Японы Зэвсэгт хүчний сансрын анги энэ сарын 18-наас ажиллаж эхлэх бөгөөд сансрын тойрог замд тус улсын хиймэл дагуулуудын аюулгүй байдлыг хянах болно гэж Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно өнөөдөр /2020.05.08/ Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Хиймэл дагуулыг сансрын хог хаягдлаас хамгаалах нь бидний хамгийн чухал зорилт юм. Сансрын анги одоогоор 20 мэргэжилтнээс бүрдэж байгаа бөгөөд цаашдаа бүрэлдэхүүний хүрээг тэлэх төлөвтэй байна” гэж Коно ярьжээ. Мөн түүний хэлснээр тус анги сансрын тоног төхөөрөмж, объектуудад аюул учруулж болзошгүй солирын болон сансрын бусад биетийг ажиглах юм байна. Энэхүү сансрын анги АНУ-ын Зэвсэгт хүчин, Японы сансар судлалын “Jaxa” агентлагтай холбоотой ажиллах гэнэ.