Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих дөхсөн. Тухайн иргэдээс таван төрлийн сорьц авч 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа.
Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 102 хүн ажиглалт тандалт судалгаанд байна.
Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна" гэж хэллээ.