Унтаж байхад хүүхдийн тархи өдөртөө хүлээж авсан мэдээлэл, шинээр сурсан, сонссон зүйлсээ төсөөлөн боловсруулдаг. Өөрөөр хэлбэл мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон шинэ мэдлэг батжин үлддэг байна. Ялангуяа яг унтахын өмнөхөн (20:30-21:30 цаг) тархины үйл ажиллагаа хамгийн их эрчимждэг. Энэ үед нь ямар ч мэдээллийг өгсөн тэр хэмжээгээр нь хүлээн авч унтах үедээ үргэлжлүүлэн улмаар төсөөлөх, ургуулах чадвартай болдог аж.
Тиймээс хүүхдэд аль болох багаас нь унтахын өмнө үлгэр, домог ярьж өгөх нь тэдний уран сэтгэмж, төсөөлөх чадамж хөгжих том боломж юм. Онцгойлон аав (өвөө, авга нагац ах нар)-ын ярьж өгөх домог, түүх, үлгэрүүд их чухал. Гэхдээ унтахын өмнө учир айдастай, аз жаргалгүй, бүтэлгүй төгсгөлтэй үлгэрээс татгалзаарай.
Аав (өвөө, ах) ярих яагаад чухал вэ:
1. Аавууд төдийлөн хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаад байдаггүй тул үлгэр домгоор дамжуулаад харилцан нээлттэй ярилцдаг болсноор өсвөр насанд хүүхдэд тохиолдох олон төрлийн сэтгэл зүйн бэрхшээлээ тантай сэтгэл санаагаа нээлттэй хуваалцдаг болно.
2. Өдөр тутамд аавуудын сэтгэл хөдлөл төдийлөн сайн мэдрэгддэггүй, үгийн баялаг ч тодорхой хэдэн үгэнд эргэлддэг. Харин ном уншиж, үлгэр ярих үед аавын сэтгэлийн илэрхийлэл, дууны өнгийн өөрчлөлт, өмнө сонсож, өдөр тутам амнаас нь гарч байгаагүй үгүүд гэх мэт маш олон шинэ содон зүйлс ажиглагдаж хүүхдэд хамгийн таашаалтай, жаргалтай мэдрэмжийг өгдөг.
3. Унтах бүрд аав сонин содон зүйлсийг ярьж өгснөөр өөрийг нь хамгаалах хүчтэн, бүхнээс супер баатар дэргэд байгаад бахархаж хүүхэд өөртөө итгэлтэй болдог.
4. Номын адал явдлыг хамтдаа хуваалцаж, багаас нь аавын дуу хоолой сэтгэл зүрхэнд шингэснээр та хоёрын хооронд насан туршийн гүнзгий итгэлцэл, халуун дулаан харилцаа бат бөх оршдог.
5. Үлгэр, домог дотор шингэсэн сургаалийг хэлэлцэж, болох болохгүй, зөв буруу, тэсвэр хатуужлын ухааныг нөхөрсгөөр хэлэлцэх том боломж болдог. Дийлэнх аавууд хөвгүүддээ хатуурхаж, хаяадаа гөвж байж хатуужилтай болдог хэмээн маш том эндүүрдэг шүү.
6. Энэ л аавын үлгэрлэлээс хүүхдэд сайн аав, сайн хань, өрхийн тэргүүний дүр төрхийн төсөөлөл бий болдог. Өөрөөр хэлбэл хөвгүүд жинхэнэ эцэг ямар байхыг суралцана. Охид эр нөхрөө сонгохдоо эцгээрээ төлөөлүүлж төсөөлдөг тул зөв сонголт хийж сайн ханьтай болоход нь нөлөөлдөг.
Аав та гэр бүлийнхээ ноён нуруу, түшиг тулгуур, нөмөр нөөлөг болж хүндлэгдье гэвэл үр хүүхдэдээ зориулан тодорхой чанартай цаг гаргаж, ханьдаа халамж хайраа харуулах боломжийг эрэлхийлж байгаарай.