АНУ-ын эмийн үйлдвэрийн “Johnson& Jonhnson” компани ирэх онд Covid-19 коронавирусийн эсрэг нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай тус компанийн тэргүүн Пол Стоффелс мэдэгджээ. “Манай компани 2021 онд нэг тэрбум вакцин үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Вакцины эмнэлзүйн туршилтыг ирэх 9-р сард эхлүүлнэ. Цар тахал вакцины шаардлагагүйгээр дэгдээд өнгөрсөн бол бид баяртай байх байлаа. Гэвч ийм зүйл болно гэж бодоогүй. Халдварын тархалтын хурдыг тооцоолж үзэхэд дэгдэлтийг хянахын тулд вакцин зайлшгүй шаардлагатай болно” гэж тэрбээр хэлсэн байна. Тус компани АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Био анагаах ухааны хэтийн судалгаа, хөгжүүлэлтийн газартай хамтран вакцин гарган авахад зориулж 1 тэрбум гаруй доллар зарцуулах гэнэ. Ташрамд дурдахад Covid-19 коронаврусийн эсрэг вакциныг анхны туршилтыг Вашингтон мужийн Сиэтл хотод өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн юм. Тус вакциныг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, “Moderna” биотехнологийн компани гаргаж авсан бөгөөд ойролцоогоор 12 сарын дараа хэрэглээнд гаргах аж.