Мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчин, геологи уул уурхайн салбарын хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчилах, байгаль орчны бохирдол доройтолыг бууруулах, хууль сахин мөрдөлтийг дээшлүүлж, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль хамгаалах сарын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил дэлхий нийтээр COVID-19 цар тахал тархсан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Зөв дадал-Ногоон ирээдүй” сарын аяныг 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний хугацаанд Улсын хэмжээнд цахим орчинд зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд байгаль орчны чиглэлээр шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг иргэдэд сурталчлан таниулах, байгалиа хамгаалах, усны ундаргыг хайрлан хамгаалах, усыг хэмнэлттэй ашиглах,эко хэрэглээг бий болгож хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах хэвшлийг айл өрхүүдэд бий болгох, иргэдийн хандлагыг өөрчилж зөв дадлыг бий болгох, эерэг нөлөөлөл үзүүлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан байгалийн нөөцийн зохистой ашиглах, уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй хэрэглээг хангах, байгальд сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.
Цахим орчинд хүүхэд залуучуудад байгалиа хамгаалах, эх оронч сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах журамт үүргээ биелүүлж, байгаль эхээ хайрлаж ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг үлдээх талаар соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иргэн бүрт байгаль орчныг хамгаалах, зөв харьцах дадал суулгах зорилго бүхий аянд идэвхитэй оролцохыг Та бүхэнд уриалж байна.