Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 4.250 сая халдварын тохиолдол илэрч, 286 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 72 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа.
Гадаад улс оронд хорионы дэглэмээ сулруулснаас халдвар дахин тархаж байна. БНХАУ-ын Уханьд хорионы зэрэглэлээ буулгаснаас өнгөрсөн долоо хоногт нэг байранд таван тохиолдол батлагдаж, дахин сэргэлээ. Коронавирусний халдварыг тогтоолоо гэж зарласан БНСУ-д ганц хүнээс болж, өчигдөр 62 хүн халдвар авч, 2 хүн нас барлаа. Иймд иргэд анхаарлаа сулруулж болохгүй.
Монголд нийт 986 хүн ажиглалтад байна. Өчигдөр 15 галт тэргэнд 4800 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт 5 тонн ачааг ариутгалд оруулсон" гэж хэлэв.