АНУ-ын Миссури муж БНХАУ-ыг Covid-19 цар тахалд буруутган шүүхэд өгч байгааг тус мужийн Ерөнхий прокурор Эрик Шмит мэдэгдлээ. “Хятадын засгийн газар COVID-19-ийн аюул, халдварын талаар дэлхий даяар худал хэлж, гомдол гаргасан хүмүүсийг дуугүй болгож, өвчний тархалтыг зогсооход юу ч хийгээгүй. Тэд өөрсдийн эл үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой " гэж Шмит хэлсэн байна. Нэхэмжлэлд Хятадын эрх баригчдыг "олон нийтийг хууран мэхэлсэн, чухал мэдээлэл нуун дарагдуулсан, гомдол гаргасан хүмүүсийг баривчлан саатуулсан, вирус хүнээс хүнд дамждагийг үгүйсгэсэн, эмнэлгийн шинжилгээнүүдийг устгасан, олон сая хүмүүсийг вирусийн халдвар авах нөхцөлийг бүрдүүлснээр урьдчилан сэргийлж болох байсан цар тахлыг үүсгэсэн" гэж буруутгажээ. Түүнчлэн БНХАУ-ыг вирусийн халдварын эхний шатанд хорио цээр тавиагүйн улмаас 1-р сарын 1 гэхэд Ухань хотоос 175 мянган хүн гарч явсанд буруутгасан байна. Миссури мужийн эрх баригчдын мэдэгдсэнээр цар тахал нь хүмүүсийг өвчин, үхэлд хүргээд зогсохгүй үй олон ажлын байр алдагдахад хүргэсэн аж. "Олон нийтийн дэг журмыг алдагдуулсан", “үүргээ биелүүлээгүй”, “маш аюултай үйлдэл хийсэн” гэж БНХАУ-аас нөхөн төлбөр шаарджээ. Нэхэмжлэлд нөхөн төлбөрийн мөнгөн хэмжээг заагаагүй байна. Америкийн шүүх гадаадын эрх баригчдын тодорхой үйлдлүүд АНУ-д эрүүгийн болон иргэний шүүхэд хамаарагдахгүй гэсэн бүрэн эрхт халдашгүй байдлын тухай ойлголт дээр тулгуурладаг тул уг нэхэмжлэл ирээдүйгүй болов уу.