Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Өвтийн амны Нууцат гэх газарт нэр бүхий компани нөхөрлөл нэрийн дор Ойн ангитайгаа гэрээ хийлгүй цэвэрлэгээнд гарч, дөрвөн метрийн урттай 170 ширхэг гуалин хууль бусаар бэлтгэжээ. Сүүлийн үед Өвөрхангай аймгийн хойд бүсийн зарим сумд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байгаа бөгөөд он гарснаас хойш Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийнхэн 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ. Тиймээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Бат- Өлзий сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан аж. Энэ үеэр дээрх хууль бус үйлдлийг газар дээр нь шалгаж, цагдаагийнханд үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн энэ үеэр шалгалтад хамрагдсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэлийн болон үйлдвэрийн талбайд гал түймэр унтраах багаж хэрэгсэл байрлуулаагүй, бэлтгэсэн модны төрөл, тоо хэмжээний бүртгэл хөтөлдөггүй, ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлгүй, хяналтын камергүй, мод зүсэх тоног төхөөрөмжид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүгнэлт гаргуулаагүй, цахилгааны утас нь газардуулагчгүй, ойн цэвэрлэгээний ажил хийхдээ гуалин, дүнз болох модыг сорчлон бэлтгэдэг, унангиас түлээбэлтгэдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зарим компанийн үйл ажиллагааг түр зогсоож, хуулийн дагуу шалгуулахаар болжээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон