Монгол ардын дуунд гардаг, хажуу газар ургадаг хайлаас модыг та хараад таних уу. Нэрийг нь сайн мэдэх хэдий ч олон мод дундаас аль нь хайлаас вэ гэж надаас асуувал зааж чадахгүй гэдгээ нуух юун. Хайлаас модыг анх Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн хүү, доктор, профессор Энхсайхан судалж, “Монгол орны мод, сөөг” нэртэй ном гаргасан байдаг. Манай орны уудам нутагт 140 гаруй зүйлийн мод, сөөг ургадаг. Д.Энхсайхан доктор 40 жил судалсны эцэст 99 зүйлийнх нь мэдээллийг багтаасан эл номыг хэвлүүлжээ. Тэрбээр ойн аж ахуйн инженер мэргэжилтэй. Бид Хан-Уул дүүргийн нутаг дахь “Жаргалант” худалдааны төвийн урд уулзсан бөгөөд эргэн тойронд хуучны 3-4 давхар барилга, хатуу хучилттай зам, замын хоёр талд мод, бут суулгажээ.
-Чи энэ хашаан доторх моднуудыг нэрлэж чадах уу хэмээсээр намайг угтав.
-Миний мэдэх нь гацуур л байна. Олон янзын хэлбэртэй бут, модны нэрийг мэдэхгүй.
-Мэдэхгүй байх чинь аргагүй, чамайг ингэх болов уу гэж бодоод албаар энд уулзсан юм. Хэлбэрт оруулж хайчилсан бутнууд бол хайлаас. Эл модыг бага байхад нь тайрч, хэлбэрт оруулахгүй бол хамаагүй том ургачихдаг юм. Ер нь хайлаасыг байшингийн ойролцоо таривал суурийг нь хөндийрүүлэн, ургаж мэднэ шүү хэмээв.
АМЬДРАХ ЧАДВАР САЙТАЙ УЧИР ГОВЬД Ч УРГАДАГ
Нэрийг нь дуулаагүй хүн гэж үгүй, хайлаас мод үрээр сайн ургадаг онцлогтой. Тайрч хэлбэржүүлэхэд хамгийн тэсвэртэй гэнэ. Тийм учраас 1950 оноос хойш хот тохижуулахад эл модыг ашиглаж буй юм. Ингэхдээ үрээр нь ч, суулгацаар ч ургуулдаг аж. Түүнийг жижиг байхад нь тайрах тусам шигүү ургаж, хэлбэрт ордог. Хотын хатуу хучилттай замын хажуугаар байх янз янзын хэлбэртэй бут нь хайлаас байх нь. Д.Энхсайхан доктороос хайлаас модны экологийн ач холбогдлын талаар тодруулахад “Элсний нүүдэл, голын эргийг хамгаалдаг бөгөөд уулын налуу хэсэгт, модгүй газрыг ойжуулахад ашиглавал тохиромжтой. Мөн хашаандаа ургуулж, томруулаад зуны халуунд сүүдэрт нь хэвтэж болно” хэмээн егөөдлөө. Монголд гурван зүйлийн хайлаас хаа сайгүй тархжээ. Говьд ургадаг хайлаас нь дандаа хайрга дагаж ургадаг гэнэ. Тухайлбал, ширгэсэн голын сайр хавиар элбэг тохиолддог аж. Эл модны үр тавдугаар сарын сүүлчээр боловсордог аж. Хийсэж унасан үрийг нь аваад хаана ч тарьсан ургадаг юм байна.
ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД НЭН ТОХИРОМЖТОЙ
Зүйлээсээ шалтгаалж өөрийн онцлогт таарсан орчинд ургадаг. Ер нь говь, хангайн бүсдэх эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зориулалтаар тарина. Жишээлбэл, ухаж, гэмтээсэн газарт үрээр тарихад ажрахгүй ургадаг гэнэ. Хөрс голдоггүй учир эл модыг хүмүүс илүү их тарималжуулдаг гэнэ.
“Монголчууд хайлаасыг “ариун мод” хэмээн нэрлэж тахилгат уул овоо, сүм хийд, шашин номын газар, ихэс дээдсийг нутаглуулсан газарт тарьж, суулгаж байсан бөгөөд өөртөө нарны илчийг шингээн амилж, хамгийн нарийхан мөчир салаа нь хүртэл хахирган хатуу цагийг даан хойтон хавар нь амилан ургаж чаддагаараа гайхамшигтай.
Хазгай газар гэдэг ус тогтдоггүй налууг хэлэх бөгөөд ямар ч газар хөрс гололгүй, тэр тусмаа говь, цөлийн бүсэд ч ургаж олон зуу насалдаг. Говийнхон бүр илүү сайн мэднэ. Налуу газрын ус урсаад л өнгөрдөг болохоос шингэх нь бараг үгүй. Говийн нүцгэн уулс, хад асга бүхий хөндий, татам, цөл, хээрийн үржил шимгүй цагаан хөрсөнд зөвхөн хайлаас ажрахгүй ургах бөгөөд тэр хэзээ ч хөрс шороо голж байсангүй. Түүнд говь, цөлийн ургамлын шинж төгс бий. Навч нь жижиг, үндэс нь хүчирхэг, өндөр биш боловч хавж ургасан үндэс нь хаа хол тархаж, хаанаас ч жаахан ус олоод ирэх нь түүний чадварыг илтгэнэ” хэмээн биологийн ухааны доктор Б.Чимэд хайлаасны тухай нийтлэлдээ дурдсан байдаг.
Монгол орны ой эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ургадаг, байгалийн жамаар нөхөн сэргэх чадавх муу. Түймэр, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг. Ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Монгол орны ойн санг шилмүүст ангийн шинэс, нарс, хуш, гацуур, жодоо, навчит ангийн хус, улиас, улиангар, хайлаас, бургас, сөөг бүрдүүлдэг. Мөн ойн 75.4 хувийг шилмүүст, навчит мод, 24.6 хувийг заган ой эзэлдэг хэмээн судлаачид тогтоосон байдаг.
ТАРВАГАН ХАЙЛААС
Тарваган хайлаас нь дунджаар 10 метр өндөр ургана. Зарим газарт 14 метр хүртэл өндөр хайлаас тохиолдож байсан гэнэ. Эл мод орчны нөхцөлөөс хамаарч 30-50 см бүдүүрдэг. 100-гаас дээш насалдаг бөгөөд залуу найлзуурын мөчир ногоон шар өнгийн холтостой. Харин хөгшин модны холтос нь саарал өнгөтэй байдаг. Хайлаасны нэг онцлог нь цэцэглэсний дараа навч гардаг бөгөөд тав, зургадугаар сард боловсорч дуусдаг. Тарваган хайлаас нь манай орны Хангай, Хэнтий, Монгол Алтай, Хөвсгөлийн нутагт уулын хад, чулуутай хажуу, хөндий, сайрын зах, горхи, булгийн эх, голын хөндийд ургана. Улсын хэмжээнд хайлаас найман аймгийн нутагт 4064 га талбайд тархжээ. Голдуу хуурай, хур тунадас бага ордог орчинд ургадаг. Үржил шим муутай, хад асгатай, голын эргийн элсэрхэг хөрсөнд зонхилон тохиолдоно. Эрс тэс цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвар сайн. Хайлаасны төглийн байгалийн нөхөн сэргээлт маш муу байдаг. Зарим газарт хайлаас ихээр хатаж байгааг судлаач онцолсон. Гэхдээ үрийг удаан хугацаанд хадгалахад ургах, соёолох чадвар мууддаг тул шинэ түүсэн үрээр таривал илүү сайн ургуулах боломжтой.
ТОМ ҮРТ ХАЙЛААС
Найман метр өндөр, 30 см бүдүүн ургадаг. Холтос нь саарал, бор буюу шаравтар өнгөтэй. Нахиа нь шовгор хэлбэртэй. Навч нь 7-9 см урт, таван см өргөн бөгөөд богинохон шүдтэй. Зургадугаар сард үр нь боловсорч гүйцэнэ. Хэнтий, Дорноговийн нутагт ой, хад чулуутай хажуу газар, голын хөндийд ганц нэгээрээ буюу бүлгээр тархсан. Эл хайлаасыг хотын ногоон байгууламж, хамгаалалтын зурвас байгуулахад ашигладаг. Том үрт хайлаасны тархалтын талбай, нөөцийг сайн судлаагүй бөгөөд цаашид судалгаа хийх, хамгаалах, нөхөн сэргээх нэн шаардлагатай гэнэ. Том үрт хайлаасны суулгацыг ногоон байгууламжид ургуулахаас гадна хашаанд элс тогтоох, ойн зурвас байгуулахаар ургуулдаг аж. Тархан ургаж байгаа газрыг нөхөн сэргээж, ойжуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай. Энэ ажлыг орон нутгийн ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэх хэрэгтэй хэмээн Д.Энхсайхан доктор зөвлөлөө.
ЯПОН ХАЙЛААС БУЮУ ТӨСӨГ
Эл мод зургаан метр өндөр ургадаг. Мөчрийн холтос саарал, хүрэн өнгөтэй. Навч нь 2-8 см урт, 1-3 см өргөнтэй. Тавдугаар сард цэцэглэж, зургадугаар сарын эхээр үр нь боловсордог. Япон хайлаасны тархалт, нөөцийг судлаагүй бөгөөд цаашид мөн нарийвчлан судалж, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Манай оронд япон хайлаасыг тарималжуулан ногоон байгууламжид ашиглах бололцоотой. Хайлаасны энэ төрлийг гадаадад гоёлын ургамал хэмээн ургуулдаг гэнэ. Уг хайлаасны навч, хэлбэр өнгө намар маш гоёмсог, улаан хүрэндүү өнгөтэй болдог учир хүмүүс моностой андуурдаг аж.
Бэлтгэсэн. О.Алуунгуа