л зарцуулдаг. Тавдугаар сарын тэтгэврээсээ 250 мянган төгрөгөөр таван ширхэг мод худалдаж авлаа. Энэ модыг Монголд ер тарьж байгаагүй юм билээ. Хоёр жил болоод цэцэглэдэг, жилдээ хоёр метрээс дээш ургадаг, 30 хэмийн хүйтэнд ч тэсвэртэй” гэлээ.
АЛИМ УРГУУЛАХЫГ Л ХҮСЭЖ БАЙНА
Хашаа чимэх моднууд тэтгэврийн хэдэн төгрөгийг нь хавар, намартаа “хүртчихдэг” ч жилийн дөрвөн улиралд сайхан үнэр, саглагар мөчир, үр жимсээ харамгүй хайрладаг нь гайхалтай. Очсон газар бүрээ цэцэглүүлж, ойр хавийнхнаа мод тарихыг уриалж, зааж сурган, тусалж дэмждэг тэдний хүсэл мөрөөдөл, хөдөлмөрч шаргуу зан бүр ч гайхалтай.
Нийслэлийн тэргүүний цэцэрлэгжүүлэгч, тэргүүний өрх, эко гэр бүл гээд дөрвөн жил дараалан шагнал хүртсэн хөдөлмөрч буурлууд зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд хувийн байгууллагад ажилладаг ач, зээ нь мод услахаас эхлээд багагүй тусалдаг гэнэ. Гүний худгаар усныхаа асуудлыг шийдэж, халуун, хүйтэн усаа ч хананаасаа авч байна. Гэр хороололд, хашаандаа сайхан амьдрах боломж буйн үлгэр жишээ болсон тэд гадна тохижилтоо ч хүний гар харалгүй өөрсдөө хийжээ. Увсын тусгай сортооc гарган авсан чацарганы тос, шүүсээ зарж борлуулан амьдралдаа дэм болгоно. Барагшун, элэг хамгаалах эмийн ургамлыг нь асууж сурагласан хүн цөөнгүй бөгөөд Хөх хот, Өвөр Монголоос ч захиалдаг гэнэ. Энэ тухай Ч.Дамиран “Увс аймгийнхаа 90 жилийн ойгоор нутагтаа очоод цаашаа хил гарсан юм. Тэнд тува эрдэмтэнтэй танилцаж, элэг хамгаалах ургамал олж авсан. Тэрбээр монголчууд элгээр их өвчилдөг гээд нэг ургамал өгсөн юм. Улсын хилээр уг ургамлыг олноор оруулахгүй учир ганц ширхгийг л авчирсан. Цэцэглэсэн үед нь таарсан учир “Цэцэг бэлэглэж байна” гээд хилээр гаргаж чадсан. Энэ ургамлын иш, цэцэг, навч нь бүгд элгэнд сайн. Хатаасны дараа буцалсан халуун усанд хандалж хэрэглэдэг. Би элэгний өвчтэй байсан үүнийг хэрэглээд эрүүл болсон. Хүмүүс гуйж авдаг юм. Тэдэнд “Эхлээд шинжилгээ өгөөд долоо хоног уусны дараа дахин шинжлүүл. Таарч буй, эсэхийг нь мэдэх хэрэгтэй” гэж хэлдэг” хэмээв. Энэ ургамал элгэнд үнэхээр сайн, эсэхийг нь Хөдөө, аж ахуйн их сургуулийн эрдэмтэд судлахаар болжээ.
Газарт суулгасан бүхнээ ургуулдаг тэд алимны мод л тарьж үзмээр байна гэж хэлсэн. Үзэсгэлэн, худалдаагаар алимны мод авч суулгасан ч үр жимсээ ер өгөөгүй гэнэ. Навч нь сагсайж, сайхан ургасан ч ганц ч алим гараагүй нь Ш.Оюуны сэтгэлийг ихэд гонсойлгожээ. Алимны мод авах гэж олон хүнд хууртсанаа нуугаагүй. Есөн жил тарьсан модноос нь ганц ширхэг ч алим ургаагүй учир ухаж аваад өөр мод тарихаар болсноо хэлэв. “Алим ургана гэж итгэж тарьсан модноос үр жимс гарахгүй байхаар сэтгэлд сэвтэй юм билээ” гэж Ш.Оюун гомдонгуй өнгөөр хэлнэ лээ. Тэрбээр зорьсондоо хүрэхийн тулд ОХУ-д амьдардаг найзаасаа алимны мод авахаар болжээ. Гэвч цар тахлын улмаас энэ жилдээ өнжихөөс өөр аргагүйд хүрсэн байна.
Ч.Дамирангийн хашаанд үртэй бүхэн ургаж, үндэстэй болгон цэцэглэж байв. Бяцхан нахианууд цухуйж, сайхан үнэр сэнгэнэх нь үнэхээр тааламжтай. Усалгаа сайтай бол ямар ч мод хурдан ургана гэж гэрийн эзэн хэлсэн. Улиас, шинэс хамгийн хурдан ургадаг бол хуш 25 жилийн дараагаас л боргоцой ургуулдаг байна. Чацарганаас бусад жимсний мод цэцэглэдэг учир урин цагт тэдний хашаа өнгө өнгөөр солонгорч харагддаг гэнэ лээ. Байгальдаа ойр амьдрах, ээлтэй аж төрөхийн үлгэр жишээ болсон тэд хойч үедээ үнэлж баршгүй үнэт өв үлдээж буй.