АНУ, ИХ Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын тусгай албадын нэгдсэн “Таван нүд” тагнуулын холбоо Хятадын эрх баригчдыг өнгөрсөн оны сүүлээр Ухань хотод гарсан COVID-19-ийн дэгдэлтийн нотолгоог санаатайгаар устгасан гэж үзжээ. Энэ тухай The Daily Telegraph сонин тус холбооны илтгэлийг дурдан мэдээлэв. Баримт бичигт Хятадын засгийн газар коронавирусын халдвартай холбоотой аливаа мэдээллийг нуун дарагдуулж байснаараа бусад улс орнуудыг эрсдэлд оруулсан гэжээ. Түүнчлэн БНХАУ өөрийн улсын лабораториудад COVID-19-ийн туршилтууд хийсэн нотолгоонуудыг устгаж, вакциныг боловсруулж байсан гадаадын эрдэмтдэд био материалыг өгөхөөс татгалзаж байжээ. Мөн өнгөрсөн оны 12-р сарын эхээр Covid-19-ийн халдвар хүнээс хүнд дамждаг гэх нотолгоо Бээжинд байсан боловч үүнийгээ 1-р сарын 20 хүртэл няцаасаар байсан аж. Тайланд дурдсанаар бол 1-р сарын 3-ны өдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо коронавирусын дээжийг устгах мөн уг вирусийн талаарх мэдээллийг нийтлэхгүй байх тушаал гаргажээ.