АНУ-ын зэвсэглэлд бага хүчин чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий шумбагч онгоцны баллистик пуужин нэмэгджээ. “Энэ нь хүчин чадал багатай цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй Оросын эсрэг арга хэмжээ” гэж эрх баригчид нь тайлбарлаж буй. Үүнийг цөмийн дайн дэгдэх аюулыг л ихэсгэлээ хэмээн шинжээчид онцлон тэмдэглэснийг Японы “Майничи” сонин уламжилсан байна. Цөмийн хүчин чадлыг хязгаарлах тухай хэлэлцээр ар араасаа цуцлагдах боллоо. Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид хорогдуулах талаарх Орос, Америкийн хооронд байгуулсан гэрээ л өдгөө үлджээ. Гэхдээ хэрэгжих хугацаа нь дуусахад ердөө ганц жил үлдсэн. Ирэх сарын эцсээр Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг дахин хэлэлцэж эхлэхээр төлөвлөж байна. Ийм эгзэгтэй үед цөмийн зэвсгийн шинэ өрсөлдөөн эхлүүлж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол улам газар авах болов.
АНУ ЗЭВСЭГЛЭЛДЭЭ БАГА ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦӨМИЙН ЗЭВСЭГ АВЛАА
Атлантын болон Номхон далайд байрлалтай, атомын шумбагч онгоцнуудаа бага хүчин чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий шумбагч онгоцны баллистик пуужинтай болгов. “Үүний зорилго нь тогтоон барих хүчээ зузаатгахад оршиж байна” гэж АНУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Жон Руд өнгөрсөн сарын 4-нд тайлбарлажээ. Цөмийн бага хүчин чадалтай зэвсэг хэрэглэсэн цэргийн сургуулилалт хийсээр байгаа Оросын үйлдлийг тэрбээр тайлбарлахдаа “Цөмийн зэвсгийн хязгаарлагдмал хэрэглээ нь цэргийн давуу тал болохгүй” хэмээн мэдэгдэв.
Атомын энергийн мэргэжилтнүүд ажилладаг судалгааны төв болох Америкийн эрдэмдийн холбооноос мэдэгдсэнээр бага хүчин чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий шумбагч онгоцны баллистик пуужин дэлбэрэлтийн хүч нь 90 болон 455 килотонн гэсэн хоёр төрлийн цөмийн цэнэгт хошуутай бол шинийнх нь таван килотонноор хэмжигдэнэ. Тэдгээр нь хүчин чадлын хувьд Хирошима болон Нагасакид хаясан бөмбөгнүүдээс (15-20 килотонн) бага хэдий ч одоо байгаа ердийн бөмбөгнүүдийн хамгийн томоос 500 дахин хүчтэй. Хэрэв тэдгээрийг хотын дүүргүүдэд халдахад ашиглавал хэдэн мянган хүн амиа алдана. Бага хүчтэй цөмийн зэвсэг байрлуулахаа 2018 онд танилцуулсан цөмийн зэвсгийн тоо, бүрэлдэхүүний тоймын дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлын хоёр дахь жилдээ зарласан. Ердийн цөмийн цэнэгт хошуунд устөрөгчийн бөмбөг ашигладаг. Гэхдээ цэнэгийнх нь хүчийг багасгасан устөрөгчийн бөмбөгт дэлбэлэгчээр ашигладаг атомын бөмбөгний нэг хэсгийг л хэвээр үлдээжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар баллистик пуужингуудтай атомын шумбагч онгоцонд бага хүчин чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий шумбагч онгоцны баллистик 20 пуужингийн нэг, эсвэл хоёрыг жижиг цэнэгт хошуугаар сольсон байна. Тэрчлэн АНУ бага хүчин чадалтай зэвсгийн практик хэрэглээнд чиглэсэн бүтэц байгуулж эхэлжээ. Хоёрдугаар сарын дундуур буюу тийм зэвсэг байрлуулсны дараахан АНУ сургуулилалт хийсэн нь ОХУ Европын фронтод цөмийн халдлага хийвэл бага хүчин чадалтай цөмийн зэвсгээр хариу цохилт өгөх бэлтгэл байсан юм.
АНУ-ын армид нисэх хүчинд зориулсан, бага хүчин чадалтай цөмийн 800 орчим нэгж зэвсэг бий учраас шинэ хэрэггүй гэж зарим шинжээч үзэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жорж Шульц 2018 оны нэгдүгээр сард “Хэрэв та бага хүчин чадалтай цөмийн зэвсэг ашигладаг бол илүү томыг хүсэх болно” гэж мэдэгджээ. Бага хүчин чадалтай цөмийн пуужин ашигласан цөмийн хязгаарлагдмал дайн өргөн хүрээг хамарч, өргөжиж болзошгүйг тэрбээр онцолсон аж. Халдлагад өртсөн талд бага, эсвэл их чадалтай пуужингийн аль нь туссаныг мэдэхгүй учир хариу цохилтод томыг нь ашиглахаар сонгоно гэж олон шинжээч тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхий
лөгч Д.Трамп 2016 онд цөмийн зэвсгийн мэргэжилтнүүдээс “Цөмийн зэвсэг байдаг юм бол яагаад ашигладаггүй юм бэ?” хэмээн асуужээ. Тэрчлэн Америкийн цөмийн хүчийг тэрбээр удаа дараа онцлон тэмдэглэсэн. Цөмийн зэвсгийг ёс зүйд нийцэхгүй гэж үздэг, АНУ-ын Төрийн тэргүүн Рональд Рейган болон бусад Ерөнхийлөгчөөс Д.Трампын үзэл бодол өөр.
ОХУ ШИНЭ ЗЭВСГИЙГ ЭРЧИМТЭЙ БҮТЭЭЖ БАЙНА
Ердийн зэвсэглэлээр Европ, АНУ-ын дараа ордог ОХУ цөмийн зэвсгийн халдлагын хариуд цохилт өгөх бодлого баримталдаг бөгөөд бага хүчин чадалтай цөмийн 2000 орчим нэгж зэвсэгтэй. Ийм зэвсэг тараан байрлуулж буй АНУ-д ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков эсэргүүцлээ илэрхийлэхдээ “Цөмийн дайнд ялах боломжтой хэмээн тусгасан үзэл баримтлалаа АНУ хэрэгжүүлж эхэлж байна” гэсэн ч ОХУ цөмийн хүчин чадлаа өргөжүүлж, өнгөрсөн оны эцсээр цөмийн “Авангард” пуужинг зэвсэглэлдээ авчээ. Тус улс 1997 оноос цөмийн хүчээ шинэчилж эхэлсэн аж. АНУ-ын БХЯ-ны ажилтан асан, Оросын тийм зэвсгийн талаар сайн мэдэх Марк Шнайдер ОХУ-д 20 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж буй тухай нэг ярилцлагадаа мэдэгдсэн байна. Үүний 90 хувь нь зорилгодоо хүрсэн хэмээн Кремль нотолдог аж. Дуунаас тав дахин их хурдтай (таван Мах) нисдэг зэвсэгт анхаарлаа хандуулж буй. Цөмийн, залуурт “Кинжал”, тэрчлэн “Авангард” пуужингаа боловсронгуй болгож байна. “Авангард” нь 20 гаруй Мах хурдтай төдийгүй баллистик бусад пуужингаас ялгаатай нь нислэгийн траекторыг өөрчилж болдог. Тиймээс эл зэвсэг нь АНУ-ын байрлуулж буй пуужингийн довтолгооноос хамгаалах системийг давна гэж таамагладаг. Мөн нисгэгчгүй шумбагч аппаратаас харвадаг “Посейдон” гэдэг цөмийн торпедо бүтээж байна. Энэ нь 1000 метрийн гүнд нэг цагт 180 орчим км хурд хийх чадалтай болох учир илрүүлэхэд хүндрэлтэй аж. Мегатонн (106 тонн) жинтэй торпедыг АНУ-ын эргээс харвахад хүчтэй цунами үүснэ. Үүнийг 2027 оноос зэвсэглэлд шилжүүлнэ гэж олон шинжээч үзэж байна.
САЙН ХЯЗГААРЛАЛТ БОЛОХ ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛСААР БУЙ
Энэ жил Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг хэрэгжүүлж эхэлсний 50 жилийн ой тохиож байна. Эл баримт бичгийн дагуу цөмийн зэвсэгтэй улсууд энэ төрлийн зэвсгээ хорогдуулдаг. Хэлэлцээний үр дүнгээс хамаараад Орос болон Америк хоорондын цөмийн зэвсэгтэй холбоотой хязгаар 50 жилийн дараа үгүй болж мэдэхээр байна.
Хүйтэн дайны үеэр буюу 1972 онд Москва болон Вашингтон стратегийн зэвсэглэлийг хязгаарлах тухай анхны гэрээнд гарын үсэг зурсан. Тэр цагаас хойш хоёр тал цөмийн хүчин чадлаа тогтоон барьж эхэлсэн юм. 2010 онд стратегийн цөмийн зэвсгийн тоог 1550 цэнэгт хошуу болгон хязгаарлахаар заасан, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид хоргодуулах талаар авах арга хэмжээний тухай гэрээ байгуулсан. Бас жилд 18 удаагийн шалгалт хийж байхаар тохиролцсон билээ. Бие биенийхээ үйл ажиллагааны талаар сайн мэдэх хоёр талд энэ нь хардлага ихсэх болон зэвсэглэлийн өрсөлдөөнөөс сэргийлж байв.
Өнгөрсөн оны наймдугаар сард Орос болон АНУ Ойрын болон дунд тусгалын пуужинг устгах тухай гэрээгээ хүчингүй болгосон. Москваг гэрээгээ зөрчиж байна хэмээн Вашингтон үзсэнтэй энэ нь холбоотой юм. Харин ОХУ уг гэрээний заалтуудыг биелүүлж буйгаа мэдэгджээ. “Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай хэлэлцээрийг бодвол Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, цаашид хорогдуулах талаар авах арга хэмжээний тухай гэрээ Орост ашигтай” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанд цөмийн хэлэлцээ хариуцдаг байсан, доктор Гэри Сеймор тайлбарласан байна.
Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид хорогдуулах талаар авах арга хэмжээний тухай гэрээний хугацаа ирэх жилийн хоёрдугаар сард дуусах ёстой. Америк, Оросын цэргийн хүрээнийхэн эл баримт бичгийн хугацааг сунгахыг дэмждэг аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч уг гэрээнд дахин гарын үсэг зурахыг удаа дараа уриалжээ. Ул суурьтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа тэрбээр хоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн байна. Гэвч Д.Трампын засаг захиргаа хүлээж аваагүй.
Гэрээний хугацаа дуусахаас нэг жилийн өмнө буюу өнгөрсөн сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт Чарльз О’Брайен мэдэгдэл хийхдээ ойрын хугацаанд Оростой хэлэлцээ хийж эхлэхээ мэдэгджээ. Гэвч хэлэлцээрийн хугацааг сунгах боломжгүй хэмээн Карнегиийн судалгааны төвийн ажилтан Жеймс Эктон хэлсэн байна. Америкийн мэргэжилтнүүдийн олонх нь ийм байр суурьтай буй аж. Оросын бага хүчин чадалтай цөмийн зэвсэг гэрээний хязгаарлалтад ордоггүй, мөн цэргийн хүчин чадлаа өргөжүүлсээр буй Хятадад үйлчилдэггүйд Д.Трампын засаг захиргаа дургүйцдэг. Тэд гурван талын хэлэлцээр байгуулах хэрэгтэй гэж үздэг юм.
Энэ нь ухаалаг шаардлага мэт харагддаг ч Америкийн тал өөрөө татгалзах боломжтой хэрнээ хэрэгжүүлэхэд бэрх санал тавьж буй гэнэ. Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс 2018 оны тавдугаар сард гарахдаа Д.Трампын засаг захиргаа бүх талыг хамарсан шинэ хэлэлцээрийн төлөө гарын үсэг зурахгүй гэсэн аж. “Ираны баллистик пуужин, террорист ажиллагаануудын тухай заалт байгаагүй” гэдгийг тэд тэмдэглэжээ.
Орос, АНУ-д тус бүр 6000 гаруй нэгж цөмийн зэвсэг бий. Тэдгээр нь дэлхийн тийм зэвсгийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан улсынхаа 300 нэгж зэвсгийн талаар үг хэлэхдээ “Цөмийн зэвсэгтэй том гүрнүүд зэвсгээ эрс цөөрүүлэх, бусад улс оролцох боломжтой нөхцөл байдал бүрдүүлэх хэрэгтэй. Цөмийн зэвсэг хорогдуулах талаар гурван талын ямар ч хэлэлцээнд бид оролцохгүй” хэмээн мэдэгдсэн байна.