Хулгайн анчдын үйлдэл сүүлийн жилүүдэд улам л гаарч байна. 2018 онд хууль бусаар амьтан агнасан 32 хэргийг цагдаагийн байгууллага бүртгэж байсан бол өнгөрсөн онд 51 болж өсжээ. Хууль бус ан, тэр дундаа зөвшөөрөлгүй загасчлах нь гол, мөрний экосистемд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Үнэтэй машин хөлөглөж, чоно авлаж, баавгай намнасан зургаа цахим орчинд байрлуулж “гангардаг” нөхөд олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, сүүлийн жилүүдэд сагсуурах нь багассан. Гэвч тарвага, зурам агнах, загас барих нь хэвээр аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас барихыг хуулиар хориглодог. Загас нь усны ай сав, гол, мөрнийг цэвэршүүлэгч. Мөн тухайн гол, мөрөн, нууранд ямар загас байгаагаар усны цэнгэгийг мэдэх боломжтой. Тиймээс загасыг үржлийн үед нь барихгүй байх нь чухал. Манай оронд 78 зүйл загас байдгаас 19 нь хууль бус ан агнуурт өртөж байгааг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш нар судалгаандаа дурдсан байв. Загас барихыг хориглосон үед нь авласнаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюулд орно.
Тиймээс үржлийнх нь үед яагаад барьж болохгүйг мэргэжлийн хүмүүс дараах байдлаар тайлбарладаг. Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загасных гадна орчинд байдаг. Эм загас буюу атууны хэдэн мянган түрс бэлгийн сүвээр гарч ургамал, хайрга чулуунд наалдана. Энэ үед эр загас буюу атуух хайрга, чулуунд наалдсан түрсэнд үрийн шингэн (нялга)-ээ шахдаг юм. Атуухын нялга хурдан хөдөлгөөнтэй тул түрсний хальсан дахь сүвээр нэвтэрч үрээ тогтооно. Үүний дараа түрс бойжиж эхлэх бөгөөд загасны зүйлээс хамаарч хэсэг хугацааны дараа хальсан дээр нь бүдэг толбо үүсдэг. Ингээд нэлээд хугацааны дараа хөврөлийн хальсаа цоолж авгалдай гарна. Энэ нь загасны төрөл зүйлээс хамаарч янз бүр. Тухайлбал хилэм 30-45, тул 28-30, цагаан загас 200-250, хадран 14-30, цурхай 10- 20, улаан нүдэн 12-13, сугас 5-6, булуу цагаан, хэлтэг, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана 3-6 хоног шар уургаар хооллож авгалдай болно гэсэн үг. Шинээр гарсан авгалдай 2-6 хоног нэг эстэн, бактери, замаг, хүрд хорхой зэргээр хооллож жарамгай болдог юм. Хэрэв энэ үед нь барихгүй бол загасны тоо 20 дахин нэмэгддэг. Амралт зугаалгаараа ав хийх, тэр дундаа загас барих нь эрчүүдийн зугаа болоод уджээ. Зөвшөөрөлгүйгээр загас барина, түүнийгээ наймаална, тэр ч бүү хэл, хүн ам олноор төвлөрсөн нийслэл рүү оруулж ирэх гэж зүтгэнэ. Цар тахал гарснаас үүдэн иргэд хөл хорионд ороод буй. Тиймдээ ч сүүлийн саруудад ийм төрлийн зөрчил бүртгэгдээгүй байна. Дулааны улирал ирж, цар тахал намжсаны дараа иргэдийн хайхрамжгүй байдал нэмэгдэж, хориглосон хугацаанд загас агнах магадлал өндөртэйг холбогдох байгууллагынхан анхааруулав.
Манай улсад Дорнодын Буйр, Хөх нуур, Халх гол, Хэнтийн Онон, Хэрлэн гол, Ховдын Хар, Хар-Ус, Дөргөн нуур, Ховд, Буянт гол, Баян-Өлгийн Толбо, Хотон, Хоргон, Ачит, Увс аймгийн Үүрэг нуур, Завхан гол, Завханы Улаагчны Хар, Баян, Тэлмэн нуур, Идэрийн гол, Архангайн Тэрхийн цагаан, Өгий, Чулуут, Суман, Цэнхэр, Идэрийн гол Өвөрхангайн Орхон, Найман нуур Тамирын гол, Хөвсгөлийн Дархадын хотгорын нуурууд, Шишхид, Хөг, Эгийн гол, Хөвсгөл нуур, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ, Хараа, Ерөө, Булган мөрөнд агнуурын ач холбогдол бүхий загас их байдаг учир агнах нь элбэг аж. Дээрх гол, мөрний зарим нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд багтдаг. Улсын тусгай хамгаалалттай, байгалийн нөөц, цогцолбор, дархан цаазат газруудад зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Иргэд эл газруудаас зурам, загас зэрэг элбэг амьтдыг агнадаг.
Тусгай хамгаалалтад байгаа л бол элбэг, ховор нь хамаагүй амьтан агнахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор санаатайгаар ан хийсэн тохиолдолд торгох бус, хорих ял оноох болжээ. Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэд ахлагч Л.Болорсолонго энэ талаар “Алтайн сугас, шивэр хадран, булуу цагаан мөрөг, цагаан амар гэх мэт загасыг хүмүүс ихээр барьж, хоол хүнсэндээ хэрэглэдэг. Монгол оронд Хар мөрний хилэм агнахыг хуулиар хориглож Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтдын жагсаалтад оруулсан. Мөн тул загасыг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад бүртгэсэн байдаг. Манай орны ихэнх загас агнуурын ач холбогдолтой учир замбараагүй бариад байж болохгүй. Дээр дурдсан загаснаас гадна шөвгөр хоншоорт мөрөг, ердийн цурхай, голын алгана, тул, дархадын цагаан загас хууль бус агнуураас болж сүүлийн жилүүдэд ховордох болсон. Иргэд элбэг амьтныг агнах нь ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үздэг. Гэвч одоохондоо барихад хамгийн тохиромжтой, элбэг гээд нэрлэчихмээр загас байхгүй” гэв.
Ахуйн зориулалтаар загас барих зөвшөөрлийг 1995 онд баталж, “Ан агнах, загас барих эрхийн бичгийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын зөвшөөрсөн ажилтан олгоно” гэж заасан байдаг. Гэвч өдгөө уурга, мөс цоологчтой дуртай нэг нь загас агнах болжээ. Хүнсний хэрэглээндээ зориулж жижиг загас хууль бусаар агнахыг торгоод өнгөрч болох ч нэн ховорыг агнавал “аавын хаалга” татахаас өөр аргагүй.
Хүмүүс хууль бусаар загас агнахдаа хугацааг тэр бүр тооцдоггүй. Төрөл зүйл, үржлийн үеэс нь шалтгаалж загас барих агнах хугацаа янз бүр. Загас төрөл зүйлийнхээ онцлогоос хамааран хавар, зун, намар, өвөл түрсээ шахдаг. Тухайлбал, дөрөвдүгээр сард 3-7 настай цурхай нуурын усны дулаан 3-6 градус хүрэхэд гүехэн, элсэрхэг, ургамалтай хэсгээр 74 00-236 500 ширхэг түрс гаргадаг. Харин зэвэг 6-7 насандаа үржилд орж усны дулаан 6-12 градус болох үед голын хайрга чулуун дээр 2300-7700, 3-5 настай хадран, 4-6 градуст, чулуулаг харгиатай хэсэгт 2000-18 000 ширхэг түрс шахдаг. 8-14 настай хилэм тавдугаар сараас усны дулаан 9-15 градус хүрэхэд хайрга чулуу, элсэрхэг газарт 88 800-636 000 ширхэг түрс гаргадаг. Мөн сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, Монголын улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана 2-8 настайдаа үржилд орж, 10 000-300 000 ширхэг түрсээ нуур, голын гүехэн ургамалтай хэсгээр шахдаг. Намар- өвөл буюу 8-1 дүгээр сард түрсээ цагаан загас, омуль, цагаан хадир, цагаан зарам 2-7 насандаа 5000-98 000 ширхэг түрсийг гаргана. Нэг загаснаас гарах түрсний хэмжээ олон мянгаар тоологдож байгаа боловч үр тогтсоны дараа болон авгалдай, жарамгай, жараахай гээд бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг аж. Тиймээс үржлийн үед хууль бус агнуур хийснээр үр тогтсон түрс хүний нөлөөгөөр устаж, хорогдон, тухайн жилдээ төл авч чадахгүйд хүрдэг.
Энэ жилийн загас барихыг хориглосон хугацаанд Экологийн цагдаагийн албаныхан 21 аймагт үзлэг шалгалт хийхээр болжээ. Аймаг бүр дэх Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчдад дээрх хугацаанд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, эрсдэл өндөр газар нутгуудад хараа, хяналт чангатгахаар болсон байна.
Нэн ховор загасыг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн тохиолдолд арваас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Харин энгийн загас агнавал Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 000 төгрөгөөр торгож, агнасан загасны ширхэг бүрт 10 000-14 000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, барихдаа ашигласан өрөм, загасны уурга, дэгээ, заламгайн тор, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага гувчуур, сэрээ зэрэг багажийг улсын орлого болгодог аж.