Монгол Улс усны нөөцөөрөө дэлхийд 104-т жагсдаг бөгөөд нийт хэмжээ 564.8 шоо км хэмээн судлаачид дүгнэдэг. Үүнээс нуур, тойром 500, гол, мөрөн 34.69, мөстөлт 17.4, газар доорх ус 10.8 шоо км талбайг эзэлж байгаа гэнэ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн 35 хувийг усны судалгаа, бүтээн байгуулалт, нөхөн сэргээх ажилд зарцуулна” хэмээсэн байдаг. Ийнхүү өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд эл хуулийн хүрээнд хэдэн төгрөг батлагдаж, ямар бүтээн байгуулалт хийсэн талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзулаас тодрууллаа.
Өнгөрсөн оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогод усны нөөц ашигласны 47 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Засгийн газрын 43 дугаар тогтоолд заасны дагуу 35.5 хувийг Ус, рашааны салбарын судалгаа, бүтээн байгуулалт болон нөхөн сэргээлтэд зарцуулсан онцлох ажлуудыг танилцуулъя.
Орхон голын урсгал Өгий нуурт хүрдэггүй болсон тул нуур ширгэж, улмаар давсжих эрсдэлд орсон байна. Засгийн газрын 226 дугаар тогтоолоор Өгий нуурын экосистемийг хамгаалах ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь “Өгий нуурын бохирдол, ширгэх аюулаас хамгаалах, урсцыг сайжруулах” төсөл юм. Эл төсөлд өнгөрсөн онд хоёр тэрбум төгрөг төсөвлөж, гурван гүний худаг гаргаж, тоноглосон ба бусад ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ онд мөн хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд Орхон голоос ус дамжуулах сувгаар Өгий нуурт ус өгч, усны түвшнийг нэмэгдүүлэх ажил хэрэгжүүлж эхлэх гэнэ.
Усны нөөц хомсдож, бохирдохоос хамгаалж Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар батлуулсан. Тодруулбал ус бохирдуулсны төлбөрийн дээд, доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэнэ хэмээн тодотгожээ.
Хүн амын ус хангамжийн газар доорх усны эх үүсвэрийн хайгуул, судалгааны ажлын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг, Говь-Алтай аймгийн Цогт, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ундны усны эх үүсвэрийн эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон байна.
Завхан, Увс, Говь-Алтай аймаг усны хамгаалалтын дэглэмийг ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулсан. Хамгаалалтын дэглэм гэдэг нь тухайн усны их үүсвэрийн аюулгүй байдлыг хангаж, заасан зайд хүн, амьтан ойртуулахгүй байхыг хэлнэ. Одоогийн байдлаар нийт 15 аймагт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид дэглэм тогтоох ажлыг үргэлжлүүлэх юм байна.
Улсын хэмжээнд 2019 онд нийт 182 булаг, шандын эхийг хашиж хамгаалжээ. Мөн манай орны хувьд усны нөөцийн масштабын зураглалын ажлыг нийт газар нутгийн 9.8 хувьд хийсэн байдаг. Өнгөрсөн онд эл судалгааг Говь-Алтай, Баянхонгор Сүхбаатар, Дорноговь аймгийн 75.000 км газарт хийж, 4.8 хувиар нэмэгдүүлжээ.
Архангай, Говь-Алтай, Дорнод, Увс, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 1.9 сая метр куб усыг хуримтлуулж, 12 хөв цөөрөм шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлжээ. Мөн Улз голын урсцыг нэмэгдүүлэх “Онон-Улз” төслийн ТЭЗҮ боловсруулж дууссан бөгөөд энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.
Жил бүр нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг баталдаг. Өнгөрсөн жил нийслэлийн Байгаль орчны газар усны салбар, орчин хамгаалах ажилд 443 сая төгрөгийн төсөв батлуулж, төлөвлөгөөний дагуу ажлаа 100 хувь хийж дуусгасан гэнэ. Тодруулбал, хөв, цөөрөм байгуулах ажлын судалгаанд 10, бүтээн байгуулалтад 150, булаг, шандын эхийг хамгаалахад 10, онцгой хамгаалалтын бүсийг тэмдэглүүлэх 50, Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт 400 цэгээс дээж авахад 173 сая төгрөг зарцуулсан аж.
147 сая төгрөгөөр байгуулсан хөв, цөөрөм буюу хиймэл нуур нь Толгойтын Баруун салааны “Бумбатын булаг” автобусны буудал орчимд буй аж. Өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан эл газарт гэр бүлээрээ амарч, зугаалах боломжтой гэдгийг тус газрын ахлах мэргэжилтэн Д.Дамбасүрэн онцоллоо.
Бэлтгэсэн: Алунгоо