Манай улс Казахстаны “Сымбат инжинеринг” компанийн 30 сая ам.долларын өртөг бүхий алт цэвэршүүлэх үйлдвэрийн патентыг үнэгүй эзэмших болсон. Энэ нь дэлхий дахинд цэвэршүүлсэн алтны чанар, ашиглаж буй технологи зэргээрээ тэргүүн эгнээнд багтагчдын нэг, Казахстаны алтны үйлдвэрийн хувилбарыг дотооддоо барих эрх авсан гэсэн үг. Мөн үйлдвэр барих, ашиглах зэрэг ажлыг “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс алт ресурс” хэрэгжүүлэх болсон билээ. 2021 онд багтаан цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Уг ажлын явц хэр байгааг тодруулсан юм.
... Хэрэв 3-5 хувийн хүүтэй мөнгө зээлж чадвал хөрөнгө оруулалтаа долоон жилийн хугацаанд нөхөх боломжтойг тооцжээ. Үйлдвэр ашиглалтад оруулснаар Монголбанкны худалдан авдаг үнэт металл, аж ахуйн нэгж, иргэдийн олборлосныг ч цэвэршүүлэх боломж бүрдэх гэнэ...
Жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө болон бусад үнэт металл цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт барихаар товложээ. Нийт дөрвөн га газарт, 4000 орчим ам метр талбайтай байгууламж барих зураг төслийг нь гаргасан юм байна. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг нь хийж, дэд бүтцийнх нь асуудлыг шийдсэн буюу өөрсдөөс шалтгаалах ажлыг цаг алдалгүй хийж буйгаа “Эрдэнэс алт ресурс” компанийнхан хэллээ. Үйлдвэр барих нийт өртөг 81.9 сая ам.доллар аж. Үйлдвэрийг Казахстаны талаас барьж өгөх ба нийт хөрөнгийн 30 хувийг төлснөөр барилгын ажлыг эхлүүлэх гэрээ байгуулжээ. Уг ажлыг эхлүүснээс хойш нэг жилийн дотор тоног төхөөрөмжийг нь бүрэн суурилуулж, түлхүүр хүлээлгэн өгөх гэнэ. Харин үлдсэн 60 хувийг үйлдвэрийг ашиглалтад оруулсан эхний, 10 хувийг хоёр дахь жилд нь төлөх аж. Юуны түрүүнд урьдчилгаа 30 хувь буюу 27 орчим сая “ногоон” олох шаардлага тулгараад байгааг “Эрдэнэс алт ресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан хэллээ. Монголбанк, Засгийн газраас хөрөнгийг нь гаргахаар анх ярьж байсан ч одоогоор шийдэлд хараахан хүрээгүй юм байна. Харин Хөгжлийн банк жилийн есөн хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэжээ. Есөн хувийн хүүтэй мөнгө зээлбэл үйлдвэр ашиггүй байх тооцоо бий тул татгалзсан тухай Б.Ачитсайхан дурдсан бөгөөд зээлийн хүү ихдээ тав, ер нь гурван хувь байвал зохих аж. Хэрэв 3-5 хувийн хүүтэй мөнгө зээлж чадвал хөрөнгө оруулалтаа долоон жилийн хугацаанд нөхөх боломжтойг тооцжээ. Үйлдвэр ашиглалтад оруулснаар Монголбанкны худалдан авдаг үнэт металл, аж ахуйн нэгж, иргэдийн олборлосныг ч цэвэршүүлэх боломж бүрдэх гэнэ. Казахстан нь 2013 онд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсан ч богино хугацаанд дэвшилт технологи нэвтрүүлж, тоног төхөөрөмжөө тогтмол сайжруулснаар 70-80 жил алт цэвэршүүлж буй, дэлхийд нэр хүндтэй зарим компанийн жишигт хүрчээ. Ингэснээр Лондоны үнэт металлын ассоциацаас гэрчилгээ авч чадсан гэнэ. “Залуу” үйлдвэр хэрнээ ийм амжилт үзүүлж, бүтээгдэхүүнийхээ чанараар танигдаж эхэлсэн нь манайх Казахстаныг сонгоход түлхэц болсныг Б.Ачитсайхан онцолсон. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Үйлдвэр барих ажил хөрөнгөгүйгээс саатаад буй юм байна. Гадаадын компаниас мөнгө босгох боломж бий юү?
-Санхүүгийн асуудал хараахан шийдэгдээгүй хэвээр байгаа. Бид гадаад, дотоодоос хөрөнгө оруулах боломжийг судлан, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар ажиллаж буй. Одоогоор Японы “SoftBank”-ын охин компани болох SBI хөрөнгө оруулалтын компани сонирхож буйгаа илэрхийлсэн. Олон улсад үүссэн хөл хорионы улмаас яриа хэлэлцээ зогсчихоод байна. Гадаадын компани, хөрөнгө оруулалтын сангийн тусламжаар үйлдвэр барихыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль компани, хэдий хэр хөрөнгө, ямар нөхцөлтэй оруулах тухай хэлэхэд эрт байна.
-80 гаруй сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Манай алтны нөөц, олборлолтын хэмжээ цэвэршүүлэх үйлдвэрээ хангахуйц хэмжээнд хүрэхгүй гэх хүн цөөнгүй. Эдийн засгийн өгөөжийг нь хэрхэн тооцсон бэ?
-Баримт бичигт алт гэж ерөнхийлөн нэрлэсэн ч алт, мөнгө, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байх юм. Манай ордуудаас олборлодог алтанд дэлхий дахинд үнэ цэнтэйд тооцогддог плади, цагаан алт, платинум зохих хэмжээгээр агуулагддаг. Бид дотооддоо цэвэршүүлснээр эдгээр үнэт металлыг ялган авах боломж бүрдэнэ. Манайх алтны шороон ордууд ашиглаж буй ч үндсэн ордод хайгуул, ашиглалт хийх томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс шар металлын олборлолт нэмэгдэнэ гэж тооцож байна. Ер нь сүүлийн жилүүдэд Төвбанк нэг жилд 20 орчим тонн алт худалдан авч буй ч алтны хууль бус наймаатай тэмцэн, иргэд, аж ахуйн нэгжүүдийн экспортыг хязгаарлаж чадвал цэвэршүүлэх үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, эсэхэд санаа зоволтгүй. Мөн манайх мөнгөний арвин нөөцтэй.
Монголбанк алтаа Швейцарт нэг унцийг нь 1-1.6 ам.доллароор цэвэршүүлдэг гэсэн. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хамгаалалтад чамгүй хөрөнгө зарцуулдаг юм билээ. Гадаадад цэвэршүүлэхэд дээр дурдсан үнэт металл нь тухайн үйлдвэрт үлддэг тул ашиг нь алдагдаж буй хэрэг. Тиймээс дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр барих нь яаж ч бодсон ашигтай.
-Дотооддоо үйлдвэрлэж буй цэвэр алт, мөнгө, үнэт эдлэлийн түүхий эдийг гадаадаас худалдаж авдаг гэсэн үг үү. Сорьцод нь баталгаа өгөх аргагүй юм байна, тийм үү?
-Тэгж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүд, хувь хүн хийж буй үнэт металлын өндөр агууламжтай бүтээгдэхүүн, эдлэлийн түүхий эдийг бид импортолдог. Манайд 87 хүртэлх хувийн алтны агууламжтай металл байж болох ч 99.9 хувийнхыг нь гадаадаас авдаг гэсэн үг. Тэгэхээр тухайн эдлэл бүрт зардал шингэсэн байгаа. Мөн үнэт металлын олон улсын жишигт нийцсэн лабортари байхгүй тул бүтээгдэхүүн болон түүхий эдийнх нь сорьцыг баталгаатай мэдэж чадахгүй. Цэвэршүүлэх үйлдвэрийн өртгийн 30 хувийг герман стандартын лаборатори байгуулахад зарцуулах юм. Ингэснээр өөрсдийн бүтээгдэхүүнд баталгаа өгөхөөс гадна, худалдан авалтаа баталгаажуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн дэлхийн жишигт нийцсэн 12 кг жинтэй гулдмайнаас гадна төрөл бүрийн хэмжээтэй, бөөрөнхий, зоос хэлбэрийн алт үйлдвэрлэх боломжтой. Уран дархчууд, үйлдвэрүүдэд зориулан алт, мөнгөн утас, ялтсыг ч хийхээр төлөвлөсөн.
-Хөрөнгө оруулалтаа шийдэн, жилийн дотор үйлдвэрээ барьчихлаа гэхэд тэнд ажиллах, шаардлагатай мэргэжилтнүүд хэр олон байгаа вэ?
-Үйлдвэр найман цехтэй, 73 хүний орон тоотой байх юм. Манайд металлургич мэргэжлээр сургууль төгсөгчид бий ч шинэ залуу боловсон хүчин яалт ч үгүй хэрэгтэй. Үйлдвэр баригдах нэг жилийн хугацаанд зарим ажилтныг Казахстанд сургах бөгөөд дараа жил нь тус улсын инженерүүдийг дагалдан үйлдвэртээ ажиллана. Ингэхээр бид металлургичдаа хоёр жилийн дотор “алтанд” мэргэшүүлнэ гэсэн үг.
Одоогоор мэдэгдэж буйгаар дэлхий нийт 180 000 тонн алтны нөөцтэй бөгөөд 90 орчим улс их, бага хэмжээгээр олборлож байна. Гэсэн ч олон улсын зах зээл дэх шар металлын нийлүүлэлтийн 90 хувийг 10 улс бүрдүүлдэг аж. Мөн нийт нөөцийн 50-иас илүү хувь нь Авсрали, ОХУ, Өмнөд Африк, АНУ, Индонез зэрэг таван оронд ногддог гэнэ. БНХАУ нөөцөөрөө наймдугаарт бичигддэг ч 2019 онд 420 тонныг олборлосон дүнгээр дэлхийд тэргүүлсэн байна. Удаах байрт Австрали 314.9, ОХУ 290 гаруй тонныг олборлосноор жагсжээ. Олон улсын зах зээлд нийлүүлэгддэг алт, үнэт металл эдлэлийн 56 хувийг БНХАУ, Энэтхэг улс худалдан авдаг юм байна. Түүнчлэн Төвбанкнуудын алтны худалдан авалт сүүлийн гурван жил дараалан буурсан ч БНХАУ-ынх л хэвийн байсан гэв. Учир нь АНУ-тай хийж буй худалдааны маргаанаас үүдэн валютынх нь нөөц багасч буйг алтаар нөхөх бодлого барьж байна хэмээн шинжээчид таамаглажээ. Коронавирусийн тархалтын улмаас Өмнөд Африк, Канад, Швейцар зэрэг томоохон олборлогч улс алтны уурхайгаа ирэх тавдугаар сар хүртэл хаажээ. Ингэснээр гулдмай, зоос хэлбэрийн алтны үйлдвэрлэл удаашрах магадлалтай ч хомсдол үүсэхгүйг мэргэжилтнүүд тэмдэглэв.