Австралийн зүүн эрэг орчимд коала хоёр дахин цөөрсөн учраас эл амьтныг устаж буй төрөл зүйлийн жагсаалтад оруулахыг экологичид болон амьтан хамгаалагчдын бүлгүүд уриалж буй тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн тус улс дахь салбарын захиалгаар бэлтгэсэн илтгэлд тэмдэглэжээ.
Өнгөрсөн есөн жилд Күинслэнд болон Шинэ өмнөд Уэльс муж дахь коалагийн тоо толгой 61 хувиар буурсан нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь эл амьтан бүрмөсөн устаж болзошгүйн нотолгоо боллоо гэж дээрх сангийн Австрали дахь салбарын ажилтан Стюарт Бланч хэлсэн байна. Тус салбар, Олон улсын амьтан хамгаалах сан, “Human society international” байгууллага хамтран коалаг устах аюул нүүрлэсэн гэсэн статустай болгох талаар хэлэлцэж, бүтэн жилийн турш мод их хэмжээгээр тайрсан болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн уршигт дүн шинжилгээ хийжээ. Үүнээс ойн түймрийн уршгийн талаарх шинэ мэдээлэл гарч, хэлэлцээгээ түргэтгэж, коалаг аврах яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй нь тодорхой болсон аж.
Экологичдын тооцоолсноор ойн их хэмжээний түймрээс гадна ган гачиг, ой мод тайрсан нь эл амьтны тоо цөөрөх гол шалтгаан болжээ. Коалаг устаж буй төрөл зүйлд тооцсоноор Австрали тивийн ойг хамгаалах, тэдгээрийг тайрахыг зогсоохын тулд хууль ашиглах боломж олгох гэнэ. Тус бүс нутгийн ойг дагаад имж зэрэг дэлхийд өөр хаана ч байхгүй олон амьтан устаж мэдэхээр болжээ.
Австралийн зүүн эрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур ойн их хэмжээний түймэр дэгдсэн билээ. Түймэрт тус тивийн зүүн өмнөд нутгийн үлэмж хэмжээний нутаг, хэд хэдэн суурин газар автсан. Голомтыг нь унтраах, хяналтад авах гэж хоёр сар гаруй тэмцээд дийлээгүй. Зарим тооцоогоор байгалийн эл гамшгийн үеэр нэг тэрбум гаруй амьтан үхэж, тивийн зүүн эрэгт голдуу амьдардаг коалагийн тоо толгой хамгийн их буурсан билээ.