Америкчуудтай энхийн гэрээ байгуулсан тухай мэдээллийг исламын хэт үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийг дэмжигчид баяр хөөр болж, гудамжинд цуглан, “Аллах акбар” хэмээн хашхиран, хүлээн авчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн террорист бүлэглэлтэй түүхэнд анх удаа эрх тэгш байх тухай гэрээг хоёрдугаар сарын 29-нд байгуулсан билээ. Уг баримт бичигт зааснаар талибууд “Аль-Каида” бүлэглэлээс холбоогоо тасалж, Америкийн эсрэг аливаа ажиллагаа, тэр дундаа хүчирхийллээс татгалзсаны хариуд АНУ Афганистанаас цэргээ гаргах юм. Эл гэрээ исламын шашинтнуудад гол дайсан болох Афганистаны хууль ёсны эрх баригчдын эсрэг бэхжих боломж олгожээ. Ойрын ирээдүйд Кабул тэдэнтэй нүүр тулах нь гарцаагүй.
НУУЦ ТОХИРОЛЦОО
Талибууд Афганистаны нийслэлийг дурандаж байна уу? Хамгийн том хотыг эзэлж, өөрийн гэсэн дүрэм, журмаа тогтоох уу? Ийм зүйл болохгүй хэмээн АНУ найдаж байна. Гэвч хэн ч баталгаа өгөх боломжгүй. Өнгөрсөн сараас Америкийн цэргийг Афганистанаас аажмаар гаргаж эхэлсэн бөгөөд Гильменд муж дахь хоёр баазыг чөлөөлсөн билээ. Долдугаар сар гэхэд Дундад Азийн энэ улс дахь америкчуудын тоо 13 мянгаас 8600 болтлоо цөөрөх ёстой. Цаашдаа талибуудын үйлдлээс бүх зүйл шалтгаална. Хэрэв Вашингтон тэдэнд сэтгэл хангалуун бол од, зураас бүхий далбаатай цэргийнхэн 14 сарын дараа Афганистанд үлдэхгүй.
Америкчуудаас исламын шашинтнуудад өгсөн туршилтын хугацаа ажиглагчдыг ихээхэн түгшээж байна. Чухам ямар болзолтойг нийтэд зарлахгүй. Гэрээний нууц заалтад талибуудтай байгуулсан хэлэлцээр ямар нөхцөлд хүчингүй болохыг тусгасан байгаа. Үнэн хэрэгтээ, исламын шашинтнуудад үлдээсэн эрх чөлөөний хэр хэмжээг, өөрөөр хэлбэл, америкчуудтай харилцаагаа муутгахгүйн тулд Афганистаны эрх баригчид руу тэд ямар хүчээр давшилж болохыг заажээ. Талибууд Кабулын тэсвэр тэвчээрийг түнших нь гарцаагүй. Тохиролцоонд хүрснээс хойших эхний долоо хоногт л гэхэд Афганистанд зэвсэгт 80 халдлага бүртгэгдсэний дийлэнхийн хариуцлагыг талибууд хүлээсэн юм.
Партизан, террористын аргаасаа тэд татгалзаж чадахгүй. АНУ, түүний холбоотнууд халдан довтолсноор бараг 19 жилийн өмнө алдсан эрх мэдлээ эгүүлэн авахыг мөрөөдөж буй “Талибан” хөдөлгөөний стратеги үүнд л оршино. Афганистаны шинэ эрх баригчид бол америкчуудын утсан хүүхэлдэйнээс өөрцгүй, бусдын тусламжгүйгээр ямар ч хүчгүй хэмээн талибууд тэр цагаас хойш ахин дахин мэдэгдэж буй. Үүнийгээ хилийн шалган нэвтрүүлэх цэг, цэргийн объектууд, иргэний дэд бүтцэд халдах бүртээ тэд нотлохыг эрмэлздэг.
ТАЛИБУУД ЯЛСНАА ЗАРЛАЖ БАЙНА
Өнгөрсөн оны есдүгээр сард америкчуудтай талибуудын хийсэн хэлэлцээ эцсийн мөчид бүтэлгүйтсэн. Афганистанд болсон террорист халдлагын улмаас нэг америк амь үрэгдсэнээс тэр. Хилэгнэсэн Дональд Трамп эхлэхэд бэлэн болсон уулзалтаа цуцалсан. Эл уулзалт Кэмп-Дэвид дэх Америкийн Ерөнхийлөгч нарын өргөөнд болох ёстой байв. Гэвч америкчуудтай шууд тохиролцох нь босогчдын ёсонд нийцэхгүй. Тэдний зорилго нь АНУ эцэс төгсгөлгүй халдлагын дарамтын улмаас Афганистанаас гарч буй гэдгийг тосгоны боловсролгүй залууст итгүүлэх явдал юм. Тиймээс 2020 оны гэрээг талибууд аль болох өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролджээ. Тэд зүгээр ч нэг хэлэлцээ хийгээгүй, америкчуудын тэвчээрийг барсан мэдэгдэл хийж л байсан. “Афганистанд АНУ ялсан гэж бид ярихгүй ч энэ бол нууц мэт л байна. Тэд ялагдсан талаар гэвэл хэнд ч эргэлзээ байхгүй” гэж талибуудын холбоотон “Хаккани сүлжээ” бүлэглэлийн толгойлогчдын нэг Анас Хаккани мэдэгджээ. Америкчуудтай хэлэлцээ хийхэд оролцдог талибуудын бүрэн эрхт төлөөлөгч Шер Мохаммад Аббас Станекзаи “Аллах тусалснаар ялсан өдрийн” тухай мэдээлсэн байна. Болсон үйл явдлыг мусульманчуудын баяр хэмээн “Талибан” хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахундзада нэрлэжээ. Гэхдээ АНУ-ыг ялагч хэмээж, Засгийн газрын цэргүүдтэй тэмцлээ үргэлжлүүлэхдээ талибууд хариу арга хэмжээ авах үүргээ бодох хэрэгтэй. Америкчуудын шахалтаар, олзлогдсон 5000 талибыг суллана гэсэн болзолтойгоор тэд Кабултай хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн. Удаан бодсоны эцэст Афганистаны эрх баригчид эл саналыг хүлээж авсан юм. Гэсэн ч талибууд олзлогдогчдыг бүгдийг суллахыг шаардан хэлэлцээг эхлүүлэхгүй байсан билээ. Тэд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганийг луйврын арга хэрэглэж, талибуудын оронд өөр хоригдлуудыг суллана хэмээн сэжиглэсэн байна. Талибууд амласнаасаа буцахаасаа өмнө партизаны дайн явуулах боломжгүй болно. Тэр үед ялсны нэмэргүй болж, америкчууд эргэн ирнэ.
ЭСЭН МЭНД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Талибуудын хоёрдмол санаа өөрсдөд нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Афганистаныг судлах Оросын төвийн ахлах шинжээч, дорно дахин судлаач Андрей Серенкогийн ярьснаар исламын шашинтнууд салаа замын эхэнд очихоор байна. Нэг бол америкчууд гарахаар сэтгэл нь хөдөлсөн залуусаар хүрээгээ тэлж, Засгийн газрын цэргүүдтэй хийх тэмцэл амжилт олно, эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагаас үүдсэн дотоодын хямрал дэгдэнэ. Тэгэхдээ талибуудад үйл явдал сөргөөр өрнөж мэдэхээр буй аж. “Амиа золиослогч террористын хэлбэрээр үйл ажиллагаа явуулаад талибууд дасжээ. Одоо тэд АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн барьцааныхан болох эрсдэлтэй. Тэдний үйл хөдлөлийг хязгаарласан хүчин зүйлүүд бий болж байна. Энэ нь тэдний эгнээнд хагарал үүсгэж мэднэ. Талибуудын олон бүлэглэл хориг хязгаарыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзана. Хэрэв “Талибан”-ы удирдлага Кабултай тэмцэх талаар одоо амжилт олохгүй бол дотоодын хагарал гарах нь гарцаагүй” гэж А.Серенко таамаглаж байна.
Түүний хэлснээр Афганистанд үүссэн нөхцөл байдал талибууд түргэдэхэд таагүй, тэднийг мухардуулахаар буй. Өнгөрсөн онд хэт үзэлтнүүд цэргийнхний шахалтаар ухрахаас аргагүйд хүрч, газар нутаг, дэмжигчдээ алдсан. Ийм нөхцөлд Кабулд богино хугацаанд мэдэгдэхүйц хохирол учруулах амаргүй. Үүнд хүн хүч дутна. “Ямар ч байсан талибууд цэргийн томоохон ажиллагаа явуулж, гол хотуудын нэгийг эзлэхийг оролдоно. Ингээд мэдээжийн хэрэг ялагдана” хэмээн А.Серенко таамаглажээ. Тэрбээр АНУ-ын хийсэн хэлэлцээнд “Талибан” амжилт олсныг түр зуурын “ялалт” гэж үздэг юм. “Засгийн газрын цэргийг талибууд ялж чадахгүй. Хүчин мөхөстөнө” гэж дорно дахин судлаач тэрбээр үзэж байна.
Тэгвэл Пакистан дахь Европын Холбооны төлөөлөгчдийн улс төрийн зөвлөх асан Жорж Лефевр талибуудыг Афганистаны Засгийн газартай үхэх, сэхэхээ үзэн удаан тэмцэнэ хэмээн үзжээ. “Фронтын дайралт болно гэж бодохгүй байна. Энэ нь талибуудын стратегид нийцэхгүй. ЗХУ-ын эсрэг байлдахдаа ч можахедууд ийм алхам хийгээгүй. Талибууд өөрсдийг нь эсэргүүцээд байдаггүй хөдөөгийн газар нутгийг эзлэхийг оролдоно. Кундуз зэрэг том хот руу тэд давшина. Энэ нь эрх баригчдад нь үзүүлдэг дарамт шахалтыг дэмжихэд чиглэсэн бөгөөд богино хугацааны дотор төвөөс тэдгээр хотын зах руу ухарна. Газар нутаг эзэлж, хот аяндаа жимс шиг өнхрөөд ирэх хүртэл хүлээх нь гол зорилго. Энэ нь Афганистаны хувьд байдаг л стратеги. 1992 онд можахедууд, 1996 онд талибууд Кабулыг ийм л аргаар эзэлсэн” гэж Жорж Лефевр өгүүлжээ.
ӨРНӨДИЙН ЗАГВАР БОЛОН УЛАМЖЛАЛ
ОХУ-ын ШУА-ийн хүрээлэнгийн ажилтан Рамазан Дауровын ярьснаар Афганистанд “Талибан” мэтийн бүлэг олон арван жил оршиж байгаа нь нийгэм хагаралтайг илтгэнэ. “Хоёр үйл явцын тухай ярьж болох юм. Кабул, Герат зэрэг томоохон хот улам бүр орчин үеийн төрхтэй болж байна. Баримт дурдвал, үүрэн холбооны хүртээмжээр Афганистан бүс нутагтаа тэргүүлдэг.
Өрнөдийн хэв маягтай супермаркет хотуудад нь олон бий. Байнгын үйлчлүүлэгчид нь эмэгтэйчүүд гивлүүртэй, эрэгтэйчүүд нь сахалтай байхыг шаарддаг, исламын шашны хэт үзлийг таашаадаггүй. Гэвч тосгодод байдал огт өөр. Тэдгээрт давхар засаг захиргаа байгуулсан талибуудын үзэл санааг л сонсдог. Энэ хөдөлгөөний амжилт нь бусдын гар, хөл бологч гэгдэх нэр хүндгүй эрх баригчдын эсрэг, Афганистаны газар нутаг дээрх гадаадынхны эсрэг, Өрнөдийн загвараар улсынхаа уламжлалт аж байдлыг өөрчлөхийн эсрэг чиглэсэн үзэл санаанд автсан олон афган хүний дэмжлэгтэй холбоотой” гэж Р.Дауров хэлжээ. АНУ болон “Талибан” хоорондын хэлэлцээг тойрсон үйл явдал ОХУ-д шууд заналхийлэхгүй гэж тэрбээр үзэж байна. Гэхдээ тус байгууллагын эгнээнд хуучин Зөвлөлтийн, тухайлбал, Бүгд Найрамдах Умард Кавказ Улсаас гаралтай хүмүүс байсаар байна. “Тодорхой тоо байхгүй ч талибуудын эгнээн дэх гадаадынхны тоо 10-15 мянга бий гэдэг. Тэдний тал орчим хувь нь орос хэлтэй. Казах, тажик, узбек, чеченьчүүд олон бий. Умард Кавказаас гаралтай хүмүүс талибуудын талд ихэвчлэн эмчээр ажиллаж, хүндлэл хүлээсэн байдаг. Гадаадын террористууд гэсэн ангилалд багтсан эл хүмүүсээс ангижрахаар америкчуудтай талибуудын байгуулсан гэрээнд заасан учраас харийн иргэдийн хувь заяа хаашаа эргэх нь анхаарал татах хэрэг. Ийм сорилтын өмнө “Талибан” ямар алхам хийх нь маш тодорхойгүй байна” гэж А.Серенко тэмдэглэжээ.