Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан (ДЭМБ) Хятадад гарсан Covid-19-ийн эх үүсвэрийн талаарх мөрдөн шалгах ажиллагаанд нэгдэх хүсэлтэд тус улсын эрх баригчид татгалзсан хариу өгчээ. Энэ тухай ДЭМБ-ын Хятад дахь төлөөлөгч Гауден Галеа Sky News телевизийн сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Түүний ярьснаар Хятадын тал коронавирусийн үүссэн шалтгааныг илрүүлэх ажлыг дангаараа хийж байгаа аж. Мөн Ухань дахь вирус судлалын хоёр лабораторийн үйл ажиллагааны талаарх баримт бичигтэй танилцах ДЭМБ-ын хүсэлтийг ч авч хэлэлцээгүй гэдгийг Галеа онцолсон байна. Галеагийн үзэж байгаагаар хэдий мэдээлэл хомс байгаа ч Covid-19-ийг байгалийн гаралтай гэж тус байгууллага үзэж байгаа аж. Гэсэн ч ДЭМБ Хятадын эрх баригчдаас дээрх мөрдөн шалгах ажиллагааны баримт, мэдээлэлтэй танилцах хүсэлтээ үргэлжлүүлэн тавьсаар байх болно гэж албаны хүн цохон тэмдэглэв. 4-р сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп SARS-CoV-2 коронавирусийн гарал үүсэл БНХАУ-ын Ухань хотын лабораторитой холбоотой болохыг нотолсон мэдээлэл байна гэж мэдэгдсэн билээ.