БНСУ-ын Үндэсний ассамблей болох 300 гишүүний суудалтай парламентын сонгууль энэ сарын 15-нд болж, дүнгээ зарлах юм. Тус сонгуулийг дөрвөн жилд нэг удаа явуулдаг бөгөөд урьдчилсан санал хураалт өнгөрсөн баасан гарагт эхлэв. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэй Ин гэргийн хамт Хөх ордны ойролцоох санал авах байранд саналаа өгчээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсан энэ үед урьдчилсан сонгуулийн ирц өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөр үзүүлэлттэй байсныг “Yonhap” агентлаг уламжилжээ. Ажиглагч нарын мэдээлснээр, эхний өдөр сонгогчдын ирц 26.69 хувьд хүрч, 11.7 сая хүн санал өгсөн байна. Энэ нь 2014 оноос хойших урьдчилсан санал хураалтын ирцийн хамгийн өндөр үзүүлэлт аж. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 26.06 хувь байжээ. Харин өмнөх парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалтын ирц 12.19 хувь байсан гэнэ.
Улс даяар 3500 байранд 06.00-18.00 цагийн хооронд санал авч буй бөгөөд цар тахлаас сэргийлэх хүрээнд амны хаалт зүүж ирэхийг сануулж, гарыг нь ариутган, биеийн халууныг нь хэмжиж, нэг метр зайтай жагсааж, аюулгүй байдлаа хангаж буйг Сонгуулийн үндэсний хорооноос нь мэдээлэв. Улс даяар санал авах тусгай байр наймыг бэлтгэсэн байна. Эдгээрт коронавирусээр халдварласан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг авч буй гэнэ.
БНСУ 21 дэх удаагийн парламентын сонгуулиа ийн зохион байгуулж байгаа нь хямралын үед томоохон арга хэмжээ явуулж буй анхны улс болсныг олон улсын шинжээчид тэмдэглэжээ. Тус сонгуульд Ерөнхийлөгчийн Ардчилсан нам, сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намынхан өрсөлдөж байна. Засгийн газраас явуулж байгаа арга хэмжээ, цар тахлын үеийн эдийн засгийн төлөвлөгөөнүүдийг ардчилсан намынхан дэмжиж буйгаа илэрхийлсэн. Сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намынхан Засгийн газрын шийдвэрийг тунгаан хэлэлцэх хэрэгтэй гэж үзэн, эдийн засгийг дэмжих бодлого алдаатай гэдгийг сануулж байгааг “Yonhap” агентлаг мэдээлэв.