“Амьдрал гэж юу сан билээ, энэ амьдралыг хэрхэн сөрөх вэ хэмээн боддог хүн бидний дунд хэд байгаа бол. Энэ тухай эргэцүүлдэг, өөрөөр хэлбэл, бусдын төлөө цохилох зүрхтэй, зорилготой, нэгний тухай бичиж сууна. Нийтлэлийн гол баатар минь “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөлийн тэргүүн Б.Нямжав юм. Түүнийг жил гаруйн өмнөөс таньдаг болсон билээ. Гэхдээ танилцахаасаа өмнө хийж бүтээснийг нь эчнээ мэддэг минь түүнийг онцлоход түлхэц болсон.
Б.Нямжавынх гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан айлуудын нэг. Гэхдээ тэрбээр ус үзээгүй гутлаа тайлж, уул хараагүй хормой шуусан хүмүүсээс тэс ондоо нэгэн. Амин хувиа бодолгүй, асуудал нэгтэй хүмүүсийг эрсдэлээс хамгаалж, эрхийг нь сануулсан. Энэ л шалтгаанаар хүмүүс түүнийг хүний эрхийн зоригтон хэмээн үнэлж буй. Түүний тэмцэл анх Баянзүрх дүүргийн XIII хорооны 152 хашааны 203 айлын 1000 гаруй хүний эрхийг хамгаалахаас эхэлсэн. Энэ тэмцлийг хийхэд гурван тулгуур багана түүнийг түшиж, бас хурцалж буй. Эхний тулгуур нь түүнд итгэлээ өгсөн иргэд. Хоёрдугаарт, Монголын Хүний эрхийн үндэсний комиссынхон нэгэн тулгуур болж, хийж буй ажлыг зөв гэж урамшуулжээ. Үүнээс гадна олон улсын “Эмнести интернэйшнл” байгууллага хүний эрхийн төлөө тэмцэхэд гурав дахь тулгуур нь болж, үйл ажиллагааг нь дэмжиж, бодит тусламж үзүүлсэн. Тэрбээр дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрхийг 2014 оноос хойш хамгаалж өнгөрсөн хугацаанд хотын удирдлагад 46 бичиг өгснөөс хоёрт нь хариу авсан гэх. Үүнээс гадна төр болон компанийн олон дарамт шахалтыг тэсвэрлэн өнөөдрийг хүрсэн ч бууж өгөөгүй.
Дээрх нөхөрлөлийнхөн хотын удирдлагад 2015 оны нэгдүгээр сард хандаж, “Цагаан хуаран консалтинг” компанийн Баянзүрх дүүргийн XIII хороонд хэрэгжүүлэх төслийг цуцлуулах хүсэлт гаргажээ. Гэтэл хүсэлт гаргаснаас жил шахам хугацаа өнгөрсний дараа буюу арваннэгдүгээр сард албаныхан гэнэт Б.Нямжавтай холбоо барьж “Үнэхээр нэгдсэн юм бол хоёр цагийн дотор оршин суугчдыг цуглуул. Дараа нь төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлах, эсэхийг шийднэ” гэж үүрэгджээ. Тус хорооныхон нэгэнт итгэж Б.Нямжавыг нөхөрлөлийн удирдлагаар томилсон тул ажилтай нь ажлаа орхин, хүүхэдтэй нь хүүхдээ тэвэрч, настайчууд таягаа тулаад хурал зарласан газарт цуглав. Ингэж тэд төр, компани хамтран иргэдийн газрыг булаах гэснийг таслан зогсоосон юм.
Тус нөхөрлөлийн тэргүүн төрийг харж, зүгээр суусангүй. Айл бүрийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын зэрэгцээ гадаадад хэрэгжүүлсэн сайн жишгийг судалсан гэнэ. Улмаар гадаадын экспертүүдийг Монголдоо урьж, зөвлөгөө ч авсан байна. Ингээд “Цагаан хуаран консалтинг” компанийн төслийг зогсоосноос хойш ердөө таван сарын дотор гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийх төсөл боловсруулж чадсан.
Хоёр жил орчим хөөцөлдсөний эцэст, 2016 оны тавдугаар сарын 3-нд тэрбээр тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, төслөө танилцуулсан байдаг. Засаг дарга түүнийг яриаг сонсож, цаасан дээрхийг нь гүйлгэж хараад “За тэр шүү дээ, би үүнийг л хүсээд байсан юм. Баяр хүргэе” хэмээн суудлаасаа үсэрч боссон удаатай. Харамсалтай нь, хотын дарга солигдсоноор эл ажил хэрэгжээгүй юм. Дараа, дараагийн хотын дарга нар “Сайхан санаа байна, судалъя” гэх дипломат үг унагасан ч бодит дэмжлэг үзүүлээгүй.
Өнгөрсөн жилүүдэд Б.Нямжав нийслэлийн ИТХ-аар төслийн нэгж талбай, ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан байна. Эхний ээлжийн барилгажих хэсгийн архектур төлөвлөлтийн даалгавар болон техникийн дөрвөн нөхцөл буюу дулаан, цахилгаан, ус, холбооны зөвшөөрлөө ч авав. Эцэст нь, төслөө гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулснаар Европын нэг, Азийн хоёр компани хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Харамсалтай нь, гадаадын хөрөнгө оруулагчийг Монголын төр хүлээн зөвшөөрөөгүй сурагтай. Тодорхой хэлбэл, гадаадаас хөрөнгө татсан нь чухал бус, энэ мөнгөө заавал төрөөр дамжуулж, барилгаа барь гэсэн юм байх. Харин гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрд өмнө нь хууртсан тул дээрх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байдаг. Гадаадынхан “Бид зөвхөн цэвэр бизнес хийхийг хүсэж буй” гэжээ. Тиймээс эхний ээлжид Баянзүрх дүүргийн XIII хорооны гадна шугам сүлжээ, холбоо зэрэг дэд бүтцийг концессын гэрээгээр гүйцэтгэе гэх саналаа нийслэлийнхэнд уламжилсан аж. Харин нийслэлийнхэн концессын жагсаалтад энэ асуудлыг нь оруулахгүй байгаа юм. Уг нь манай хууль тогтоомжид зааснаар, дахин төлөвлөлтийн гадна шугам сүлжээний хөрөнгийг төр даах гаргах ёстой. Төр энэ үүргээ ч биелүүлэхээс хойш суусан байна. Түүнчлэн иргэд өөрсдөө боловсруулсан төслөө хэрэгжүүлэхэд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.3, 13.1.1, 19.5 дахь заалтууд зөрчилдөж буй юм.
Баянзүрхчүүд анх амины орон сууцын хороолол барихаар төлөвлөжээ. Гэвч 2013 онд баталсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд зөвхөн өндөр орон сууцын хороолол барина гэж тусгасан. Тиймээс төлөвлөгөөгөө өөрчилж, цэцэрлэг, сургууль бүхий 1400 айлын орон сууцын хороолол барихаар болов. Дээрх хорооны газар нутгийн талбай 9.1 га. Тиймээс барилга хоорондын зайг хол, нэгдүгээр давхарт нар тусахаар төлөвлөжээ. Гэхдээ барилгын хууль, тогтоомжид харшлах олон асуудал үүсэж буй. Жишээ нь, байрууд саарал усны технологи бүхий бичил станцтай байх гэнэ. Гэвч энэ технологийг хүлээж авах улсын комиссгүй, стандарт ч үгүй ажээ. Нарны хураагууртай шилэн фасад байгуулъя. Үүгээрээ цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлэг хийе гэж тооцсон. Бас л нарны зайн хураагуурыг фасаданд ашиглах стандарт Монголд үгүй гэх тайлбарыг албаныхан хэлжээ. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-ээ батлуулан, бүх зөвшөөрөл авсан ч хотын дарга нар амьдралд хэрэгжихгүй эрх зүйн баримт бичиг боловсруулчихаад “Манай улсын зарим хууль журамтай нийцэхгүй байна” хэмээн гэдийсээр өнөөдөртэй золгожээ. Уг нь, тэрбээр төрийн дэмжлэг хүсэж, хотын удирдлагатай уулзаж, хэд хэдэн санал тавьсан юм билээ. Тухайлбал, С.Батболд даргатай уулзахдаа “Та бүхэн барилгын компаниудтай хэт нэг талыг барьсан гэрээ хийжээ. Гэрээний харилцаагаар гурван тал ижил үүрэг хүлээж, тэгш эрх эдлэх учиртай. Айлууд хоорондын гудамж, талбай төрийн өмч. Одоо төр эдгээр газраа компанийн нэр дээр шууд шилжүүлж буй. Тийм атлаа төр барилгын компаниас ямар ч ашиг авдаггүй. Дээрээс нь тухайн орчинд дэд бүтэц байгуулах зардлыг төсвөөс гаргадаг. Баянзүрх дүүргийн XIII хороонд 9.1 га газар бий. Гудамж хоорондын зай буюу 2.1 га нь төрийн өмч. Тиймээс 2.1 га-гийн тал хэсэгт дэд бүтэц байгуулъя. Үлдсэн 10 000 ам метр талбайд орон сууц бариад төрд хүлээлгэж өгье. Хамгийн багадаа 50 ам метрээс дээш талбайтай 20 орон сууц болно. Энэ орон сууцдаа багш, эмч зэрэг төрийн албан хаагч, өндөр настнаа оруулаач” гэсэн санал тавьжээ. Харамсалтай нь, С.Батболд дарга судалъя гэсэн боловч хариу өгөлгүй байсаар халаагаа өгчээ.
Баянзүрхчүүдээс гадна дахин төлөвлөлтөд хамрагдсан өөр дүүргийн иргэд түүнээс зөвлөгөө авах болжээ. Тухайлбал, Хан-Уулын хоёр, Сонгинохайрханы нэг, Сүхбаатарын хоёр, Баянзүрх дүүргийн гурван хорооны иргэд түүнд итгэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хороодын иргэд тус тусдаа төрийн бус байгууллага байгуулан тэмцэж байж. Тиймээс иргэд “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл байгуулан тэргүүлэгчээр Б.Нямжавыг сонгожээ. Өдгөө Б.Нямжав газраа чөлөөлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээнээс гээгдсэн мянга мянган иргэний эрхийг хамгаалан ажиллаж буй юм.
Хотын захиргааны зарим мэргэжилтэн өдгөө “Чиний ард хэн байгаа вэ” гэж түүнээс асуудаг гэнэ. Мэдээлэл цуглуулах зуураа Б.Нямжавтай уулзсан юм. Тэрбээр “Миний ард хэн ч байхгүй. Бид төрд итгэж олон жил хүлээсэн. Төрийн бүтэц томроод л байна. НОСК, Дэд бүтэц, орон сууцын газар, төслийн удирдах хороо, хотын даргын дэд бүтэц, барилга хариуцсан орлогч нэмэгдсэн ч дорвитой үр дүн гараагүй. Тиймээс иргэд өөрсдөө төсөл санаачилж, хөрөнгө оруулагч хайхад хүрсэн. Гадаадад ч ийм жишиг олон” гэсэн юм.
Хүний эрхийн зоригтон хэмээн иргэдийн тодорхойлоод буй Б.Нямжавын бага нас хэрхэн өнгөрсөнийг одоо танилцуулъя. Эндээс та бүхэн тэрбээр төрөлхийн тэмцэгч байсныг ойлгох болов уу. Түүний ээж, аав хотод аж төрдөг. Гэвч балчир насаа Ховд аймагт, эмээ, өвөөгийндөө өнгөрүүлж, дунд сургуульд орохдоо л хотын хүүхэд болжээ. Багаасаа л нийгмийн идэвхтэй байсан тэрбээр Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн. Дунд сургуульдаа ангийнхаа ариун цэврийн болон сурагчдын зөвлөлийн дарга байв. Бас Соросын сангаас санхүүжүүлдэг “Карл попер”-ийн мэтгэлцээний хөтөлбөрт явдаг байснаа дурссан. Дартс сайн тоглодог учраас улсын гоц мэргэн цолын эзэн болсон. Нийгмийн идэвхтэй, улс, нийслэлийн уралдаан тэмцээнд алгасахгүй оролцож, эхний байруудад шалгардаг, басхүү даргын албанаас “буулгүй” явсаар дунд сургуулиа дүүргэсэн. Энэ үед аав, ээж нь түүнд эдийн засагч болохыг зөвлөсөн юм билээ. Эдийн засагч ээжийн охин СЭЗДС-д эхний шалгалтаа өгч тэнцчихээд, ангийнхантайгаа алхаж явахдаа МУИС-ийн I байрны гадна өлгөсөн “Будда судлалын ангид элсэлт авна” гэх зарыг харжээ. Маргааш нь СЭЗДС-д элсэх хоёр дахь шалгалтаа өгөх байв. Гэтэл буддын гүн ухааны ангид элсэх шалгалт нь санхүүч болох сорилын цагтай нь давхацчихжээ. Б.Нямжав шууд л буддын гүн ухааны анги руу жирийсэн гэдэг. Улаанбаатар дөрөвхөн элсэгч авах хатуу шалгуурт тэнцэн, намар нь МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын оюутан болжээ. Оюутны завгүй өдрүүд эхэлсэн ч тэрбээр нийгмийн идэвхээ гээсэнгүй. Соросын сангийнхний хүсэлтээр М.Тамир багшийнхаа удирдлагад өөрийн факультетдаа “Бэст” нэртэй парламентын мэтгэлцээний клуб байгуулжээ. Гэхдээ тэр их сургууль төгстөлөө тийм ч дардан зам туулаагүй. Нэгдүгээр курсийн төлбөрийг нь эмээ, өвөө нь цөөн хэдэн малаа худалдан байж төлсөн. Харин хоёрдугаар курсэд орох жил нь ээж аав нь цомхотголд өртөн ажилгүй болсон гэх. Тиймээс1999 оны намар үргэлжлүүлэн сурах боломжгүй болов. Сургуулиасаа жилийн чөлөө авч, деканыхаа өрөөнөөс гарахдаа тэрбээр ихэд харамссан байна. Гэхдээ 240 000 төгрөгийн төлбөрөө өөрөө олохоор сэтгэл шулуудав. Өөрөөр хэлбэл, тэрбээр боломжгүй зүйлийг боломжтой болгохоор гарц хайж гүйсээр Солонгосын “Кореан косметикс” гоо сайхны дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлжээ. Гэхдээ өнөөх нийгмийн идэвхээ гээсэнгүй. Өдөр нь ажиллаж, чөлөөт цагаараа сайн дурын ажилд өөрийгөө дайчилсаар байв. Тодруулбал, “Буянт үйлс” нийгэмлэгийн тэргүүн Б.Амаржаргалтай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сайн дураараа туслах болов. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бие махбодод тохирсон тэргэнцэр, тоног төхөөрөмж судлах, сайн санаатнуудын өгсөн тэргэнцэр, таягийг бүртгэх зэрэг ажлыг хийх болжээ. Хамгийн анх тус нийгэмлэгийнхэн саажилттай хүүхдэд зориулсан тэргэнцэр, таяг зэргийг Францаас авчирч байжээ. Тус нийгэмлэгийн тэргүүн Б.Амаржаргал, гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал Г.Ойдов нарын удирдлагад ажиллаж, маш их зүйл сурснаа өдгөө тэр дурсаж, баярлаж явдгаа хэлсэн. Зунжин ажиллаж, хуримтлуулсан цалингаа бариад Нийгмийн ухааны факультетын декан Ж.Болдбаатарын өрөөнд тэрбээр оржээ. Ингэхдээ “Ангийнхантайгаа хамт төгсмөөр байна. Хоёр курсийн хичээлээ нэг жилд багтаан судална. Өнгөрсөн жил болон гуравдугаар курсийнхээ төлбөрийг аваад ирлээ” гэж хэлсэн гэдэг. Багш нь цаагуураа дэмжсэн ч наагуураа “Чи ядаргаанд орчих юм биш биз” хэмээхэд тэрбээр “Би чадна аа” гэж хэлээд сургуульдаа эргэн ирсэн байна. Сайн дураараа ажилласан ч “Буянт үйлс” нийгэмлэгийн тэргүүн Б.Амаржаргал түүнийг урамшуулан компьютер бэлэглэжээ. Энэ хуучин компьютер нь түүний дараа, дараагийн сургалтын төлбөрөө олох орлогын эх үүсвэр болов. Тодруулбал, тэрбээр өдөр нь хичээлдээ сууж, орой нь номын сан бараадан, сургуулийнхаа эдийн засаг, гадаад харилцааны ангийн оюутнуудын түүх, нийгэм, угсаатны зүй, философийн хичээлийн курсийн ажил, рефератыг 5000-8000 төгрөгөөр хийж өгдөг байв. Үүнээс гадна тэрбээр Соросын сангаас хүсэлт тавьсны дагуу дунд сургуулийн сурагчдын мэтгэлцээний дасгалжуулагч багш, тэмцээний шүүгчээр ажиллаж, долоо хоногт 20 ам.долларын цалинтай ч болов. Улмаар төсөл бичихэд суралцжээ. Оюутан байхдаа “Яруу найргаар хүмүүсийн сэтгэхүйд эергээр нөлөөлөх нь” төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн яруу найргийн блог хөтлөн оюутан залуусыг уран зохиолд шимтэхэд нь бага ч атугай хувь нэмэр оруулсан аж. Гуравдугаар курстээ эрдэм шинжилгээний бага хуралд “Буддын гүн ухааны суурь ойлголтыг орчин үеийн сэтгэл судлалын үндсэн ойлголттой харьцуулах нь” илтгэл тавьж түрүүлжээ. Дараахан нь Төрийн ордонд, тэр дундаа олон эрдэмтний өмнө эл илтгэлээ тавих урилга гарджээ. Эрдэмтдийн өмнө гараад сүрдэж, өвдөг нь чичирч явсан энэ дурсамждаа тэр хамгийн хайртай. Улмаар дөрөвдүгээр курсэд байхдаа Английн будда судлалын төвийн төлөөлөгч Энни, доод курсийн хүүгийн хамт “Номын хүрдэн” клубийг ч санаачлан байгуулсан аж. Буддын соёлыг сургуульдаа нэвтрүүлэх ажлыг ингэж тэр эхлүүлсэн. Математикийн анги төгссөн тэрбээр ганцаараа л буддын гүн ухаанд шунан дурласан нь энэ. Өдгөө түүний дунд сургуулийн нэг ангийнхан нь математикийн багш, банк, санхүүгийн салбарт ажиллаж буй. Ингэж явсаар нүд ирмэхийн зуур их сургуулиа төгсжээ. Тэрбээр сургууль төгсөхдөө диплом бичиж хамгаалсан цөөн оюутны нэг. Буддын гүн ухааны суурь ойлголтын тухай “Цахар гэвш Лувсанчүлтэмийн дуйра зохиолууд” сэдвээр дипломоо хамгаалсан байна.
Түүний ажлын зам мөрийг мөшгөе. МУИС-ийн эрдмийн зөвлөлд багтсан “Тэнгэр” дээд сургуулийн багш Т.Содномдаргиа диплом хамгаалсных нь дараа Б.Нямжавыг шууд л “чихдээд” авчээ. Өөрөөр хэлбэл, “Тэнгэр” дээд сургуульд багшлах урилга өгсөн байна. Оюутны ширээнээс багшийн албанд дэвшсэн Б.Нямжав “Тэнгэр” дээд сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнуудад буддын гүн ухааны хичээл зааж эхлэв. Харин жил гаруйн дараа буюу 2003 онд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баклавар зэрэгтэй багш баклаварын ангийн оюутнуудад хичээл заахыг хоригложээ. Тийм боловч сургуулийн удирдлага түүнд өгсөн итгэлээ буцаахыг хүссэнгүй. Улмаар Б.Нямжав сургуулийнхаа филисофийн тэнхимийн магистрын ангид суралцангаа ажиллажээ. Ажлынхаа хажуугаар “Буянт үйлс” нийгэмлэгтээ явсаар, мэтгэлцээнд оюутнуудыг бэлтгэсээр хоёр жилийг үдсэн байна. Энэ хугацаандаа Батсүмбэрийн ахмадын газрын байрыг анх удаа Францын хөрөнгө оруулалтаар тохижуулах, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд гадаад хэл дээрх номын сан нээхэд сайн дураар ажиллажээ. “Эмэгтэй удирдагч” сангаас хэрэгжүүлж буй төсөлд сайн дурын ажилтнаар ажиллах санал ирснээр 2004 онд ажлаасаа гарав. Өөрийгөө хөгжүүлэх хүсэл нь энэ ажлыг сонгоход хүргэжээ. Дараа нь Хүүхдийн төлөө үндэсний газарт мэргэжилтэн болж, төрийн албан хаагч боллоо. Тухайн үед тус газрын дарга М.Тогтохням “Цалин ихтэй хувийн хэвшлээ орхиод, 63 000 төгрөгийн цалин харж төсвийн байгууллагад яагаад оров” хэмээн асуусан гэх. Өөрийгөө сорих бас нэг даваа нь энэ байв. 2009 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажилд оржээ. Монгол Улс шинэ үе рүү тэмүүлж, залуус шинийг эрэлхийлж байсан тэр цаг үед хүүхдийн төлөө байгууллага болон дүүрэгт ажилласнаараа Б.Нямжав бахархдаг. Бас төрийн албанд богино хугацаанд ажиллахдаа залуучуудын сайн дурын зөвлөл ахалсан, НҮБ-ын Хүүхдийн сангаас төсөл авч хэрэгжүүлсэн. 21 аймгийн хүүхдийн байгууллагатай харилцаж, дүүргийнхээ ЗДТГ-ын 35 хэлтэс, 28 хорооны иргэдтэй ажилласан энэ он жилүүддээ бас хайртай гэсэн. Дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлийн хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байж. Тиймээс ажлын байрны сонгон шалгаруулалтад орж 2012 онд “Автобус-III” компанид Хүний нөөц, захиргаа удирдлагын албаны даргаар томилогджээ. Компанийн зарчмаар ажилладаг 480 хүнтэй эл том газарт гурван жил ажиллаж, 2015 онд ажлаасаа гарах уу, үлдэх үү гэх хүндхэн сонголттой нүүр тулав. Түүний оршин сууж буй Баянзүрх дүүргийн XIII хороонд дахин төлөвлөлт хийхээр болж, иргэд зөвлөгөө авахаар өдөр, оройгүй залгаж байсан нь ийм сонголтын өмнө авчирчээ. Тодруулбал, “Цагаан хуаран консалтинг” компанийнхан 2013 онд иргэдтэй хоёр талт гэрээ байгуулж эхэлсэн аж. Айлуудын хашааны нэг ам метрийг 200 000, өөрсдийн ашиглалтад оруулах байрны ам метрийг хоёр сая төгрөгөөр үнэлсэн байна. Тухайн газарт 25-аас дээш жил оршин суусан айл олон ч газрынх нь хэмжээ 0.7 га хүрэх нь ховор байв. Гэтэл тус компанийнхан нэг хашаанд хэчнээн ам бүлтэй, хэдэн өрх байгаагаас үл хамааран, дээд тал нь 52, түүнээс доош ам метр талбайтай байр өгөх тооцоо гаргаж, үүнийгээ иргэдэд тулгажээ. Улмаар илүү талбайн мөнгийг төлөх шаардлага тавьсан аж. Тухайн үед 61 өрхийн төлөөлөл гарын үсэг цуглуулан “Байрны талбайг таван ам метрээр нэмж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Харамсалтай нь “Цагаан хуаран консалтинг” компанийнханд иргэдээ төлөөлөн өргөдөл өгсөн таван хүн хэрэгт татагдав. Тодорхой хэлбэл, таван иргэнийг төрийн ажлыг санаатайгаар эсэргүүцсэн, компанийн үйл ажиллагаанд саад учруулж, танхайрсан хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж, өдөр бүр дуудан байцаалт мэдүүлэг авах нэрээр ажлын цагаас хумсалж эхлэв. Энэ байдал гурван сар үргэлжилж, асуудал хүндрэн 2014 оны зургадугаар сард тэр таван хүнээс нэг нь шүүхэд дуудагджээ. Эцэст нь Б.Нямжав төр хувийн хэвшил хоёр хамтран иргэдийн газрыг дээрэмдэх гэж байна гэх дүгнэлтэд хүрлээ. Улмаар зориг шулуудан халагдах өргөдлөө өгөв. Эргэлзэж, тээнэгэлзэж, шаналсан авч, олон хүний хүсэлтээр ажлаа орхисон гэдэг. Өндөр цалинтай ажлаа орхин, бүтэх, эсэх нь тодорхойгүй тэмцэл толгойлно гээд ажлаа өгөхөд “Автобус-III” компанийн захирал толгой сэгсрэн гайхаж суужээ.
Ингээд Хот суурин газрыг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт тойрсон хууль, эрх зүйн баримт, бичгийг бүрэн судалжээ. Бичиг баримтад иргэний дуу хоолой, ардчиллын зарчим алга гэдгийг олж харав. Түүний бодлоор гэр хорооллыг дахин төлөвлөхөд иргэний оролцоо зайлшгүй шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, төр иргэдийг газрыг албадан чөлөөлж, айлуудыг нүүлгэж байгааг эсэргүүцжээ. Улмаар хуульч М.Өлзийцэцэгтэй хамтарч, тэмцэж эхэлсэн байна. Ийнхүү иргэдийн эрхийг хамгаалахын төлөө ажилласаар зургаа дахь жилтэйгээ золгов. Гэхдээ гудамжинд гарч жагсалгүй, чанга хашхирч, хэвлэлийн хурал хийлгүй, нам гүмхэн тэмцэж буй. Магадгүй, энэ нь буддын гүн ухааны ангид сурсны нөлөө ч байж мэднэ. Үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ.